Малын маханд чинь хар тугалга олон зуу дахин их байна шүү, монголчууд аа! | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Малын маханд чинь хар тугалга олон зуу дахин их байна шүү, монголчууд аа!

Малын маханд чинь хар тугалга олон зуу дахин их байна шүү, монголчууд аа!

Аккумлятор дахин боловсруулах үйлдвэрийн ойр орчимд хар тугалга өндөр хэмжээгээр илэрсэн цэг олон

Улаанбаатар хотын ойр орчим болон Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо буюу Хонхор дахь Богд уулын Шажин хурахын аманд нутагласан айлуудын мал болон ойр орчмын хөрс, ургамал хар тугалгаар бохирджээ. Үүнийг сүүлийн таван жилийн хугацаанд судалж буй Японы Мияазакигийн их сургуулийн Бүс нутгийн инновацийн факультетийн доктор, дэд профессор Косүкэ Тошикиг Монголд ирээд байхад нь уулзаж ярилцлаа.

-Юуны өмнө цаг зав гарган ярилцахаар болсонд баярлалаа. Та яагаад Монголд ийм судалгаа хийхээр шийдсэн юм бэ?

-Эхнэр маань монгол хүн. Бид зун бүр Монголд ирдэг. Би мастер, докторт олон монгол монгол оюутантай хамт суралцсан. Бид хамт сурч байсан оюутнуудынхаа улс орныг судалж үзье гэж шийдээд 2006 онд анх Монголд ирж, хоёр сар гаруйн хугацаанд судалгаа хийсэн юм. Монгол Улс маш хурдтай автомашижиж байгааг та бүхэн ч гэсэн харж байгаа байх. Үүнээс болж амьдрах орчин хар тугалгаар их бохирдож байна.

-БЗД-ийн 11 дүгээр хороо, Богд уулын Шажин хурахын амыг онцгойлон судлах болсон шалтгаан тань юу байв?

-Би 2013 онд хоёр сарын хугацаанд Монголд ирж, хог хаягдлын менежментийн чиглэлээр судалгаа хийсэн юм. ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологийн проректор Ч.Баасандаш нарын эрдэмтэдтэй хамт хогийн цэгүүдээр явахдаа мал орж ирээд тэндээс янз бүрийн зүйлс ялгаж идэж байгааг хараад бид маш их цочирдсон. Монгол нүүдлийн мал аж ахуйтай, мал нь Япон шиг хашсан газарт бэлчдэггүй. Хаа дуртай газраа бэлчиж өвс ургамал иддэг. Гэтэл хогийн цэг дээр бэлчиж байгааг нь хараад хордож байгаа байх гэж бодсон учраас судлахаар шийдсэн. Энэ тухайгаа ХААИС-ийн дэргэдэх Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтэнтэй уулзаж, хогоор хооллож буй малын талаар судалсан эсэх тухай ярилцсан. Түүнтэй ярилцах явцдаа Хонхорын талаар сонссон юм. Хонхорт автомашины аккумлятор дахин боловсруулах үйлдвэр баригдаж, тэр хавийн бэлчээр хордож, улмаар мал хорогдож байгаа гэж сонсоод, тэндээс судалгаагаа эхлэхээр шийдсэн дээ. Энэ бол 2014 он байсан.

-Хонхор орчмын хөрс, ус, ургамал, малын цусанд хар тугалгын агууламжийн судалгаа хийхэд ямар үр дүн гарч байна вэ?

-Хонхор дахь аккумлятор дахин боловсруулах үйлдвэрүүдийн хашааны ойр орчимд хар тугалгын агууламж өндөр хэмжээгээр илэрсэн цэгүүд олон байгаа. Бид тэр орчмыг бусад газартай харьцуулахаар шийдэж Улаанбаатар хотын гадна баруун, зүүн, хойд, урд хэсэг болон хот доторх автобусны орчим, машин тэрэг их зогсдог, холхидог газруудаас шинжилгээ авч үзсэн. Хонхортой харьцуулахад эдгээр цэг дэх бохирдлын хэмжээ зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй.

-Тэгвэл Хонхор орчмоос хар тугалгын бохирдол өндөр хэмжээтэй илэрсэн юм байна. Энэ нь зөвшөөрөгдөх дээд хэмжээтэй харьцуулахад хэд гэсэн тоо вэ. Хүний эрүүл мэндэд хэр зэрэг аюултай вэ?

-Харилцан адилгүй үзүүлэлтүүд гарсан. Зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хамгийн багадаа арав гаруй дахин, цаашлаад хэдэн зуу дахин өндөр үзүүлэлт гарсан.

-2014 оноос хойш бараг дөрвөн жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд бохирдлын хэмжээ хэр зэрэг өөрчлөгдөж байна вэ?

-Би жилд ганц л удаа ирж хөрс, ургамал малын цуснаас дээж авч шинжилдэг. Бүтэн жилийн турш график гаргаж, ул суурьтай шинжилгээ хийж чадаагүй байна. Үйлдвэрийн үйл ажиллагаа ч улирлын чанартай хэлбэлздэг. Тиймээс үйлдвэрийн үйл ажиллагаа орчны бохирдолд ингэж нөлөөлж байна гэдгийг яг таг нарийн хэлэхэд хэцүү.

-Тэндхийн оршин суугчид бохирлын эх үүсвэрийг үйлдвэр гэж ойлгож, хэлж ярьж байна. Таны хувьд бохирдлын эх үүсвэрийн шалтгаан юу байж болох вэ?

-Шинжилгээгээр хөрсний хар тугалгын бохирдлын эх үүсвэр нь тэдгээр үйлдвэр гэдэг нь тодорхой болсон. Хөрснөөс гадна бид малын цусан дахь хар тугалгын агууламжийг тодорхойлдог. Малын цусан дахь хар тугалгын агууламж 2016, 2017 онд өмнөх хоёр жилтэй харьцуулахад үл ялиг багассан үзүүлэлт гарсан. Гэхдээ бохирдлын агууламжид байгалийн хүчин зүйл нөлөөлдөг. Тухайлбал, бороо орогуут хөрсөнд байсан хар тугалга урсдаг. Тиймээс бохирдлын хамрах хүрээ өөрчлөгдөнө. Харин энэ жилийн хувьд үнэхээр мал тухайн үйлдвэрээс болж хордоод байгаа эсэхийг тогтоох шинжилгээ авч чадсан шүү. Гэхдээ хар тугалгын бохирдлыг зөвхөн тэдгээр үйлдвэрийнх гэж үзэхэд лавшруулж судлах шаардлага их байна. Түүхий нүүрсэнд хар тугалга их агуулагддаг. Мөн монголчууд хар тугалга багахан агуулсан бензин хэрэглэдэг тул машины яндангаас хар тугалга ялгардаг. Тиймээс малын цус тэр үйлдвэрүүдээс болж бохирдоод байгаа эсэхийг би өөрийнхөө хэмжээнд баттай хэлэхэд арай эрт байна. Мөн хар тугалгын агууламжтай будаг бий. Энэ бүгдийг хамруулан судалж, тооцож байж л эцсийн үр дүнг хэлнэ. Японы Хоккайдо мужид нэг ферм хашаагаа хар тугалганы агууламжтай будгаар будсанаас тугал хашаа долоож, хордож байсан тохиолдол бий. Магадгүй одоохондоо үйлдвэрээс бохирдоод байна гэж харагдаад байж магадгүй. Тийм учраас шинжлэх ухааны үндэстэй судалгаа хийх зайлшгүй шаардлагатай юм. Миний хэлэх өөр нэг зүйл бол 2015 онд Төв аймгийн Эрдэнэ сумын орчмоос авсан малын цусан дахь хар тугалгын агууламж Хонхорын малынхаас өндөр гарсан. Ойр хавьд нь үйлдвэр байгаагүй. Мөн Улаанбаатар хотын урд хэсгээс авсан малын цусны дээжинд хар тугалга өндөр гарсан. Энэ бүхнийг юунаас болж байна гэдгийг олж тогтооход жилд ганц ирж хийж буй миний шинжилгээ хангалтгүй байна. Тиймээс мал хар тугалгаар яагаад бохирдоод байгааг олж тогтоох хэрэгтэй байна.

-Зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс өндөр гэдгийг бид хэд гэж ойлгох вэ?

-Монголд мэдээж малын цусанд хар тугалга тийм хэмжээнд агуулагдана гэсэн стандарт байхгүй. Харин дэлхийн Мал амьтны эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвшөөрөгдөх дээд хэмжээ гэж бий. Миний шинжилгээ хийдэг зөөврийн багаж 3.5-60 мкг хүртэлхийг хэмждэг. Хар тугалгаар бохирдоогүй газрынх бол 3.5 мкг гэсэн үзүүлэлтээс бага байдаг. Хонхорын хувьд багажны дээд үзүүлэлтийг давсан. Эрдэнэ сум, өмнө зүгээс авсан үзүүлэлт 60 мкг-д дөхсөн, түүнээс давж гарсан нь ч байгаа юм. Ямар ч байсан мал хар тугалгаар хордоод байгаа нь үнэн, харин юунаас болоод байгааг олж тогтоох хэрэгтэй.

-Дээж авсан зарим цэгт хар тугалгын агууламж зөөврийн багажны хүчин чадлаас давж байна гэсэн. Үүнийг нарийн тогтоох шинжилгээ Монголд хийхэд лабораторийн хүчин чадал хэр зэрэг байна вэ?

-ICP гээд нарийн шинжилгээ хийдэг багаж Монголд бий. Түүгээр хийхийн тулд их хэмжээний дээж шинжлүүлж болно. Гэхдээ үүнд цаг, мөнгө их орно. Тиймээс Монголд судалгаа хийхийн тулд өөрөө худалдаж аваад ирсэн юм. Одоогоор ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн лабораторид зохих түвшинд хийж байна. Тэнд хар тугалгын агууламжийг тодорхойлж болно. Гэхдээ илүү нарийн атом, молекулын түвшинд шинжилнэ гэвэл Монголд хийж чадах эсэхийг мэдэхгүй байна. Нарийн шинжилгээнүүдээ Японд зориулалтын лабораторид дээжээ аваачиж өгөөд хийлгэдэг. Монголд нарийн шинжилгээ хийвэл зүгээр гэж боддог. Гэхдээ шинжилгээ нарийсах тусам зардал нэмэгддэг.

-Хар тугалгын хор уршиг хэр зэрэг их байдаг талаар та бодлоо хуваалцаач?

-Хар тугалгын хордлого гэнэтийн болон байнгын гэсэн хоёр янзаар илэрдэг. Нэг удаа их хэмжээгээр хордоход бөөлжих, толгой эргэх, нүд эрээлжлэх, гэдэс өвдөх, гүйлгэхийг гэнэтийн хордлогын шинж тэмдэг гэдэг. Байнгын гэдэг нь тухайн орчноос тогтмол хорддог гэсэн үг. Ийм хордлоготой хүний хоол боловсруулах эрхтнүүд хамгийн их хорддог, шинж тэмдэг нь гэнэтийн хордлоготой адил илэрдэг. Мэдрэлийн системд бас их аюултай нөлөөлж, амархан мартаж, төвлөрч чадахаа больж, уцаартай болдог. Хүүхэд ч ялгаагүй. Цаашлаад хараагүй болох аюултай. Хүүхдийн бие организм өсөж байдаг хэдий ч мэдрэлийн систем, уураг тархи нь хөгжихөө больдог. Малын хувьд хүн, хүүхэд шиг шинж тэмдгээ хэлж чадахгүй тул хордлогыг нь тогтоох гэдэг нарийн түвэгтэй ажил.

Аккумляторын үйлдвэрийн ойролцоо махны үйлдвэр барих нь яаж ч бодсон буруу

-Хонхор орчмын нутаг нийслэлчүүдийн хүнсний сүлжээнд орчихоод байна л даа. Ер нь хар тугалгаар хордсон малын мах идсэнээр иргэд хордох аюултай гэж ойлгох нь зөв үү?

-Хонхор орчмоор нэг удаа туувраар явахад мал хар тугалгаар их хордоно гэж би хэлэхгүй. Гэхдээ хар тугалгаар бохирдсон мах идлээ гэхэд сарын хугацаанд хар тугалгын 70 хувь нь шээс болон өтгөнөөр ялгардаг. Тэнд айлуудын мал бэлчдэг үү, эсвэл туувраар нэг удаа яваад орж ирдэг эсэхийг би бас асуумаар байна.

-Аль аль нь бий. Мөн нийслэлчүүдийн махны хэрэгцээг хангах махны үйлдвэр байгуулж байгаа. Бид үүнээс сэргийлэх зорилготой байгаа юм?

-Нэг удаа яваад өнгөрөхөд их хэмжээгээр хордохгүй. Агаараас гадна идэж байгаа өвс, ууж байгаа уснаасаа илүү хордох болов уу. Тэр хэсгээр туувраар өнгөрсөн малын элэг, цусанд шинжилгээ хийж үзэх шаардлагатай юм байна даа.

-Ер нь Японд хар тугалгын бохирдлоос хэрхэн сэргийлдэг вэ. Ялангуяа аккумляторын хаягдлыг яаж шийддэг вэ?

-Хар тугалгын аккумлятор гаднах хуванцар, нэмэх, хасах туйлын дунд байдаг хар тугалга, хүхрийн хүчлээс бүрддэг. Хуванцар, хүхэр нь аж үйлдвэрийн хог хаягдалд ордог тул тусад нь ялгаж аваад саармагжуулж, хоргүй болгож, стандартын дагуу дахин боловсруулдаг. Түүнээс хар тугалгыг нь гаргаж авах арга дэлхийн хаана ч адилхан. Хамгийн гол нь үйлдвэр стандартыг яг таг мөрдөж байгаа эсэхэд өндөр түвшинд хяналт тавьдаг. Монголд стандарт мөрдөхгүй, хянахгүй байгаа тул орчин нь бохирдож байна. Харин Японд маш нарийн мөрддөг, мөрдөхгүй бол тухайн үйлдвэрийн эрхийг нь цуцлах, үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээг шат шатанд аваад явдаг учраас үйлдвэрүүд орчноо бохирдуулахгүйгээр үйл ажиллагаа явуулдаг. Хар тугалгын аккумлятор боловсруулах том үйлдвэр Японд 6-7 бий. Эдгээр үйлдвэр томоохон хотуудаас маш зайдуу, хөдөө байрлаж үйл ажиллагаа явуулдаг. Хөдөө ч гэсэн хүний амьдарч байгаа газраас алс байрладаг юм. Японы хувьд орчны стандарт нь тухайн орон нутаг, муж бүрт харилцан адилгүй. Ямар стандарт мөрдөхөө тухайн орон нутгийн засаг захиргаа шийддэг. Бохирдуулагч бодисуудын зөвшөөрөгдөх дээд хэмжээг нарийн зааж өгсөн. Ялгарч байгаа хаягдалд агуулагдах хорт бодисуудын хэмжээг ч нэг бүрчлэн тогтоож өгсөн байдаг. Орчны стандарт мөрдөх ёстой байгууллагууд тодорхой графикийн дагуу орчны бохирдлын түвшнээ хэмжиж, холбогдох байгууллагад мэдээллээ тогтмол өгөх үүрэг хүлээдэг. Үүргээ биелүүлж буй эсэхийг нь мэргэжлийн хяналтын байцаагч нар нь илрүүлж, хяналт тавьдаг.

-Монголд хар тугалгын бохирдол байгаа гэдгийг олон эх сурвалж олж тогтоогоод, анхааруулж байгаа ч төр засгийн зүгээс олигтой арга хэмжээ авахгүй байна л даа. Японд энэ асуудалд шийдвэр гаргагчид хэр зэрэг мэдрэг ханддаг вэ?

-Хяналтаа л сайн тавих ёстой. Засгийн газрын түвшинд хүргэхгүйгээр мэргэжлийн хяналт тавих үүрэгтэй байгууллагууд л шийддэг. Намайг бага байхад хар тугалгын бохирдол Японд их байсан. Гэхдээ энэ нь аккумлятороос болоогүй. Харин хар тугалгын агууламжтай бензин хэрэглэж байгаагаас бохирдол үүсдэгийг судалж мэдсэнээр хар тугалгагүй бензин хэрэглэдэг болж, бохирдлоосоо салсан.

-Бид хар тугалгын бохирдолтой газар махны үйлдвэр байгуулж байгаа нь маш хариуцлагагүй явдал. Хүнсний аюулгүй байдал, хог хаягдлын менежмент Монголд алдагдсаны нэг том жишээ энэ болов уу. Та энэ тал дээр судлаач хүний хувьд юу гэж хэлэх вэ?

-Өмнө хэлсэнчлэн Японд үйлдвэрүүдээ хүн амаас зайдуу барьдаг. Тиймээс аккумляторын буйг шат дараатай маш нарийн хяналт тавих шаардлагатай юм. Тэгэхгүй бол ТЭЗҮ-д тусгаагүй хоцрогдсон технологи ашиглаж байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Монголчуудын хувьд мал нь байгалиас өвс тэжээлээ шууд иддэг. Ард иргэд нь тэр малын махаараа хооллодог. Тиймээс байгалиа хамгаалах нь монголчуудын хувьд маш чухал байх ёстой. Харин Японд зориулалтын тэжээлээр хооллодог тул тэжээлийн үйлдвэрлэлд стандарт мөрддөг.

-Та цаашид үргэлжлүүлж судлах уу?

-Миний судалгааны санхүүжилт энэ жил дуусаж байгаа. Ирэх жил үргэлжлүүлэн судлах сонирхолтой байгаа тул судалгааны нарийн төлөвлөгөө гаргаж салбарын яамдаа өгнө. Монголд дээд сургууль, хүрээлэнд судалгааны санхүүжилт маш багатай. Харин Японоосоо шийдүүлж чадвал далайцтай судалгаа хийе гэсэн бодолтой байна.

-Би таныг анхан шатны судалгаа хийсэн гэж ойлгож байна. Зөв үү?

-Миний судалгааны санхүүжилт тийм их биш тул суурь судалгааны түвшинд л хийлээ. Өргөн хүрээнд хийе гэвэл нэмэлт санхүүжилт авч, жилийн турш дээж авч, бороо цас зэрэг байгалийн үзэгдлүүд хар тугалгын бохирдолд хэр зэрэг нөлөөлж байгааг судалъя гэж бодож байна.

-Нийслэлийн орчим авсан дөрвөн цэгээ та тодорхой хэлэх боломж байна уу?

-Батсүмбэр, урагшаа Сэргэлэн сумаас авсан. Гэхдээ өндөр агууламжтай газруудыг хамаагүй хэлэх боломжгүй байна. Хүмүүс малыг нь худалдаж авахаа больчихож магадгүй шүү дээ.

-Ер нь хэчнээн толгой малын цуснаас дээж авсан бэ?

-Очсон газар бүрээсээ таван бог, гурван бодын цуснаас дээж авсан. Илүү бохирдсон газруудад бол олон малаас авдаг. Гэхдээ энэ жил тоогоо арай цөөрүүлсэн.

-Бог, бод малын алинд нь их агуулагдаж байгаа бол ер нь?

-Идэш ихтэй мал илүү бохирдож байна гэсэн хар төрсөн. Төл, нас залуу малуудын цусан дахь хар тугалгын агууламж өндөр байна гэсэн хандлага ажиглагдсан. Үүнийг маш өргөн цар хүрээтэй судлах хүсэлтэй байгаа. Сарын хугацаанд 70 хувь нь гадагшилдаг тул. Малаа ямар үед нь нядалгаанд өгч байгаа эсэхээс хамааран хордлогын хэмжээ янз бүр байна. Эцэст нь хэлэхэд, малын маханд чинь хар тугалга олон зуу дахин их байна шүү, монголчууд аа!

Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

kkk 2018-09-13 64.119.21.184

yanadaa yu ideh veeee, hodoo alt uhaad boon mongon us bid chin hordoj duuslaa daa

Зочин 2018-09-13 124.158.79.8

Монголчууд бүх юмыг яг эсрэгээр нь төгс хийх юм даа. Ганц харгүй иддэг хүнс маань хамгийн хортой болж таарлаа. Угаасаа ийм буруу шийдвэрүүд ар араасаа гараад байдаг нь хар тугалганд хордоцгоочихоод ухаан санаа муудаад байгаатай холбоотой юм байна ш дээ хүмүүс минь.

ЭНХОЮУН ЛЕЕ 2018-09-13 202.21.116.66

Мал эмнэлгийн хүрээлэнд хар тугалга шинжлэх ямар ч багаж байхгүй. Ер нь мал эмнэлгийн хүрээлэнгийн халдваргүй өвчний лаборатори нь ямар ч ажилгүй. Одоо ядончуудыг харж зогсох ажилтай болж дээ.

zz 2018-09-13 202.9.40.4

ter vildveriig zogsooe

Зочин 2018-09-13 202.21.126.30

Хонхорт байгаа тэр аккумулятор дахин боловсруулдаг үйлдвэрийг даруйхан хааж, ийм төрлийн үйл ажиллагааг Монголд бүрмөсөн хориглооч ээ. Үхсэнээ хийдгийн тийм үйлдвэрээр. Төр засаг анхаараач ээ.

Зочин 2018-09-13 49.0.219.220

Аккумляторын хаягдал маш их хортой. Японд үйлдвэр лүү нь буцааж явуулах ёстой юм байна лээ. Даанч манайхан хаа хамаагүй л хаячихдаг . Бас нөгөө түүхий нүүрсээ түлээд л хар тугалгаар нэвт амьсгалж дотор эрхтэн хордож бүгд мартамхай санамхай болж байгаа.

зочин 2018-09-13 66.181.168.220

Япончууд байтугай вьетнамчууд манайхаас мах авах гэж сонирхоод шинжилгээ хийхэд малын махнаас нэл хар тугалга, угаар нтр илэрсэн гэсэн. Ядаж малаа мотоциклоор хариулж байхаа болимоор юм. Мотоциклийн яндангаас бэлчээр их бохирдож байна гэсэн дүгнэлт гарсан.