Монгол Улсад өмгөөлөгчдийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн босгон дээр "Монголын өмгөөлөгчдийн холбоо"-ноос гурван ном ойдоо зориулж бүтээжээ. Тодруулбал, өмгөөлөгчдөд зориулсан “Өмгөөлөгч эрхзүйн баримт бичиг гарын авлага", "Хөрөг найруулал", “Гэрээ үлгэрчилсэн загвар" гэсэн гурван ном өнөөдөр шинээр мэндэллээ.
Монгол Улсад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй 5469 хуульч байдгаас 2170 нь өмгөөлөгчөөр ажилладаг гэсэн судалгаа бий. “Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх авсан өмгөөлөгч нь иргэн, хуулийн этгээд, байгууллагад хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлдэг юм байна. Ингэхдээ хууль бусад эрхзүйн актаар өөрт олгогдсон эрх болон хүлээлгэсэн үүргээ сайтар мэддэг байх нь чухал. Энэхүү хэрэгцээ шаардлагад тулгуурлан өмгөөлөгч, хуулийн сургуулийн оюутан, төрийн албан хаагч, хуульчдын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор дээрх номын бүтээсэн” гэдгийг "Монголын өмгөөлөгчдийн холбоо"-ны ерөнхийлөгч Б.Ганбаатар тодотгов.
Тэрбээр цааш хэлэхдээ “Уг номд өмгөөлөгчийн үйл ажиллагаатай холбогдолтой Монгол Улсын хууль, олон улсын гэрээ, УИХ, Засгийн газрын тогтоол гэсэн 66 эрхзүйн баримт бичгийг хэсэгчлэн оруулсан. Манай өмгөөлөгчид хууль ёсыг дээдэлж, шударга ёсыг эрхэмлэж, мэргэжлийн өндөр ур чадвар, ёс зүйг баримталж, хуульзүйн туслалцааг иргэд, олон нийтэд цаг алдалгүй үзүүлдэг хүмүүс. Өнөөгийн нийгэмд өмгөөллийн үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд явуулах, өмгөөллийн эрхзүйн орчныг сайжруулах, хараат бусаар ажиллах зэрэг таатай нөхцөлийг бүрдүүлэх нь Монголын өмгөөлөгчдийн холбооны эрхэм зорилго” гэв.
Хоёрдахь гарын авлага болох "Хөрөг найруулал" тэргүүн дэвтэр нь өмгөөлөгчдийн байгууллагад ажиллаж байсан үе үеийн өмгөөлөгчдийн туулж өнгөрүүлсэн ажил амьдралыг хүүрнэн өгүүлсэн хөрөг найрууллыг анх удаа хэвлэн нийтэлжээ.
Орчин үед иргэний эрхзүйн харилцаанд оролцогчид шинжлэх ухаан, технологи, эдийн засаг, нийгэм, соёл, ахуйн хүрээнд янз бүрийн гэрээ хэлцэл байгуулах нь улам өргөжиж байна. Гэрээний харилцаанд оролцогчдын цар хүрээ нэмэгдэж буй энэ цаг үед эрхзүйн туслалаа үзүүлэх зорилгоор “Гэрээ” үлгэрчилсэн загвар нь номыг бэлтгэн гаргасан гэдгийг тус номын нээлтийн үеэр онцолж байлаа.
Энэ талаар академич, гавьяат хуульч Ж.Амарсанаа хэлэхдээ “108 гэрээ багтсан, долоон бүлэгтэй “Гэрээ үлгэрчилсэн загвар" номыг хуулийн чиглэлээр сурч байгаа оюутнууд ашиглах боломжтойгоос гадна өмгөөлөгч, шүүгч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, төрийн албан хаагчдад зориулсан. Зах зээлийн харилцаа гэдэг бол гэрээ. Ийм учраас өнөө цагт гэрээний ач холбогдол улам нэмэгдэж байгаа учраас өмгөөлөгчдийн гарын авлага болох энэхүү үлгэрчилсэн загвар нь тэдний чагнуур байх ёстой. Гэрээ байгуулахад гаргадаг нийтлэг алдаа бол хуулиа мэдэхгүй байх явдал. Доод түвшинд хуулиа мэдэхгүй байх нь элбэг бол дээшлэх тусам хуулиа мэддэг атлаа санаатайгаар хуулийн гадуур тойрч байна. Өнөөдөр аливаа гэрээ байгуулахад эрхзүйн мэдлэг чухал. Хуулийг даган биелүүлэх дадал, соёл, ухамсар хэрэгтэй. Гэтэл өнөөдөр хуулиас дээгүүр дарга нар олширчихсон. Бид манжийн үеэс хүнээр удирдуулаад сурчихсан энэ хуучин сэтгэлгээнээсээ салж хуулиар удирдуулах ёстой. Өөрөөр хэлбэл, хүн бус хууль дарга байх явдал” гэлээ.
Холбоотой мэдээ