“Халуухан ээж”, “Дэггүй аав” монголчуудыг хүмүүжүүлэх үү?

Хуучирсан мэдээ: 2018.09.14-нд нийтлэгдсэн

“Халуухан ээж”, “Дэггүй аав” монголчуудыг хүмүүжүүлэх үү?

“Халуухан ээж”, “Дэггүй аав” монголчуудыг хүмүүжүүлэх үү?

Хятадын кино хаа нэг гарахаар гоё л доо. “Хуанжу Гэг” гэж кино монголчуудыг өөртөө соронз мэт татаж, 48 анги гарч дуусахад гэнэт Монголд байгаагаа санах мэт нэвчүүлж билээ. Киног дагаад гэгүүдийн гэзэгний гоёл хүртэл хар зах, хямд дэлгүүрүүдээр талх шиг л зарагдаж байв. Одоо эргээд харахад бараг хоёр ангид базаад багтаачихмаар л агуулгатай байж уу дээ. Тэгэхэд Хятадын кино ховор, хорионоос дөнгөж мултарсан болоод ч тэр үү амттай байв. Харин өнөөдөр урьд  хожид байгаагүй олон сувгаар зэрэг зэрэг Хятадын кинонууд асгаж байна. Нэг ангитайг нь ч тэгтлээ гаргахгүй юм. Солонгосын  сериалуудтай өрсөлдөөд байна уу, тэднээс уйдсан монголчуудын сэтгэлгээн дээр ашиг хийхээр азаа үзэх нь энэ үү гэхчлэн үзэгчид элдэв таамаг дэвшүүлж байх юм.

Зөвхөн сүүлийн үеийнхээс нь дурдвал “Халуухан ээж” гэдэг олон ангит кино хоёр ч суваг дээр гарлаа. Үзэгчид уйдсангүй. Эхлээд 18+ гэж бодсон байх, сэм үзээд, тэгснээ залуухан, халуухан, загвар, имижийн хувьд зоригтой эгдүүтэй бүсгүйн хөгжилтэй дүр төрхөнд татагдан сорогдох нь тэр. Хятад сериалын онцлог нь нийгмийн дундаж өрх, гэр бүлийн түвшинд үйл явдлаа аваачиж тавих юм. Ахуй, асуудал нь ч бидэнд байдаг л асуудал болохоор сэтгэлд ойрхон хүлээж аваад байх шиг.

“Халуухан ээж”-ийн араас “Дэггүй аав” ирэв. Яавал зуугийн талыг наслахдаа ийм бүтэлгүй байж, доогуур харж дорой дуугарч чадаж байнаа, гэтэл бухимдуулсан өвгөн, үе тэнгийн хэрнээ тэрүүхэндээ дээрэлхүү хижээл эмэгтэй…Хүүхдүүдийнхээ гэр бүлийн амьдралд хэтэрхий оролцож залхтал зааварлах энэ киноны оронд замын хөдөлгөөний дүрмийн хичээл заагаасай гэж бодмоор.

Хятад сериалын Монголчуудад өгөх гэсэн гол мессеж нь хятад залуус эцэг эхдээ энэрэлтэй, гэрлэхдээ баян хоосны ялгаа гаргахаа больсон, төрийн албан хаагчид нь шуналгүй, цаг наргүй ажиллаж эр эмгүй карьерын төлөө зүтгэсэн хүмүүс байж тэр хэрээрээ сайн сайхан амьдардаг гэдэг ойлголт төрүүлэхийн тулд л тэр олон ангийг хийгээд “наашаа” явуулаад байх шиг байгаа юм. Үүний цаад талд “Монголчууд ийм байвал хөгжинө” гэж заагаад ч байгаа юм шиг.

Үүний өмнө солонгос киноны давалгаа хүч түрэн орж ирээд одоо ч дуусаагүй байна. Европ, ялангуяа Оросын киноны уур амьсгалд хагас зуун жил нүдүүлчихсэн монголчуудад тэр айхтар ядуу байснаа “төдөн жилийн дараа” гэсэн бичиг гармагц гэнэт баяжчихдаг, цаг үргэлж хоол ярьж байдаг жигтэй соёл соньхон байлаа. Гэвч монголчуудын “түргэн дасан зохицдог” онцлог нэг л мэдэхэд “калбижим, котлет”, “пирожки ба кимбаб” онцын ялгаагүй мэт хоолны цэсэнд орж ирсэн. Хоолноос цааш юу харагдсан бэ. Нууц амрагийн буюу гэр бүлээс гадуурх харилцаа нь ёстой л классик төвшиндөө хүртэл хөгжсөн юм гээч. Андашгүй. Ядруу амьдралтай байхдаа эхнэрээ, нөхрөө хайрлаад л, амьдрах орон байр, ажлын карьер нь өөрчлөгдөөд л мөнгөлөг болоод ирмэгцээ нууц амрагийн паян нь дийлдэхгүй.

Нэгэн үе хамраас цус гараад л эдгэшгүй өвчнийг илэрхийлдэг байсан бол сүүлдээ генийн шинжилгээний хариу хулгайгаар өөрчлөх, хэрүүл маргаантай бичлэгээ утсан дээр сэм хадгалж түүгээрээ шантаажлах,  өс хонзонгийн адал явдал хүчээ авах болсон. Гэхдээ одоо юуг ч яаж ч үзүүлсэн солонгос сериалаас бол уйдаж эхэлсэн биз ээ гэж найдаж байна. Улс төрийн хар хор, Ерөнхийлөгчийнхөө арчаагүй гэнэн дүр төрхийг бүтээснээс бусад киног нь үзсэнийхээ маргааш л мартчихдаг нь Монголд киногоо ирүүлэхдээ арай л цатгалдуулаад, бохироор хэлбэл бөөлжихөөр хэмжээнд хүргэчхэж.

Харин одоо хятад киног л битгий тэгж пологтуулаасай. Эрхбиш хэдхэн км яваад нүдээр бодит амьдралыг нь үзчихдэг гэдгийг мэдэж л байдаг байгаа даа. Тагзны амьдралаа орхиж Бээжингийн хамгийн үнэтэй хороололд нүүж очиж амьдрахын хооронд хэр зайтайг монголчууд гадарлана. Балчирхан жаалыг автомашинаар мөргөхөд эвий гээд гүйлдэх хүмүүс биш гэдгийг ч мэднэ. Кино бол маш хүчтэй урлаг. Хэрэв одоо цагт кино урлаг массыг хамарсан мессеж мөн бол, ямар нэг үр дагавар орхидог бол үндэстнээ хайрлаж зөв үр тарихын тулд аль болох олон ангитай, хямд, сонирхолтой нэртэйг бус өнөөх л олон оронтой тоог цээжээр нэмж хасч, үржиж хуваагаад байдаг аргыг сурчихаар, ядаж л банш хурдан хийдэг, брэндтэй хэрхэн өрсөлддөг зэргийг харуулсан кино импортлох нь чухал болов уу.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж