“Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын II хэсгийн төмөр замуудын 2019-2020 онд олон улсын суудлын галт тэрэгний хуваарь, бүрэлдэхүүний талаар хэлэлцэх зөвлөгөөн” Улаанбаатар хотноо боллоо. Зөвлөгөөнд Монгол, Орос, Хятад, Казахстан, Хойт солонгос, Вьетнамын төлөөлөгчид оролцож олон улсын галт тэрэгний хуваарь, бүрэлдэхүүний асуудлаар 4 өдрийн турш хэлэлцлээ.
Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд нь олон улсын суудлын галт тэрэгний асуудлаар нягт хамтран ажилладаг нь олон улсын зорчигч тээврийн үйл ажиллагааг харилцан уялдаатай зөв зохион байгуулж, зорчигч тээврийн тоо хэмжээ, үр ашиг, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд ихээхэн үр дүнгээ өгдөг юм.
Тус байгууллагын гишүүн орнуудын хамтын ажиллагаанд УБТЗ идэвхтэй оролцож ирсэн бөгөөд үүний тод жишээ бол энэхүү ээлжит зөвлөгөөнийг өөрийн оронд өндөр дээд хэмжээнд зохион байгуулж байгаа явдал юм.
Энэ удаагийн зөвлөгөөн ажил хэрэгч уур амьсгалд болж, олон улсын суудлын галт тэрэгний аялах график хугацааг тохирч, хүндрэл бэрхшээлээ харилцан ярилцлаа. Тус хуралдаанаас гарсан шийдвэрүүд нь УБТЗ-ын олон улсын суудлын галт тэрэгний тээврийн үр ашгийг өсөн нэмэгдэхэд бодит хувь нэмрээ оруулна гэж үзэж байна. Өнгөрсөн онд болсон хурлаар Улаанбаатар-Эрхүүгийн чиглэлийн галт тэргийг аялуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн нь зорчигчдын талархлыг хүлээсэн юм. Энэ удаагийн хурлаар уг галт тэрэгний аялах өдрийг өөрчлөх, Сүхбаатар өртөөнд зогсох цагийг багасгах асуудлыг УБТЗ хэлэлцэх асуудалд оруулжээ. Мөн Бээжин-Москвагийн чиглэлийн суудлын галт тэрэгний вагоны тоог нэмэгдүүлэх асуудлыг ч хурлаар хэлэлцэж шийдвэрлэлээ.
Жил бүр тус байгууллагын гишүүн орнууд энэхүү хурлыг өөрийн оронд ээлжлэн зохион байгуулдаг бөгөөд одоогоос 6 жилийн өмнө буюу 2012 онд манай улсад зохион байгуулж байсан юм.
Эх сурвалж: “УБТЗ” ХНН