М.Базарсад: Би өөрийгөө бурхан гэж боддоггүй

Хуучирсан мэдээ: 2018.09.14-нд нийтлэгдсэн

М.Базарсад: Би өөрийгөө бурхан гэж боддоггүй

М.Базарсад

Дэлгэрэнгүй ярилцлагыг эндээс уншаарай -https://news.mn/r/2002113/?doing_wp_cron=1536886214.3425989151000976562500Бид зөвхөн дамжуулагч юм шүү 🙂

Posted by newPlus on Thursday, September 13, 2018

-Таны хадан дээр сууж буй зураг олны анхаарлыг хэсэг татаад намжлаа. Та энэ зургандаа тайлбар өгөөч?

-Наадмын өмнө болон дараа ган гачигтай олон аймгуудаар явсан. Ер нь бол жил бүр 40, 50 гаруй тахилгын урилга ирдэг. Үүнээс 20-30-д нь тахилга хийж амждаг. Хийсэн газарт нь бороо орж, дэлхий сэргэж, хүмүүсийн баяр талархлыг хүлээдэг юм. Харин энэ жил наадмаас хойш Хөвсгөлийн тайга, Архангай, Завхан, Ховдоор явж нэлээдгүй уул, ус тахилаа. Тэрний зарим нэг зургийг фэйсбүүк дээрээ тавьсан юм. 100 орчим зураг дунд хүмүүс мөргөл үйлдэж байгаа нэг зураг бий. Би нэг өндөр хадан дээр суучихсан байсан. Харин хүмүүс гал асаан, галдаа мөргөж байгаа хэрэг л дээ. Гол нь энэ үед би өндөр газраас удирдаж байгаа юм. Удирдуулсан хүмүүс галдаа мөргөж, галаасаа хишиг буян гуйж байгаа үеийн зураг юм. Гал гэдэг бол угаасаа ганц орны биш дэлхийн хүн төрөлхтний шүтээн. Хүн төрөлхтний шүтээнд хүнийг мөргүүлэхэд алдаа, дутагдал гэж байх ёсгүй. Энэ үйлд ард иргэдийг үймүүлэх юм уу ямар нэг эдийн засгийн залилан хийсэн хор хохиролтой зүйл байхгүй. Мэдээж хоол унд, идээ, ундаа гэх мэт өргөл барьц өргөж л байдаг. Энэ нь бурхны шашныг дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулж байгаа хутагт миний бүрэн эрхийн асуудал юм.

-Хутагт гэж ямар хүнийг хэлдэг юм бэ? Та яаж яваад хутагт болчихов?

-Засгийн газарт нэг ерөнхийлөгч, олон их хурлын гишүүд байдаг. Үүнтэй адил буддын шашин гурван ерөнхийлөгчтэй байдаг. Тэр нь Далай лам, Банчин Богд, Ар Богд юм. Үүний дор 16 сайд байсан байдаг юм. Энэ сайдуудыг дайныг дарсан, гэгээрсэн хүмүүс гэж үздэг. Аль ч оронд дэлгэрч байгаа сайн үйлсийг хөгжүүлэхэд хувь нэмэр болох тэр гэгээн зүйлийг удирдагчид гэсэн үг л дээ. Тэднийг зарлигаар нэг тодруулдаг, мөн ард түмэн нь шүтэж тахиад хутагт, хувилгаан гэж нэг тодруулдаг. Ард түмний шүтэж, тодруулсан хүнийг “Ард түмнээ алдаршиж олноо гийгүүлсэн гэгээн хутагт” гэж үздэг. Би бол Ард түмнээ алдаршиж олноо гийгүүлсэн гэсэн тодотгол, чимэгтэйгээр явдаг юм.Би өөрөө аялгуу, шүлэг зохиодог, сэтгүүлч, яруу найрагч хүн. Энэ бол бурхны заяасан хутагтын өөрт нь байх ёстой авьяас гэж үздэг. Хойшид үүгээрээ их юм хийх байх гэж бодож байгаа.

-Таныг муулж буй хүмүүс давамгай байх шиг харагдах юм?

-Намайг гадаад, дотоодын хүмүүс их урьж залдаг. Зарим газар зохих хэмжээний зураг авалт хийж фэйсбүүк дээр тавьсан байдаг. Тэрнээс биш бүгдийг нь тавих юм бол фэйсбүүкт багтахгүй угаасаа. Намайг муулж, эсрэгээр нь ярьж байгаа асуудал бол атаархсан, адилхан байх юмсан гэсэн хүмүүсийн мөрөөсөл. Муугаар хэлбэл шунал тачаал, сайнаар хэлбэл хүсэл, тэмүүлэл юм. Гэхдээ ямар нэг хүний хор, атааг хөдөлгөж, нэг хэсгийг баярлуулж, гундааж байна гэдэг бол онцгой анхаарлыг нь татаж байгаа хэрэг. Энэ тийм ч муу зүйл биш. Будилж,төөрч яваад эсрэг тал ч гэсэн гэгээрч, эерэг болох боломжтой. “Нэг өдөр зодолдвол мянган өдрийн найз” гэж бурхны номд заасан байдаг.

-Ярилцлагаа эхлэхээс өмнө та өөрийгөө бурхан болж төрсөн гэх шиг болсон?

-Би өөрийгөө бурхан гэж боддоггүй. Намайг хүүхэд байхад хүмүүс ирээд “Та бурхан, бид танд мөргөх ёстой” гэж гуйж залбирдаг байсан учраас тэдний хүслийг хангаж бурхан болохын төлөө хичээсэн хэрэг. Тэрнээс биш би бурхан болъё гэж бодоогүй, хутагт, хувилгаан ч гэж бодоогүй. Энэ бол хүмүүсийн сайхан сэтгэлийн эрэл, хэрэгцээ. Энэ эрэл, хэрэгцээ байгаа учраас би эрэл хэрэгцээнд нь нийцэх гэж хичээсэн. Энэ зам мөр минь их сонирхолтой байдаг юм.

-Ер нь хүн ямар байх ёстой юм бэ?

-Хүн гэдэг бол маш үнэт зүйл. Хүн байна гэдэг төрчихөөд зөвхөн амьдрахын нэр биш. Араатан, адгуусаас ялгаатай амьдрах ёстой юм. Араатан, адгуус оюун ухаангүй учраас хүчээр муу амьдарч, үйлийнхээ үрд баригдан цаанаасаа муу төрөлд төрсөн байдаг. Хүн бол урд төрлөөсөө бууж ирээд буянтай төрсөн байдаг. Тиймээс хүндээ нийцэхийн тулд сайн үг хэлж, сайн ажил хийж амьдрах  ёстой. Нэгдүгээрт цагаан сэтгэлтэй байх ёстой, хоёрдугаарт үргэлж сайн, сайхан буяны талын юм ярьдаг байх хэрэгтэй. Гуравдугаарт бодсон хэлснээр нь дамжин амьдрал нь цагаан байх ёстой. Энэ гурван цагааны амьдралаар амьдарч чадсан хүн энэ төрөлдөө жаргаж, дараагийн төрөлдөө гэгээрдэг юм.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа. Намайг Наран хутагт гэдэг учраас би нартайгаа хамт байх дуртай. Нартын хамаг амьтан нарны дор ажиллаж хөдөлмөрлөн, сарны дор унтаж амардаг. Энэ байгалийн үнэт зүйлийг тахиж явах хэрэгтэй. Байгалийн үнэт зүйлээр хүн төрөлхтний хүссэн зүйл дамжин ирдэг учиртай. Шашин шүтдэггүй хүмүүс ч гэсэн нар, сарны гэрэл дор амьдардаг учраас нар, сар, долоон бурхнаа дээдлэх хэрэгтэй. Нар, сар бол тэнгэр огторгуйн хоёр нүд буюу мэлмий. Долоон бурхан бол хүний сэтгэл зүрхтэй адил тэнгэрийн сэтгэл зүрх юм. Энэ гурван бурхандаа хүн төрөлхтөн залбирч, талархлаа хэлж байгаасай.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж