Номын баяр: Хуучны ном 500 төгрөгөөс эхэлж байна | News.MN

Номын баяр: Хуучны ном 500 төгрөгөөс эхэлж байна

Номын баяр: Хуучны ном 500 төгрөгөөс эхэлж байна

Номын баяр: Хуучны ном 500 төгрөгөөс эхэлж байна

Шинэ соргог номын тухай, авьяаслаг шинэ зохиолчийн тухай, шүлэг зохиолын тухай, уран бүтээлчдийн амьдралын тухай бусдаас илүүг мэдэж, түүнийгээ бие биедээ бахархан ярьдаг “номын хэнээтэн” их ээ гэж Вл.Солоухин хэлсэн байдаг. Тэд шинэ ном хэвлэгдэн гарахыг хүлээн номын дэлгүүрүүдээр зочлох нь олонтой ч жил бүрийн өдийд үүцээ задлах Сүх жанжны талбай дахь номын өдөрлөгийг харуулдан, бүтэн жил унших номоо базаах нь түүнээс илүү олонтой болжээ. “Номын соёлт ертөнц” ТББ, “Монголын зохиолчдын эвлэл” 90 жилийн ойн баяраа угтан “Үндэсний номын баярын өдөрлөг”-ийг найм дахь удаагаа зохион байгуулж байна. Энэ жил их зохиолч Ц.Дамдинсүрэнгийн мэндэлсний 110, Э.Оюун,  Ш.Нацагдорж нарын мэндэлсний 100, Д.Содномдорж, Б.Нямаа нарын мэндэлсний 90 жилийн ойн баяр тус тус тохиож байгаагаараа онцлог аж.

Монголын зохиолчдын эвлэлийн 1300 гаруй гишүүн зохиолчдын уран бүтээлийг эндээс худалдан авах боломжтой. Үнийн тухайд дэлгүүрийн бус эрхлэн гаргагчдынхаа үнээр худалдаалагдаж байна. Эртний ховор нандин бүтээлүүд хүртэл ердөө 500-6000 төгрөгөөр зарагдаж байгааг дуулгая.

Өдөрлөгийн үеэр энэ цагийн “акулууд” өөрсдийн бүтээлээ танилцуулахын зэрэгцээ шинэ зохиолчид, шинэ хэвлэлийн газрууд, номын дэлгүүр нэмэгдсэн харагдаж байлаа.

Номын баярт оролцогчид болон зохион байгуулагчдын сэтгэгдлийг сонслоо.  

СОЁЛ УРЛАГИЙН ГАЗРЫН ДАРГА Ц.ЭРДЭНЭБАТ:

-Нийгмийг соён гэгээрүүлэх ажил нэг өдрөөр бус сараар, 365 хоногоор давалгаалж байгаасай. Номын өдөрлөгийг зөвхөн нийслэлд бус 21 аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөгөө гарган ажиллаж байна. Ном дор дэмжлэг үзүүлдэг төрийн бус байгууллагуудын тоо жилээс жилд нэмэгджээ. Энд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа ТББ-ынхандаа талархлаа илэрхийлье.

ЗОХИОЛЧ А.ЦЭРЭНЧУЛУУН:

-Би аялал жуулчлалыг сонирхдог, герман хэлтэй. Би Монгол орныхоо тухай, үзэсгэлэнт газруудын тухай ном бичдэг. Жуулчид байгалийн үзэсгэлэнт газар, соёлын дурсгалт зүйл, өнөөгийн нүүдэлчид хэрхэн амьдарч байгаа вэ гэсэн гурван зүйлийг түлхүү сонирхдог ч нэгдсэн ойлголт өгөх хэвлэмэл дутмаг. Тиймээс хэд, хэдэн ном бичсэн. “Миний аялах дуртай газар Монгол улс” номонд маань аялал жуулчлалын маршрут, 21 аймгийн тухай гээд Монголын тухай мэдүүштэй зүйлс багтсан. Мөн 4 дэх удаагаа шинэчлэн хэвлэсэн “Улаанбаатар хотын тойрон аялал”, “Аяны богцноос” зэрэг нэртэй Монгол болон Герман хэл дээр 30-аад ном хэвлүүлсэн.

ЗОХИОЛЧ Э.АМАРЗАЯА:

-2010 онд анхныхаа бүтээлийг гаргаснаас хойш өнөөдөр уран зохиолын чиглэлээр цуврал 10 ном хэвлүүлсэн. Үүнээс гадна хүүхдийн уран зохиолын судалгааны хоёр номыг хэвлүүлсэн. Зохиол маань өөрөө хүүхдийн, яруу найргийн, орчуулагч, романтик гэх мэт олон төрөлтэй. Би хүүхдийн уран зохиолд маш их дуртай. Хүүхдийн уран зохиол нь тэдний сэтгэлгээнд тохируулж сонирхлыг нь өдөөх, сургахад чиглүүлэх үүрэгтэй. Номоороо дамжуулж, хүн өөрийгөө нээх, өөрийгөө таних мэдэх эхлэлийг тавихыг хичээдэг. Хүүхдийн зохиол бичихэд амаргүй.

Ердөө хоёрхон өдөр зохион байгуулагдах тус өдөрлөгт номын хорхойтон, уншигч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урих байна.

С.БАЯРМАА

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-09-14 203.91.114.244

хуучин ном зардаг хүмүүс ангилж болдоггүй юм байх даа. Нүд эрээлжлэм замбараагүй их ном. Ангилбал сонголт хийхэд амар баймаар юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж