УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа Монгол Улсын 2015 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг багц төслүүдийг хэлэлцжээ. Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж сэтгүүлчдэд мэдээлэл хийж, дараах асуултад хариулт өглөө.
-2015 оны төсвийн тодотгол нь эдийн засгийн хүндрэлтэй нийцэж чадаж байгаа юу. Засгийн газар өрийн босгыг нэмэгдүүлэхээр төсвийн тодотголыг өргөн мэдүүлсэн гэж гишүүд шүүмжилж байна?
-Адууныхаа хэрээр исгэрнэ гэдэг шиг тэр хүрээнд эдийн засгийн хүндрэлтэй байдалд тааруулж, төсөв оруулж ирсэн. Өрийн таазыг өндөрсгөсөн асуудал байхгүй. Өрийн таазыг өсгөхөд өөрийн хуультай, УИХ-ын гишүүдийн гуравны хоёроор баталж байж хөдөлгөх ёстой. Шийдлийн Засгийн газрыг байгуулахдаа намууд хооронд тохиролцсон тохиролцоо байгаа боловч энэ удаад өрийн таазыг нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газар УИХ-д тавиагүй.
Ер нь өр тавих асуудлыг намын бүлгээс юу гэж үзэж байгаа вэ гэвэл “Өмнөх шигээ бонд гаргаад өр тавиад, түүнийг нь Засгийн газар ч юм уу, тухайлсан яам дураараа мэдэж зарцуулдаг биш, тухайлсан бүсэд олгодог байх. Жишээ нь томоохон төсөл хэрэгжүүлье гэвэл тэр төслийг санхүүжүүлэх, хэрэгжүүлэх хугацаа нь тодорхой, түүнийг УИХ-аар батлуулсны дараа өр тавих, зээл авах бололцоо бүрддэг байх тухай ярилцсан.
-Р.Бурмаа сайд УИХ-ын гишүүнээсээ татгалзах хүсэлтээ илэрхийлсэн тухай ярьсан. Бүлэг энэ асуудлыг юу гэж үзэж байна вэ?
-Нэгдүгээрт, энэ нь бүлгийн асуудал биш, хоёрдугаарт хувь хүний асуудал, намын асуудал. Р.Бурмаа гишүүн энэ тухайгаа бүлгийн хурал дээр “Хэвлэл мэдээллээр ингэж мэдээлээд байна” гэсэн. Бүлгийн гишүүд түүнд “Хувь гишүүний байр сууриа илэрхийл” гэсэн саналыг хэлсэн.
-Хүүхдийн 20 мянган төгрөгийг тодорхой хэсэгт өгөхгүй тухай ярьж байна. Ямар шалгуураар өгөхгүй байх юм?
-Хүүхдийн мөнгийг нийт өрхийн 80 гаруй хувь авдаг, бусад хэсэг нь авдаггүй, сонирхдоггүй юм байна. Хүн, амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас хүүхдийн мөнгө авдаггүй өрхөд судалгаа хийхэд “Цаашдаа ч төрөөс ямар нэг халамж үйлчилгээ авахгүй” гэсэн байгаа. Тиймээс хүүхдийн мөнгө авдаг хэсэгт танахгүй өгье, харин хүүхдийн мөнгө авдаггүй хэсгийнхний мөнгийг хэмнэе гэсэн л юм ярьж гэж байгаа юм.
Судалгаагаар Монголын нийт өрхийн тоог гаргаад 20 категориос 15 хүртэлх категорид багтсанд хүүхдийн мөнгө олгоно гэсэн байна лээ. Энэ асуудлыг судалгаа хийсэн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас тодруулбал илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Хар үгээр илэрхийлбэл, өөрийн гэсэн бизнестэй, байртай, унаа машинтай хэсэгт Хүүхдийн мөнгө олгох шаардлагагүй гэж үзэж байгаа юм. Энэ тохиолдолд нийт өрхийн 65 хувь нь хүүхдийн мөнгөнд хамрагдана.
-Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь ажлаа өглөө. Орны хүнийг хэзээ томилох вэ?
-Манай намын дүрмээр ерөнхий нарийн бичгийн дарга өргөдлөө гаргасан нөхцөлд ажлаас нь чөлөөлдөг. Мөн намын дүрэмд зааснаар намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, намын даргын санал болгосноор ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийг томилдог. Тэгэхээр намын даргад бүрэн эрх нь байгаа гэсэн үг.
Ерөнхий нарийн бичгийн дарга өнөөдөр чөлөөлөгдсөн. Тэгэхээр намын дарга хэнийг ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулах вэ гэдгээ бодож ярилцаж эхэлсэн болов уу.
-Хэдий хугацаанд томилох ёстой байдаг вэ?
-Хугацаа байхгүй. Гэхдээ сонгуулийн өмнөх жил учраас намын ажлыг цалгардуулахгүй байхын тулд яаралтай үүрэг гүйцэтгэгчийг томилох байх. Хуваарийн дагуу намын Үндэсний зөвлөлдөх хороо ирэх гуравдугаар сард хуралдана. Тэр хурлаар ерөнхий нарийн бичгийн даргыг томилно.
Г.ДАРЬ