Индонез Улсын Төлөөлөгчдийн танхимын дэд дарга ноён Фадли Зонтой уулзав

Хуучирсан мэдээ: 2018.09.13-нд нийтлэгдсэн

Индонез Улсын Төлөөлөгчдийн танхимын дэд дарга ноён Фадли Зонтой уулзав

Индонез Улсын Төлөөлөгчдийн танхимын дэд дарга ноён Фадли Зонтой уулзав

Бүгд Найрамдах Индонез Улсын Бали хотноо зохиогдож буй: “Бүх Нийтийг Тогтвортой Эрчим Хүчээр Хангахын Төлөөх Түншлэл” сэдэвт Тогтвортой хөгжлийн асуудлаарх парламентын дэлхийн 2 дугаар чуулга уулзалтын үеэр УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Индонез Улсын төлөөлөгчдийн танхимын дэд дарга ноён Фадли Зонтой уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Тогтвортой хөгжлийн асуудлаарх дэлхийн хоёрдугаар чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулж буйд баяр хүргээд, Монгол, Индонез улсууд хооронд өндөр, дээд түвшний харилцан айлчлал амжилттай хэрэгжиж, хоёр талын хамтын ажиллагааны хамтарсан комисс байгуулагдан, анхдугаар хуралдаанаа хийснийг сайшаан тэмдэглэв. Мөн тэрбээр уг комиссын 2 дугаар хуралдааныг Монгол Улсад ирэх онд зохион байгуулахад бэлэн буйгаа илэрхийллээ.

Цаашид эдийн засаг, худалдааны салбарын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд үүнд хууль тогтоох байгууллагуудын хүчин чармайлт чухал үүрэгтэй гэдэгт талууд  санал нэгдэв.

Төлөөлөгчдийн танхимын дэд дарга ноён Фадли Зон “Индонезийн ард түмэн Монголын, тухайлбал Чингис, Хубилай хааны дэлхийг байлдан дагуулсан  түүхээр бахархдаг”- аа дурдан, цаашид хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэхэд хоёр талаасаа идэвхийлэн ажиллахын чухлыг тэмдэглэв.  Уулзалтын төгсгөлд УИХ-ын дэд дарга ирэх оны эхний хагаст Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн орнуудын тогтвортой хөгжлийн асуудлаарх бага хуралд оролцохыг урьсныг ноён Фадли Зон талархан хүлээн авлаа.

УИХ-ын гишүүн А.Ундраа “Ногоон аж үйлдвэрт чиглэсэн чанартай боловсрол ба технологи” сэдэвт хоёрдугаар хуралдаанд илтгэл тавилаа.

Тэрбээр, ногоон аж үйлдвэрийн хөгжилд өндөр боловсролтой боловсон хүчин онцгой шаардлагатай  тул сургуулийн өмнөхөөс эхлээд дээд боловсрол хүртэлх бүх шатны боловсролын чанарыг сайжруулах чиглэлээр улс орнууд бодлогоо чиглүүлж, холбогдох арга хэмжээг эрчимжүүлэхийн чухлыг онцлоод, энэ чиглэлээр Монгол Улсын баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцууллаа. Мөн Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн талаарх Үндэсний сайн дурын тайланг Монгол Улс 2019 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар хэлэлцүүлэхээр бэлтгэж буйг дурдсан.

Эх сурвалж: WWW.PARLIAMENT.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж