Гишүүний бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн Д.Гантулгыг шүүх хурлаас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргав. Ямар ч байсан шүүх энэ хэргийг яаж шийдэхийг олон нийт харж байгаа, хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцаагдлаа гээд асуудал мартагдахгүй юм. Хүчингийн хэрэгт холбогдож, нэг нэрээ хоёр хочтой болгосон Д.Гантулгын хувьд энгийн иргэн болоод гурван сар болж, түүний сонгогчид төрд төлөөлөх хүнгүй болоод 90 хонож байна. Түүний асуудал Хэнтийн 42 дугаар тойргийн 17 мянган сонгогчийг бүтэн жил төрд төлөөлөлгүй явуулж магадгүйд хүргэсэн, хэрэвзээ Цэцийн шийдвэрийг УИХ хүлээж авсан ч аваагүй аль аль тохиолдолд юм.
Энэ намар хоёр аймаг дөрвөн сум, дүүрэгт нөхөн болон дахин сонгууль явуулахаар болсныг СЕХ-ны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн хэлэхдээ Хэнтийн 42-р тойргийн асуудал УИХ-аас гарах шийдвэрийг хүлээж байгааг онцолжээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн Цэц зөвхөн Хэнтийн 42 дугаар тойрогт акцент өгсөн бололтой.
Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаас “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай Улсын Их Хурлын 62 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна” гэсэн шийдвэрийг наймдугаар сард гаргасан. Энэ шийдвэрийг хамгийн их эсэргүүцэж байгаа нам бол МАХН. Тус намынхан хэвлэлийн бага хурал хийж “Цэцэд өргөдөл гаргасан төрийн албан хаагч бол МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн жолоочийнх нь хадам ээж” гэсэн мэдээлэл хийсэн. Тийм ч биз, үгүй ч биз.
Гэхдээ Цэц иргэний эрхээс илүү эрх баригчид, эрх ашигт үйлчилсэн нь бол худлаа биш юм. Уг нь Үндсэн хуулийг манаж байгаагийнхаа хувьд хүн сонгох, сонгох эрхтэй гэж заасан иргэний эрхэд Цэц халдах ёсгүй байсан юм. Хэрэвзээ манаж яваа хуульдаа үнэнч байдаг бол шүү дээ.
Намрын чуулган аравдугаар сарын 1-нд нээлтээ хийх бөгөөд Цэцийн шийдвэрийг УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Гэтэл хуульд зааснаар бол аравдугаар сарын 7-нд нөхөн сонгуулийг явуулах учиртай. Тиймээс үүнээс өмнө УИХ цэцийн шийдвэрийг хэлэлцэх хэрэгтэй болно. Хэлэлцлээ гэхэд сонгуулийн бэлтгэл ажил зогссон гээд шалтаг шалтгаануудыг нь тоочих юм бол Хэнтийн 42 дугаар тойрогт лав л энэ намар сонгууль болохгүй, Н.Энхбаярын бүтэн жилийн усалгаа ч “ургац”-гүй үлдэх нь нэн тодорхой болсон..
МАН-ын хувьд нэг удаадаа асуудлаас бултаж чадлаа гэхэд ирэх хавар энэ асуудалтай дахин нүүр тулах нь тодорхой. Нэг жилийн дараа У.Хүрэлсүхийн рейтинг өнөөдрийнхөөс өснө гэж тооцох боломжгүй. Тэгэхээр цэцийн шийдвэр МАН-д нэмэр биш гай болж болзошгүй юм. Иргэн Д.Гантулгатай холбоотой хэрэг сөхөгдөх бүрт экс гишүүн гэх тодотгол нь өмнө нь дагалдана, экс гишүүний нэр гарах бүрд эрх баригчдын нэр давхар хөндөгдөнө.
Иймээс л Цэцийн шийдэл ганц Н.Энхбаярт биш У.Хүрэлсүхэд ч мөн ашиггүй. Нөхөн сонгуулийг бүтэн жил хойшлуулснаар экс гишүүн Д.Гантулгын тарьсан дуулиан мартагдана, эрх баригчдын рейтинг өснө гэж үү. Хэнтийн 42 дугаар тойргийн асуудал босох бүрт экс гишүүний эвгүй хэрэг сөхөгдөнө, сэвэгдэнэ.
Ийм учраас магтан матна гэгчээр Үндсэн хуулийн цэц МАН-д туслах биш харин ч хорлочихсон юм биш үү.
Холбоотой мэдээ