Хятадын Huawei компанийн гүйцэтгэх захирал Ричард Юү Германы Die Welt сонинд өгсөн ярилцлагадаа энэ онд багтаж нугалардаг дэлгэцтэй утас худалдаанд гаргахаар ажиллаж байгаа хэмээн дурджээ. Энэ сарын эхээр Huawei компанийн томоохон өрсөлдөгч Samsung компани нугалардаг дэлгэцтэй утас гаргах цаг нь болсон тухайгаа мэдэгдэж байлаа.
Нэгэн шинжээч нугалардаг дэлгэцтэй гар утасны зах зээлийн хандалт үнэхээр тодорхойгүй хэмээжээ. Die Welt сонины сэтгүүлчийн удахгүй гарах шинэ нээлтүүдийн тухай асуусан асуултанд ноён Юү хариулахдаа “Та яагаад одоо болтол компьютер хэрэглээд байна вэ. Учир нь ухаалаг утас тань жижиг дэлгэцтэй болохоор байх тийм үү. Бид удахгүй энэ асуудлыг шийдвэрлэнэ. Та утасныхаа дэлгэцийг нугалж болдог болно гэж ойлгож болно. Манай компани маш олон шинэ технологийг туршиж байгаа. Энэ онд багтаж нугалардаг дэлгэцтэй ухаалаг утас худалдаанд гарах болно” хэмээн хариулсан байна.
Зах зээлийн судалгааны Каналис компанийн шинжээч Бэн Стантон “Уян дэлгэцтэй гар утас худалдаанд гарахад тун ойрхон байна. Гэвч ноён Юүгийн хэлснээр компьютерийг орлох уян дэлгэцтэй ухаалаг гар утас олон хэрэглэгчдийг татна гэдэгт итгэлгүй байна. Дээрх компаниуд уян дэлгэцтэй гар утас бүтээснээр тэд хэрхэн шинэ технологийг хурдан нэвтрүүлж байна вэ гэдэг нь харагдана. Харин худалдан авагчдад эрэг боолт илүү чухал гэдэг нь удахгүй мэдэгдэнэ” гэжээ.
Н.АМГАЛАНТУУЛ
ЭХ СУРВАЛЖ: BBC
Холбоотой мэдээ