Улирлын өмнө: Эдмонтон Ойлерс баг

Хуучирсан мэдээ: 2018.09.14-нд нийтлэгдсэн

Улирлын өмнө: Эдмонтон Ойлерс баг

Улирлын өмнө: Эдмонтон Ойлерс баг

Шайбтай хоккей сонирхогчдын хувьд Эдмонтон Ойлерс гэхэд шууд агуу У.Гретцки, М.Мессье нарын NHL-н домогт тоглогчид санаанд бууна. Харин энэ цаг үед К.МкДэвид хэмээх авъяаслаг Канад залуу шууд толгойд бууж байна. Залуу довтлогч К.МкДэвид сүүлийн хоёр улирал “Арт Росс Трофи” буюу улирлын онооны лидерийн шагналыг хүртэж мөн тооны Бүх-Оддын тоглолтонд оролцоод байна. Энэ нь К.МкДэвидийг ямар түвшний тоглогч болохыг харуулна. Энэ жил ердөө 21 настай К.МкДэвид аль хэдий нь А.Овечкин, С.Стэмкос, К.Перри, С.Кросби, П.Кейн, Ж.Бейн, Е.Малкин, К.Жиру, Р.Гетцлаф, Б.Бёрнс, Ш.Уэббер нарын зиндаанд хүрээд байна. Гэвч … Багийн спортын нэг онцлог бол хувийн амжилтаас илүүтэй багийн амжилт чухал. Иймд К.МкДэвидийн баг тогтмол плэй-оффт шалгарах хэрэгтэй. Эдмонтон Ойлерс баг 2005-2006 оноос хойш плэй-оффт шалгарч чадалгүй 10 жилийг үдсэн. Энэ үзүүлэлт бол багийн түүхэнд байгаагүй анти амжилт байсан. Харин К.МкДэвид 2015 оны драфтаар Эдмонтон Ойлерс багтай нэгдээд ердөө 2 дахь улиралдаа багаа плэй-оффт хүргэсэн. Гэвч өнгөрсөн улиралд дахиад л плэй-оффын гадна үлдлээ. Өнгөрсөн улиралд 36 хожил байгуулж 78 оноотой улирлыг өндөрлүүлсэн.

  • БАГААС ЯВСАН ТОГЛОГЧИД: хаалгач Л.Броссой Виннипег Жетс руу, хамгаалагч Э.Грюба Нью-Жерси Девилс руу, довтлогч Й.Овиту ТХЛ-н Сочи руу, довтлогч И.Пакаринен ТХЛ-н Металлург Магнитогорск руу, А.Слепышев ЦСКА Мосвка руу
  • БАГТ ИРСЭН ТОГЛОГЧИД: довтлогч К.Брозьяк Сент-Луис Блюсээс, довтлогч Т.Ридер, К.Гравел хоюулаа Лос-Анжелес Кингсээс, хамгаалагч Я.Ержабек Вашингтон Капиталсаас, хаалгач М.Коскинен ТХЛ-н СКА Санкт-Петербургээс

Орос залуу А.Слепышев Эдмонтон Ойлерс багт идээшилгүй байсаар нутаг буцлаа. Эдмонтон Ойлерс багт К.МкДэвид, Р.Нюжент-Хопкинс, Л.Драйзайтль нараас илүү байж онцгойрч чадахгүй бол байр сууриа хадгалж үлдэнэ гэдэг тун амаргүй. Орос жигүүрийн довтлогчид боломж ч бага байлаа, олдсон боломжоо ч сайн ашиглаж чадаагүй байсаар нутаг буцав. Харин бусад явсан тоглогчдын хувьд онцгойлоод байх зүйл байхгүй. Тэгвэл ирсэн тоглогчдоос онцлох тоглогч мөн л алга. К.Брозьяк, Т.Ридер нар дээд тал нь 30 оноо л авдаг тоглогчид юм. Магадгүй К.Брозьяк туршлагатай тоглогч гэж харж болно.

Ер нь Эдмонтон Ойлерс багийн түлхүүр тоглогчид бол драфтын сонголтууд юм. 2015 оны драфтын тэргүүн сонголт К.МкДэвидтэй 2017 оны зун найман жилийн 100 сая ам.долларын аварга том гэрээ байгуулсан. Энэ гэрээ бол NHL дэх энэ цаг үеийн хамгийн том гэрээ бөгөөд П.Кейн, Й.Тэйвз болон К.Прэйс нарын гэрээг давсан гэрээ юм. Жилдээ 12.5 сая ам.долларын цалинг Канад залуу авна. Түүний араас 2014 оны драфтын гуравдугаар сонголт Герман залуу Л.Драйзайтль, 2011 оны драфтын тэргүүн сонголт Р.Нюжент-Хопкинс нар багаас хамгийн өндөр цалинг авдаг. Эдмонтон Ойлерс багийн ирээдүй гэвэл ердөө л эдгээр залуус юм. Дээр нь нэмээд 2016 оны драфтын номер дөрөв Ж.Пульюярвиг мартаж болохгүй.

ТААМАГЛАЖ БУЙ ГАРААНЫ БҮРЭЛДЭХҮҮН:

I лайн:

Л.Драйзайтль – К.МкДэвид – Т.Рэтти

Д.Нюрсе – А.Ларссон

II лайн:

М.Лучич – Р.Ньюжент-Хопкинс – Э.Пульюярви

О.Клефбом – М.Беннин

III лайн:

Т.Ридер – Р.Строме – Д.Кажула

К.Руссель – А.Секера

Эдмонтон Ойлерс баг Л.Драйзайтль-К.МкДэвид гэсэн энэ цагийн үеийн шилдэг довтолгооны хослолыг бий болгоод байгаа. Довтолгооны энэхүү хослол С.Кросби-Е.Малкин, П.Кейн-Й.Тэйвз, С.Стэмкос-Н.Кучеров гэсэн хүчирхэг хослолуудтай эн зэрэгцэнэ. Довтолгоо бол үнэндээ асуудал алга. Харин гол асуудал нь арын шугам болж байна. Хаалгач боломжийн байгаа ч туршлагатай, ТОП зэрэглэлийн хамгаалагч дутагдаж байна гэж харж байгаа. Довтлогчид ажлаа хангалттай сайн гүйцэтгэж байгаа ч арын шугам найдваргүй байсаар. Үүнийг илтгэх нэг үзүүлэлт бол өнгөрсөн улиралд -29 гоолтой байгаа нь өмнөх оны гоолын зөрүү 64 байна. Хоёр жилийн өмнө плэй-оффт шалгардаг улиралдаа +35 гоолтой улирлыг өндөрлүүлж байсан. Ийм ч учраас энэ зун ирсэн тоглогчийн 2 нь хамгаалагч байна. Я.Гравел, Я.Ержабек нар Эдмонтон Ойлерс багийн хамгаалалтын хүчийг зузуутгаж ирээдүйд Пи.Кей.Сюббан, Б.Бёрнс, Д.Даути, В.Хэдмон, Э.Карлссон, К.Летанг нарын хэмжээний тоглолтыг үзүүлж хүндлэлийг авах нь цаг хугацааны асуудал юм. Ирэх улиралд хамгаалагч нар ажлаа сайн хийж чадвал плэй-оффт шалгарч чадна.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж