“Фэйсбүүкт 80 гаруй сая хуурамч хаяг бий”

Хуучирсан мэдээ: 2018.09.13-нд нийтлэгдсэн

“Фэйсбүүкт 80 гаруй сая хуурамч хаяг бий”

“Фэйсбүүкт 80 гаруй сая хуурамч хаяг бий”

Харилцаа холбооны зохицуулах хорооны (ХХЗХ) урилгаар Фэйсбүүк компанийн Ази, Номхон далайн бүсийн орны төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт Монголд ажилласан.

Төлөөлөгчидтэй Цагдаагийн ерөнхий газрынхан уулзалт хийж, тулгамдсан зарим асуудалдаа гарц олжээ. Энэ талаар өнөөдөр /2018.9.13/ мэдээлэл хийлээ.

Монгол Улс нийт 1.7 сая гаруй фэйсбүүк хэрэглэгчтэй бөгөөд фэйсбүүк хэрэглээгээр Азид нэгдүгээрт, дэлхийд 10 дугаарт багтдаг болохыг Фэйсбүүк компанийн төлөөлөл мэдээлсэн. "Фэйсбүүк" компанийн зүгээс “Ногоон суваг” буюу “Green channel”-ыг Монгол Улсад гаргаж өгсөн  байна. Ингэснээр хуурамч мэдээ мэдээллийг цаг алдалгүй түргэн, шуурхай шийдвэрлэх боломж бүрджээ.

ХХЗХ Хамтын ажиллагаа, харилцагчийн хэлтсийн дарга Б.Мягмарнаран “Фэйсбүүк компанийн төлөөллүүдтэй иргэдийн үг хэлэх, мэдээлэл олж авах үндсэн эрхийн талаар ярилцсан. Хуурмаг мэдээллийн тархалтыг бууруулах, хуурамч хэрэглэгчийг тодорхойлох, цахим гэмт хэрэгтэй хамтран тэмцэх талаар ярилцсан юм. Үүний хүрээнд ХХЗХ-н дээр мэргэжлийн багийг бүрдүүлж ажиллахаар боллоо. Энэ баг нь ЦЕГ, бусад холбогдох байгууллагатай хамтран фэйсбүүк компанитай шууд холбогдон фэйсбүүк хаягыг баталгаажуулах тал дээр хамтран ажиллах болно” гэлээ.

"Фэйсбүүк" компаниас гаргасан статистик мэдээгээр зөвхөн энэ оны нэгдүгээр улиралд 583 сая хуурамч хаягийг устгажээ. Түүнчлэн 80 гаруй сая хуурамч хаяг буйг тооцоожээ. Түүнчлэн фэйсбүүкийн мэдээллийн 50 орчим хувь нь хуурамч байгааг тогтоосон байна.

Хэрэв цахим орчинд хэн нэгэн гэмт хэрэг үйлдэж байгааг мэдэх юм бол Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст мэдэгдэх боломжтой юм байна. Цахим орчинд бусдын нэр хүндэд халдсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээх юм байна. Эрүүгийн хуулийн 16.8-д заасны дагуу хүүхдийг садар самуунд уриалсан тохиолдолд 2700-5000 нэгжээр торгох, 240-720 цаг ажил хийлгэх юм байна."Фэйсбүүк" компанийн төлөөлөл ирэх арваннэгдүгээр сард дахин Монгол Улсад ажиллах юм байна.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж