Компаниудын тушаах алтны хэмжээ буурч, эсрэгээрээ иргэдийнх өссөн
Монголбанк энэ оны эхний найман сарын байдлаар 12.2 тонн алт худалдан аваад байна. Улсын гадаад валютын албан нөөцийг жилд 700 орчим сая ам.доллараар зузаалж байгаа нь “Шар металл”-ын салбар дахь гялтайх амжилтын нэг. Тэгвэл үүнийг 2020 он гэхэд нэг тэрбум ам.долларт хүргэхээр “Алт-2” хөтөлбөрт тусгачихсан. Энэ зорилтыг биелүүлэхэд ердөө жил гаруйн хугацаа үлдсэн байна. Алтны роялтийг 2.5 хувь болгон бууруулж, алт цэвэршүүлэх, экспортлох үйл явцыг зөвхөн Монголбанкаар дамжуулахаар ашигт малтмалын тухай хуульд 2014 онд зааж өгсөн. Ингэснээр жилд нэг тэрбум ам.доллараар Монгол Улс Эрдэнэсийн сангаа арвижуулахаар тооцсон юм. Гэвч боломж олгосон хуулийн хүчинтэй хугацаа энэ оноор дуусгавар болж байна. Харин хөтөлбөрийн хэрэгжилт ид дундаа явна. Хууль хэрэгжсэн өнгөрсөн таван жилийн хугацаанд төв банкинд иргэд, аж ахуйн нэгж алтаа тушаах нь 4-5 дахин нэмэгдсэн. Харин ирэх онд алтны тушаалт буурч магадгүй гэсэн “айдас” байна. Ийм болгоомжлол хуулийн үйлчлэлээс үүдсэн хэрэг. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан цагаас хойш алтны тушаалт жил тутам нэмэгдэж, 2017 онд 20 тонныг давсан бол энэ онд 22 тонныг Төв банк худалдан авахаар төсөөлж байна.
Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн уналтыг тогтоон барихад алт тушаалт гол үүрэг гүйцэтгэсэн хэвээр. Гэхдээ энэ бүхэн өөрийн гэсэн тодорхой цаг нартай. Хуулийн хүчинтэй хугацаа ирэх оны нэгдүгээр сарын 1-нээр дуусгавар болж байгаа. Өөрөөр хэлбэл, боломж олгосон хуулийн заалт гурван сарын дараа гэхэд эрх зүйн чадамжгүй болох юм. Энэ үед алтны салбарынхан хуучнаа давтах уу эсвэл одоогийн өөрчлөлтөө хадгалж үлдэх үү гэсэн сонголттой нүүр тулахаар байна. Урьд нь алтны хууль бус худалдаа газар авч, хил гаалиар алт хулгайгаар гаргах гээд баригдлаа гэсэн мэдээлэл түгээмэл байв. Илрүүлж чадалгүй хэчнээн тонныг гадагшаа алдсаныг гэрчлэх нарийн тоо, баримт ч алга. Алтны салбарт дэмжлэг болоод зогсохгүй эдийн засгийн өнөөгийн сэргэлтэд үр дүнгээ өгсөн хуулийн өөрчлөлтөд алтны компаниуд болон бичил уурхайчид ам сайтай байгаа. Харин 2019 оноос татварын хувьд тэс өөр орчин тэднийг хүлээж байна. Уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон Монголбанкны зүгээс хуулийн үйлчлэх хугацааг сунгахаар санал солилцсон. Энэ хүрээнд хамтарсан ажлын хэсэг байгуулж, ирэх намрын чуулганаар ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хувилбар өдийд яригдаж байна.
Нөгөө талаасаа алтны тушаалт жил дараалан нэмэгдсэн боловч компаниудын тушаах алтны хэмжээ буурч, эсрэгээрээ иргэдийнх өссөн билээ. Эдгээрээс гадна алтны татварын орлого 2013 оноос хойш тасралтгүй буурч, 2017 онд 49 тэрбум төгрөг төсөвт төвлөрсөн. Аж ахуйн нэгжүүд олборлосон алтаа нэмэгдэл татвар төлөхгүй байх үүднээс иргэний нэр дээр тушаах нь олширсон. Боломж олгосон хуулийн “цоорхой”-г цэгцлэх шаардлага өдгөө тулгарч байна. Өнөөдөр алтны 600 гаруй ашиглалтын тусгай зөвшөөрөл байгаагаас 169 нь эдийн засгийн эргэлтэд оржээ. Шороон ордын нөөц багасч, үндсэн ордыг ашиглах талаар сүүлийн үед эрчимтэй ярьж байна. Алтны салбарт өрнөж байгаа өөр нэг үйл явдал бол цэвэршүүлэх үйлдвэр. Жилд 30 тонн алт цэвэршүүлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулахаар судалгааны ажил эхэлсэн. Үйлдвэрийн барилгын ажлыг 2019 оноос эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм. Хэрэв татвараас болоод алтны олборлолт болон тушаалт багаслаа гэхэд цэвэршүүлэх үйлдвэр сул зогсох аюул бий. “Алтны роялтиг 2.5 хувь болгосноор ид цэцэглэж байсан далд эдийн засаг хумигдсан” гэж Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооныхон үзэж байна.
- Алтны роялтийг 2.5 хувь болгон бууруулж, алт цэвэршүүлэх, экспортлох үйл явцыг зөвхөн Монголбанкаар дамжуулахаар Ашигт малтмалын тухай хуульд 2014 онд зааж өгсөн.
- 2017 онд алтны тушаалт 20 тонныг давсан бол энэ онд 22 тонныг төв банк худалдан авахаар төсөөлж байна.
- “Алтны роялтиг 2.5 хувь болгосноор ид цэцэглэж байсан далд эдийн засаг хумигдсан” гэж Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооныхон үзэж байна.
Тэд алтны 2.5 хувийн роялтиг хэвээр үлдээж, “Алт-2” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажиллах шаардлагатай байгааг учирлаж байгаа юм. Эргэн сануулахад, 2005 онд Монголбанкинд тушаасан алтны хэмжээ дээд цэгтээ хүрсэн ч 2006 оноос буурсан нь гэнэтийн ашгийн 68 хувийн татвар үйлчилж эхэлсэнтэй холбоотой. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр иргэд, аж ахуйн нэгжүүд алтаа Монголбанкинд тушаахаа больж, хууль бусаар хил давуулан борлуулдаг болсон. Мөн “Урт нэртэй” хууль үйлчилж эхэлснээс хойш алтны салбарт хөл хорио бас тогтсон юм. шинжээчдийн дүгнэж байгаагаар, олон улсад алт олборлолт 2019 он гэхэд сүүлийн 10 жилийн доод цэгтээ хүрнэ гэж таамаглажээ. Харин Монголд ойрын хоёр жилийн хугацаанд алтны олборлолт нэмэгдэх хүлээлттэй байгаа юм. Гэхдээ алтны роялтиг хэвээр үлдээх эсэхээс “Алт -2” хөтөлбөрийн үр дүн шалтгаалах нь.
Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ
Холбоотой мэдээ