Шатахууны үнэ сэм, сэм, барааны үнэ гэнэ, гэнэ өсөв

Хуучирсан мэдээ: 2018.09.13-нд нийтлэгдсэн

Шатахууны үнэ сэм, сэм, барааны үнэ гэнэ, гэнэ өсөв

Шатахууны үнэ сэм, сэм, барааны үнэ гэнэ, гэнэ өсөв

“Арав хоногийн өмнөхөн  танайхаас би үхрийн цул мах килограммыг нь 5500 төгрөгөөр бөөндөж авч байсан. Гэтэл өнөөдөр мянган төгрөг нэмээд зарж байх юм. Яахаараа үнээ ийм хурдан нэмдэг юм. Ядаж бөөний үнээр нь 6000 төгрөгөөр тооцоод өгчих, би танайхаас дандаа мах авдаг шүү дээ” хэмээн  "Хүчит шонхор" захын махны худалдагчийг царайчлан зогсох бүсгүй. Тэрбээр Сонгинохайрхаан дүүргийн 21-р хороололд цайны газартай юм байна.

"Хүчит шонхор" зах хөл хөдөлгөөн багатай байлаа. Баяр ёслолын өдрүүдэд ачаалал ихтэй байдгаас бусад жирийн өдрүүдэд хөл хөдөлгөөн багасдгийг худалдагч нар хэлж байв. Тус захын өргөн хэрэглээний барааных нь үнийг сонирхохоор очтол бас нэгэн эмэгтэй худалдагчтай маргалдаад зогсч байлаа. “Хэд хоногийн өмнө  талх авахад 1400 байсан. Бензиний үнэ өсөхөөр дагаад хамаг юмаа нэмчих юмаа” хэмээн тэрбээр худалдагчийг загнах нь сонсогдов. Шатахууны үнэ сэм, сэмхэн өсөхийн хэрээр юмны үнэ бага багаар өсчээ.

“Хүчит шонхор“ захын бараа бүтээгдэхүүний үнэ хотын төвийн дэлгүүр, худалдааны төвийг бодвол харьцангуй хямд гэлцдэг. Гэсэн ч тус захын ченжүүд, худалдагч нар үнийн өсөлтийг "тойрсонгүй".

ҮХРИЙН МАХНЫ ҮНЭ БАГА ЗЭРЭГ БУУРЧЭЭ

"Хүчит шонхор" худалдааны төв дотор хонины цул мах нэг килограмм нь 6000-6200, ястай мах 5800-6000, үхрийн цул мах 6500 ястай мах 6000, адууны цул мах 5100, тэмээний цул мах 6000, ямааны мах 6100 төгрөгийн үнэтэй байлаа. Харин захын хашаанд зарж байгаа бөөний махны үнэ харьцангуй хямдарчээ.

Хичээлийн шинэ жил эхэлж, оюутан, сурагчдынхаа төлбөр тооцоог хийх, бараа бүтээгдэхүүн худалдаж авах гээд малчид малаа эдийн засгийн эргэлтэд оруулсан нь мах хямдрахад нөлөөлсөн бололтой.  Гэхдээ өнгөрсөн жилийн намартай харьцуулахад махны үнэ бага зэрэг өссөн аж.

Тус төвийн хүнс, өргөн хэрэглээний бараа зардаг худалдааны төвийнхөн гэхэд л  барааны үнийг багадаа 100-500 төгрөгөөр нэмжээ.

Тухайлбал, ердөө сарын өмнө 1450 төгрөгөөр худалдаалж байсан зүссэн талх 1550 төгрөг болж нэмэгджээ. Худалдагчаас үнэ нэмсэн шалтгааныг асуувал өнгөрсөн наймдугаар сарын дундуур үйлдвэрийн талхны үнэ 100 төгрөгөөр нэмэгдсэн. Үйлдвэр нь үнээ нэмсэн тул худалдаачид үнийг өсгөхөөс өөр аргагүй гэв.  Үйлдвэрийнхээ үнэ дээр ердөө 50 төгрөг нэмж зардаг гэдгээ ч хэлж байна.

ХҮНСНИЙ НОГООНЫ ҮНЭ БУУРЧЭЭ

Харин тус захад  хүнсний ногооны үнэ харьцангуй буурчээ. Тухайлбал, нэг килограмм төмс 500-600,  лууван 600, байцаа 350-500 төгрөгөөр худалдаалж байлаа. Харин шуудай 40 килограмм шуудай төмс 20 мянган төгрөг байх аж. Худалдаачдын нэг болох А.Одхүү бидэнд дараах мэдээллийг өгөв. “Хүнсний ногооны үнэ нэг үеэ бодвол буурсан. Өнөөдрийн байдлаар төмс 600 төгрөг байна. Жишээ нь, Монгол лууван 1000, манжин 1000, байцаа 500 төгрөг болтлоо буурсан. Өнгөрсөн сартай харьцуулбал төмс 200-300 төгрөгөөр буурсан байгаа юм. Хүмүүсийн худалдан авах чадвар өнгөрсөн сартай харьцуулахад бага зэрэг тааруу байна. Хүмүүс шуудайгаар авах нь ховордож, килограммаар нь их авдаг болжээ. Манайх ногоогоо Төв аймгийн Жаргалант сумаас төв оруулж ирдэг. Шуудай төмсийг 18-20 мянган төгрөгөөр худалдаалж байгаа" тухайгаа А.Одхүү  хуучлав.

Хажуугийн лангуунд 60 орчим настай иргэн хүнсээ цуглуулаад явж байхтай таарлаа. Тэрбээр “Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Хүмүүсийн амьдрал сайнгүй байна шүү дээ. Үнийн өсөлтийн асуудал төр засгийн удирдлагуудтай шууд холбоотой. Ард түмний бухимдаж буй хамгийн гол асуудал нь төр засгийн явуулж буй буруу бодлого" хэмээн эрх баригчдыг буруутгаж байна.

"Төр засаг тогтвортой бодлого явуулж төрийн өндөрлөгүүд амлалтдаа хүрэх хэрэгтэй. Худлаа амлалт өгч гарч ирчхээд суусаар байтал иргэдийн амьдрал яаж доройтож байгааг тэд анзаарч хардаг юм болов уу. Ард түмэн бид нар чинь ядуурал ажилгүйдэлд өртчихсөн байхад яагаад төр засаг дүлий аятай суугаад байгаа юм” гэж өвгөн нэлээд улстөржих шинжтэй. Харин цагаан будаа гурилын үнэ харьцангуй тогтвортой байгааг иргэд ярьж байв. Тухайлбал, нэг килограмм нэгдүгээр гурил 1000, дээд гурил 1200, цагаан будаа 2000, сахар 1600-1700, ургамлын тос 3200-4200 төгрөгийн үнэтэй байв.

НЭГ КИЛОГРАММ БҮРТ 200 ТӨГРӨГ НЭМЖ ЗАРДАГ ГЭВ

“Бөмбөгөр” худалдааны төвд очиход мах ногооны тасаг нь худалдан авагчгүй шахам байлаа. "Хүчит шонхор"-той харьцуулбал "Бөмбөгөр"-т бараа, бүтээгдэхүүний  үнэ харьцангуй өндөр байлаа. Жишээ нь, нэг килограмм монгол төмс 800 төгрөгөөр худалдаалж байсан бол, лууван 1500, байцаа 800, сонгино 1500 төгрөг, шуудай төмс 30 мянган төгрөг  байв. Тус захын худалдагчийн хэлснээр тэд нэг килограмм хүнсний ногоо бүрт 200 төгрөг нэмж зардаг аж. Тэд хэлэхдээ “Лангууны түрээс, ашгаа олохын тулд ингэж зарахаас өөр арга байдаггүй. Хавар Монгол төмс 2000 мянган төгрөг болтлоо өссөн. Одоо ногооны үнэ 10 сар хүртэл бага зэрэг буурах байх. Гэхдээ хүйтрэхээр хүнсний ногоогоо зооринд хадгалдаг учир үнэ нь харьцангуй өсдөг” хэмээн тайлбарлалаа.

Харин махны лангуунд үхрийн цул мах 9000, хонины цул мах 6500, ястай нь 4500, адууны мах 7500 төгрөгийн үнэтэй байсан юм. Мөн талх, нарийн боовны үнэ өмнөхтэй адилаар 100 төгрөгөөр үнээ нэмжээ. Гэхдээ “Атар” талхны үнэ нэмэгдээгүй болохыг борлуулагч нар онцлов. Тэгвэл “Барс” худалдааны төвд нэг килограмм Монгол төмс 500-600, лууван 800, сонгино 1000, манжин 600, байцаа 350 төгрөгөөр худалдаалж байна. Өнгөрсөн сарынхтай харьцуулбал ногооны үнэ 300-400 төгрөгөөр буурчээ.

Иргэн Л.Бадамгэрэлтэй уулзаж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн нь иргэдийн амьдралд хэрхэн тусч буй талаар лавлахад “Монголд бараа, бүтээгдэхүүний үнэ сургаар өсөх юм. Хэд хоногийн өмнө кг хиам 6200-6500-аар авдаг байсан бол 7000 төгрөг болчхож. Үнэ нь нэмэгдсэнийг худалдагч нар ийм ч барааны үнэ өссөн, тийм ч бүтээгдэхүүний ханш нэмэгдсэн гэж тайлбарладаг.

Сургаар барааныхаа үнийг нэмдэг тогтолцоог халах хэрэгтэй. Өчнөөн жил ийм маягаар явлаа. Эдийн засгийн хаана нь ийм гаж тогтолцоо нуугдсаныг олж, ард иргэдийнхээ нуруун дээрх ачааг хөнгөлмөөр байна. Цалин нэмэгдэхгүй хэрнээ бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд байх юм. Би 50 мянган төгрөгт ойр зуурын хүнсээ хангалттай цуглуулдаг байсан бол одоо хүрэхгүй байна. Тэгээд ургамлын тосоо авч чадалгүй буцаж байна” хэмээн мөн л засаг төрийг буруутгаж буйгаа нуусангүй.

ЕСДҮГЭЭР САР ГАРСААР 8 НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ БУУРЧ 2 НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ ӨСЧЭЭ

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2018 оны есдүгээр сарын 5-ны өдрийн байдлаар өмнөх долоо хоногоос 26 нэрийн барааны үнэ тогтвортой, найман нэрийн барааны үнэ буурсан, хоёр нэрийн барааны үнэ өсчээ. 2018 оны есдүгээр сарын 5-ны өдөр нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 950-1200 төгрөг, 2-р зэргийнх 800-1000 төгрөг байна.

БайгууллагаАлтан тариа задгай, дээдАлтан тариа задгай, 1-р зэрэг
Барс худалдааны төв1,250950
Баянзүрх зах1,4001,100
Бөмбөгөр худалдааны төв1,2501,000
Макс супер маркет1,4101,012
Номин супер маркет1,340960
Оргил супер маркет1,2661,012
Сансар супер маркет1,3101,160
Таван эрдэнэ зах1,3001,100
Хар хорин зах1,3001,100
Хүчит шонхор зах1,3001,100

Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1250-аас 1400 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна.

“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Хүчит шонхор зах”, “Бөмбөгөр худалдааны төв”, “Хар хорин зах”, “Оргил супер маркет” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр “Сансар супер маркет” худалдаалж байна.
Цагаан будаа хүнсний зах, дэлгүүрт 2500-3250 төгрөгийн үнэтэй байна. “Хүчит шонхор зах”, “Бөмбөгөр худалдааны төв”, “Барс худалдааны төв”, “Таван эрдэнэ зах”, “Хар хорин зах”, “Баянзүрх зах”-д хамгийн хямд буюу 2500 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 3250 төгрөгөөр “Макс супер маркет” худалдаалж байна.

Ийнхүү шатахууны үнэ сэм, сэм, юмны үнэ гэнэ гэнэ өсч байна.

Э.АРИУН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж