Хотын төвдөө "жорлонтой" нийслэл

Хуучирсан мэдээ: 2018.09.14-нд нийтлэгдсэн

Хотын төвдөө "жорлонтой" нийслэл

Хотын төвдөө "жорлонтой" нийслэл

Чингэлтэй дүүргийн VI хороо, Баянбүрдийн тойргийн хажууд бохир ус хийх нэгэн цооног байдаг юм. Уг цооногтой холбоотой олон асуудал дулааны улиралд илүү хурцаар тавигддаг билээ. Сэрүүсч байгаа энэ үед тус асуудал ямар байгааг сурвалжиллаа.

Биднийг очих үед бохир соруулдаг гурван машин тус цооног дээр ирж, бохироо шахаж байгаа харагдав. Цооногт ойртох үед тэвчихийн аргагүй бохир үнэр хамар цоргив. Харин жолооч нар үүнийг ойшоосон шинжгүй, ажлаа хийсээр байлаа. Тус цооног ардаа хоёр цорготой юм байна. Энэ хоёр цооногт жолооч нар өөрийн машины хоолойг холбон бохир шахаж байлаа.

БОХИРЫН ЦООНОГ АШИГЛАСНЫ ТАТВАР ГЭЖ ТӨЛДӨГ

Жолооч нараас өдөрт хэдэн удаа рейс хийдэг, нэг айл, байгууллагын бохирыг хэдэн төгрөгөөр соруулдаг зэрэг зүйлийг тодрууллаа. Нэгэн жолооч “Би бохир соруулах хувийн компанид жолоочоор ажилладаг юм. Манай машин 15 тоннын багтаамжтай. Өдөрт гурваас олон удаа рейс хийж байна. Цэцэрлэг, сургууль, байгууллага, айлд дуудлагаар очиж бохирыг нь соруулдаг. Нэг рейсийг 100 мянган төгрөгөөр хийдэг. Айлын бохирыг  ч мөн адил их бага гэж ялгалгүйгээр нэг удаагийнхыг 100 мянган төгрөгөөр тохирдог. Тохирохдоо тухайн хүнийг 00-руугаа мод шидээд үз гэдэг. Ингээд зоогдож байвал соруулна. Манайхаас бага багтаамжтай машин нь нэг айлын бохирыг 40 мянгаас дээш төгрөгөөр  соруулдаг. Халуун усны газар ч юм уу арай шингэн бохиртой газар үүнээс арай бага үнээр бохироо соруулах гээд байдаг юм. Гэхдээ энэ нь боломжгүй зүйл л дээ. Дуудлага өгсөн газрын ойролцоо ийм цооног байхгүй бол бүр хол явах шаардлага тулгарна шүү дээ. Бас миний ойлгосноор ийм үйл ажиллагаа явуулж буй газрууд Ус сувгийн удирдах газарт цооног ашигласны татвар гэж төлдөг юм билээ. Ойролцоогоор сард 400-гаад мянган төгрөгийн татвар төлдөг байх. Барагцаагаар Улаанбаатарт ийм үйлчилгээд явж байгаа 200-гаад машин байдаг байх. Нэг компани нь хэд хэдэн машинтай байгаа шүү дээ” гэлээ.

ЦООНОГИЙГ ХААХ ЮМ БОЛ ЧИНГЭЛТЭЙ, СҮХБААТАР ДҮҮРЭГ БОХИРТОО ЖИВНЭ

Нийслэлд ийм зориулалтай хэчнээн цооног байдгийг лавлахад түүний хажууд байсан жолооч “Үүнийг хаалгах гээд байгаа юм уу. Ингэж болохгүй шүү дээ. Хэрэв тэгэх юм бол Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг бохиртоо живнэ. Яагаад гэвэл, энд ирэхэд ойролцоогоор 40-50 орчим минут болдог. Үүнийг хаавал Дүнжингарав эсвэл Сонсголон руу явах шаардлага тулгарч нэг талдаа 2-3 цаг явна. Чингэлтэй дүүргээс нэг рейсийг 50 орчим мянган төгрөгөөр хийдэг байсан бол 150 мянган төгрөг болно. Дүнжингарав, Гурвалжин, Сонсголон, Цэргийн хотхон зэрэг зургаан газарт ийм цооног байдаг байх” гэлээ.

Дотор муухай оргитол үнэртэх энэ үнэрийг арилгах ямар арга хэмжээ авдгийг асуухад “Ус сувгийн удирдах газар энд ариутгал халдваргүйжүүлэх бодис байнга цацдаг. Бас үнэрийг нь саармагжуулах үүднээс хоолой байрлуулсан байсан” гэв.

Бохир үнэрт хэдэн хором зогсоход  толгой өвдөж байлаа. Байнга бас илүү ойр ажиллаж байгаа хүний хувцас, биед нэвт шингэмээр энэ үнэрийг хэрхэн арилгаж, гэртээ ордгийг нь лавлахад “Эхэндээ энэ ажил хэцүү л санагддаг байлаа. Одоо бараг дасаж дээ. Орой пиндээ хувцсаа солиод, нүүр гараа сайн угаагаад л гэртээ ордог доо. Гэр хороололд амьдардаг болохоор өдөр бүр усанд орох боломж гардаггүй юм” гэж байлаа.

ХОТЫН ТӨВДӨӨ БОХИР ХИЙХ ЦООНОГТОЙ БАЙХ НЬ ЗОХИМЖГҮЙ, ХААХ ХЭРЭГТЭЙ

Бохир хийх цооногийн ойролцоо оршин суудаг иргэн, үйл ажиллагаа эрхэлдэг газрынханд үнэр хэрхэн нөлөөлдгийг иргэдээс лавлав. Иргэд зураг авахыг зөвшөөрөөгүй бөгөөд “Зуны улиралд цонх онгойлгож огт болдоггүй. Энэ цагаан юмны хажууд машин ирэх л юм бол тэсэхийн аргагүй өмхий үнэртэнэ. Ер нь эндээс бохирын машин тасардаггүй юм. Хотын төвдөө бохир хийх цооногтой байж болохгүй, хаах хэрэгтэй” гэж байлаа.

ХААСАН Ч ХУЛГАЙГААР БОХИРОО ХИЙГЭЭД БАЙДАГ

Ус сувгийн удирдах газраас бохир соруулах үйлчилгээ үзүүлдэг хэдэн аж ахуйн нэгж байдаг, тэд сард хэдэн төгрөг төлдөг, бохир хийх хэдэн цооног байдаг зэргийг тодруулахад “Бохир хийх зургаан цооног байдаг. Манайхтай бохир соруулах 28 аж ахуйн нэгж хамтран ажилладаг. Сард 350 мянган төгрөгийн татвар төлдөг” гэлээ. Мөн хотын төвд байгаа цооногийг хааж болдоггүй юм уу гэж асуухад “Хаасан ч хулгайгаар бохироо хийгээд байдаг юм” гэсэн хариу өгөв.

Хотын төвд байрлах бохир хийх цооногийг хаасан ч аж ахуйн нэгжүүд түүнд хулгайгаар бохироо шахаж, нийслэлийн төв хэсэгт бохир үнэртсээр байх нь ээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж