Сүхбаатарын талбайд жагсаж, цуглан, суулт зарласан багш нар цалингаа бүтнээр нь авах болжээ. Цалинг нь хасахгүй гэдгээ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа мэдэгдээд байна. Үүгээр бол хүүхдүүд хохирох Монголын төрд ч падгүй болж хувирч байна.
Хэрэв хувийн хэвшилд ажиллагсад багш нарын нэгэн адил арав гаруй өдрөөр ажлаа тасалсан бол шууд л халагдах тушаал авна. Юун цалингаа бүтнээр авах. Энэ бол хувийн хэвшил, төр хоёрт ажиллахын гол ялгаа юм. Харин багш нарт хүүхэд хохироохоо юман чинээ бодохгүй болжээ.
Монголоос өнөөдөр зээлгүй хүн олно гэвэл өвсөн дотроос зүү эрэхтэй адил хэрэг болно. Байрны, машины, тэтгэврийн, малчны зээл гээд үргэлжилнэ. Гэтэл багш нар л зөвхөн зээлтэй юм шиг аашилцгааж, “Зээлээ төлөөд үлдсэн мөнгөөрөө амьжиргаагаа залгуулахад хүрэлцэхгүй байна” гэж аашлах.
Ингэхэд зээл гэдэг бол тийм ч муу зүйл биш. Ипотекийн зээлд хамрагдсанаар өчнөөн мянган иргэн орон байртай болсон. Хөл дүүжлэх унаатай болсон нь ч бий. Үүндээ урамшин зээлээ хугацаанд нь өгөхийн төлөө чардайж, давхар ажил хийж, орлогоо өсгөхийг хүсэх иргэд олон болсон. Гэтэл багш нар хичээлийнхээ хажуугаар давхар өдөр өнжүүлэх, секц дугуйлан ажиллуулаад нэмэлт орлого олох боломж бий ч түүнийгээ ашигладаггүй. Зөвхөн төрд шантааж үзүүлж, цалингаа нэмүүлэх шаардлага тавих нэрээр хүүхдийг хохироож байгаа энэ асуудалд цэг тавих шийдвэртэй алхам хэрэгтэй болжээ.
Ур чадвартайг нь багшаар ажиллуул, цалинг нь ч ахиу өг. Харин хүүхдэд хичээл зааж чаддаггүй, шалгалтад ангираа муу авч байгаа багшаас хариуцлага давхар нэхэж, цалинг нь хасдаг болохгүй бол даварч гүйцжээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ