Б.Жавхлан, Б.Ундармаа нар гүтгүүлсэн гэв

Хуучирсан мэдээ: 2018.09.14-нд нийтлэгдсэн

Б.Жавхлан, Б.Ундармаа нар гүтгүүлсэн гэв

Б.Жавхлан, Б.Ундармаа нар гүтгүүлсэн гэв

Өнгөрсөн хаврын чуулганаар Банкны  салбарын тогтвортой байдлыг хангах тухай хуулийг баталсан. Тэгвэл энэ хуулийг нь хоёрхон банканд зориулж баталсан гэж О.Баасанхүү гишүүн хэлэв. Тэрбээр “УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн “Капитал банк”, нөгөө нь Б.Жавхлан гишүүний хамаарал бүхий “Чингис хаан” дампуурах эрсдэлтэй байсан. “Капитал банк” гэхэд үр ашиггүй банканд нийгмийн даатгалын шимтгэлийг байршуулснаас болоод энэ банкийг дампууруулах чиглэлийг ОУВС-гаас  өгөх гээд байсан юм. Энэ хоёр банканд мөнгө бэлэглэх нэрээр улсын төсвөөс 500 тэрбум төгрөг өгөх хуулийг баталсан” гэв.

Тэгвэл дээрх мэдээллийг Монголбанк үгүйсгэж байгаа юм. Учир нь Банкны  салбарын тогтвортой байдлыг хангах тухай хууль нь банкны харилцагчдын эрх ашгийг хамгаалах зорилготойгоор батлагдсан аж. Өөрөөр хэлбэл энэ хууль нь зөвхөн системд нөлөөлнө гэсэн үг юм. Тиймээс дунд хугацаанд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжтой гэж тодорхойлогдсон банкуудад  хамаарах аж. Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайханы хэлж буйгаар “энэ хуульд “Системд нөлөө бүхий банк” гэдгийг банкны системийн нийт активын 5-аас дээш хувийг эзэлж байгаа банк байхаар тодорхойлсон. Зөвхөн энэ шалгуураас үзэхэд Капитал, Чингис хаан  банк нь энэ хуульд заасны дагуу “системд нөлөө бүхий банк”-ны шаардлага хангахгүй. Хууль эдгээр банкуудад үйлчлэхгүй гэсэн үг. Ерөнхийдөө энэ хуулийн дагуу, өөрийн хөрөнгийн шаардлага хангаагүй системийн банкны дутагдлыг банкны эзэд буюу хувьцаа эзэмшигчдэд тэргүүн хүлээлгэж барагдуулах, гадаад эх үүсвэрээс хөрөнгийн дутагдлыг нөхөх, хэрэгжүүлсний дараа шаардлагатай тохиолдолд Төрөөс түр хугацаанд эргэн төлөгдөх хатуу нөхцөлтэйгөөр банкийг дахин хөрөнгөжүүлэхээр заасан байгаа” гэдгийг тодотгож байгаа юм.

Мөн УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Б.Ундармаа нар ч байр сууриа илэрхийлснийг хүргэж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЖАВХЛАН:

-Намайг ор үндэслэлгүй зүйлээр гүтгэж байна. О.Баасанхүү тэгж яриад байгаа бол нотлох хэрэгтэй. “Чингис хаан” банк надад хамааралгүй гэдгийг би өмнө нь хэлж байсан одоо ч хэлнэ.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.УНДАРМАА:

-Нэгдүгээрт, би Капитал банкны үйл ажиллагаанд оролцдоггүй. Хоёрт, төсвөөс нэг ч төгрөг аваагүй, намайг гүтгэж байна.

Т.НОМИН

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж