Олон улсын худалдааны гол валют ам.доллар эрсдэлтэй хөрөнгө болсныг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ. Тэрбээр, Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн чуулганы үеэр олон улсад ам.доллараас татгалзах нь тренд болсныг онцолж, оронд нь өөрийн орны валютаар худалдаа, наймаа хийх болсныг онцолжээ. Хэдийгээр өөрийн орны валютаар худалдаа хийх нь тодорхой эрсдэлтэй боловч эрсдэлийг бууруулж болно гэж Владимир Путин үзсэн байна. Сүүлийн үед ОХУ нь Хятадтай хийх худалдаа наймаанд ам.доллараас татгалзаж, юань эсвэл рублийг голчлох болсон билээ.
Түүнчлэн АНУ-ын гадаад өрийн хэмжээ 20 их наяд ам.долларт хүрснээр ам.долларын эрсдэл ч нэмэгдсэн аж. ОХУ нь санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангахын төлөө валютын нөөцөө төрөлжүүлж, ам.долларын өрийн хэмжээг багасгаж байгаа аж. АНУ-ын сангийн яамны мэдээллээр ОХУ-ын ам.долларын нөөц сүүлийн 11 жилд байгаагүй хамгийн доод хэмжээнд хүрч 96,1 тэрбум ам.доллар болжээ. Өмнө нь 2010 онд ОХУ-ын ам.долларын нөөц 176,3 тэрбум ам.доллар байв. Харин ОХУ-ын алтны нөөц сүүлийн 20 жилийн хугацааны хамгийн дээд хэмжээнд хүрч 2200 тонн болжээ.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ