Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ энэ оны эхний найман сарын байдлаар 5.8 их наяд төгрөг, зарлага, эргэн төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 5.4 их наяд төгрөгт хүрчээ. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2017 оны эхний найман сард 577.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч байсан бол одоо 410.8 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.
Улсын нэгдсэн төсвийн орлогын 80 хувийг татварын орлого, 10.4 хувийг татварын бус орлого, 6.9 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 2.7 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж байна. Харин зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт дүнд урсгал зардал 83.9 хувь, хөрөнгийн зардал 12.3 хувь, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл 3.8 хувийг эзэлж байна.
Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2018 оны эхний найман сард 5.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 361.5 тэрбум төгрөгөөр өсөхөд урсгал зардал 271.8 тэрбум төгрөг, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл 81.0 тэрбум төгрөг, хөрөнгийн зардал 8.7 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.
Т.НОМИН
Холбоотой мэдээ