Долларыг моодноос гаргах төлөвлөгөө

Хуучирсан мэдээ: 2018.09.14-нд нийтлэгдсэн

Долларыг моодноос гаргах төлөвлөгөө

Долларыг моодноос гаргах төлөвлөгөө

Ам.доллар дэлхийн II дайнаас хойш олон улсын худалдааны гол хэрэглүүр байсаар ирсэн. Ямарваа олон улсын худалдаа, наймаа ам.доллараар, АНУ-ын банк санхүүгийн байгууллагыг дамжин, тус улсын хууль тогтоомжийн дор явагддаг байв. АНУ нь Ираны эсрэг хориг тавихдаа тус улсын банк санхүүгийн байгууллагаар үйлчлүүлдэг бизнес эрхлэгчдийг хар жагсаалтад оруулах замаар санасандаа хүрдэг байв. Гэтэл одоо АНУ нь дэлхий 10 дахь том эдийн засаг буюу хоёр тэрбум хүний эсрэг тэмцэл өрнүүлж байна. Хятадын ДНБ-ны хэмжээ 15 их наяд ам.доллар давдаг. АНУ-аас ОХУ, Иран, Венесуэл, Куба, Судан эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан нь амжилттай хэрэгжиж байна. Гэвч Хятад, Пакистан, Турк улсын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ нь зарим хүндрэлтэй тулж байгаа юм. АНУ-ын  эдийн засгийн хориг арга хэмжээ нь ихэвчлэн хүчирхийлэл, терроризм, цөмийн зэвсэг, авлигын эсрэг чиглэдэг. Харин Хятадын хувьд шударга бус худалдааг таслан зогсоохыг хүсчээ. Ихэнх санхүүгийн байгууллага, компани АНУ-ын зах зээлээс татгалзаж чадахгүй учир эдийн засгийн хоригийг дагахаас өөр сонголтгүй. Гэвч Хятад, ОХУ хүчээ нэгтгэн АНУ-ын эсрэг, ам.долларын ноёрхлын эсрэг хөдөлж эхэллээ. Тэд хоорондын худалдаа наймаанд ам.доллараас татгалзаж, дотоодын мөнгөн тэмдэгтийг ашиглаж эхэлжээ. Улмаар энэ жишгийг Турк, ОХУ-ын худалдаанд ашиглаж эхэлсэн байна. Хятад улс нь бүс-зам санаачилгын хүрээнд Ази, Европыг холбох олон улсын худалдааны дэд бүтцэд хөрөнгө хаяж, тэр хэмжээгээрээ юанийн үнэ цэнийг өсгөж байна. Хятадын санаачилсан дэд бүтцийн төсөлд Пакистан, Бразиль, ОХУ, Энэтхэг, Өмнөд Африк улсууд идэвхийлэн нэгджээ.

Ам.долларын ирээдүй 1,7 их наяд ам.долларын газрын тосны зах зээлээс ихээхэн шалтгаална. Өмнө нь 1973 онд АНУ-ын ерөнхийлөгч Ричард Никсон Арабын орнууд болон Газрын тос экспортлогч орнуудтай газрын тосны худалдааг алтын стандартаас ам.долларт шилжүүлсэн цагаас АНУ-ын мөнгөн тэмдэгт олон улсын худалдааны гол хэрэглүүр болсоор ирсэн. Гэтэл ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн чуулганы үеэр олон улсад ам.доллараас татгалзах нь тренд болсныг онцолж, оронд нь өөрийн орны валютаар худалдаа, наймаа хийх болсныг онцолжээ. Хэдийгээр өөрийн орны валютаар худалдаа хийх нь тодорхой эрсдэлтэй боловч эрсдэлийг бууруулж болно гэж Владимир Путин үзсэн байна.  Сүүлийн үед ОХУ нь Хятадтай хийх худалдаа наймаанд ам.доллараас татгалзаж, юань эсвэл рублийг голчлох болсон билээ. ОХУ нь санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангахын төлөө валютын нөөцөө төрөлжүүлж, ам.долларын өрийн хэмжээг багасгаж байгаа аж. АНУ-ын сангийн яамны мэдээллээр ОХУ-ын ам.долларын нөөц сүүлийн 11 жилд байгаагүй хамгийн доод хэмжээнд хүрч 96,1 тэрбум ам.доллар болжээ. Өмнө нь 2010 онд ОХУ-ын ам.долларын нөөц 176,3 тэрбум ам.доллар байв. Харин ОХУ-ын алтны нөөц сүүлийн 20 жилийн хугацаанд хамгийн дээд хэмжээнд хүрч 2200 тонн болжээ.

Хятад улс нь Анголоос газрын тос, ОХУ-аас байгалийн хий, Монголоос нүүрс, Бразиль улсаас шар буурцгийг худалдан авахдаа юанийг ашигладаг. Улмаар өнгөрсөн наймдугаар сард Хятад улсаас Шанхайн олон улсын эрчим хүчний биржид петро-юань хэмээн нэрлэгдэх алтад суурилсан гэрээ хэлцлийг танилцуулсан. Ийм маягаар Азийн газрын тосны зах зээлээс ам.долларыг шахаж байна. Түүнчлэн блокчайн технологид суурилсан крипто валют нь ам.долларыг зах зээлээс шахахад багагүй нөлөө үзүүлж байна. ОХУ-ын төв банкнаас рубльд суурилсан крипторублийг гаргах замаар олон улсад үлгэр дуурайлал болохыг хүсч байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж