Венесуэлийн ерөнхийлөгч зээл авахаар Хятадад айлчлав

Хуучирсан мэдээ: 2018.09.13-нд нийтлэгдсэн

Венесуэлийн ерөнхийлөгч зээл авахаар Хятадад айлчлав

Венесуэлийн ерөнхийлөгч зээл авахаар Хятадад айлчлав

Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро эдийн засгийн гэрээ хэлэлцэхээр Хятадад айлчилжээ. Тэрбээр Хятадад хийх айлчлалаас том үр дүн хүлээж буйгаа илэрхийлээд лхагва гаригт Бээжин рүү ниссэн байна. Газрын тосны баялаг нөөцтэй боловч эдийн засгийн хямралд өртсөн Венесуэл улсын төрийн тэргүүн Хятадаас шинээр зээл тусламж хүсэхээр явж байгаа хэмээн ажиглагчид дүгнэжээ. Хятадын гадаад хэргийн яамнаас мэдээлснээр Николас Мадуро есдүгээр сарын 13-15 хооронд Хятадын даргын урилгаар Бээжинд айлчилж байна. Хятад нь Венесуэл улстай удаан хугацаанд найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай явж ирснийг Хятадын дэд ерөнхийлөгч Ван Цишан онцолжээ.

Айлчлалын өмнө Венесуэлийн дэд ерөнхийлөгч Делси Родригес Хятадын эрчим хүчний “CNPC” группын ерөнхийлөгчийг хүлээн авч уулзжээ. Уулзалтаар талууд газрын тос, байгалийн хийн салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр ярилцсан аж.

Өнгөрсөн арван жилийн хугацаанд Венесуэл улс нь газрын тосны зээлийн гэрээгээр дамжуулан 50 тэрбум гаруй ам.долларыг Хятадаас авчээ. Гэвч Венесуэлийн талаас газрын тосны үнэ унаж, олборлолтыг хумьсантай холбогдуулан Хятадад нийлүүлэх үнээ өөрчлөх санал оруулж, зөвшилцөлд хүрч чадаагүйгээс Бээжингээс ирэх мөнгөний урсгал гурван жилийн өмнөөс зогссон байна. Харин Венесуэлийн сангийн сайд өнгөрсөн долдугаар сард Хятадын Хөгжлийн банкнаас 250 сая ам.долларыг газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор авахаар болсныг зарласан юм.

Эх сурвалж: Reuters

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж