2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр – Монгол Улсын харилцаа холбооны салбарын тэргүүлэгч оператор Мобиком Корпораци Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимаас жил бүр зохион байгуулдаг “Энтрепренер 2014” арга хэмжээний “Оны онцлох 10 аж ахуйн нэгж”-ээр 2 дахь жилдээ дараалан шалгарлаа. Мобиком Корпорацийн 2014 онд хийж бүтээсэн ажлыг үнэлэн энэхүү шагналыг хүртээсэн нь бидний хувьд нэр төрийн хэрэг билээ.
Юуны өмнө бидний ажлыг үргэлж дэмжин, хамтдаа хөгжиж, дэвжиж буй 1.3 сая гаруй хэрэглэгчиддээ халуун талархал дэвшүүлье. Хэрэглэгчид Та бүхэндээ харилцаа холбооны дэвшилтэт технологиор дамжуулан, хамгийн найдвартай өргөн сүлжээ бүхий, дэлхийн стандарт, хэрэглээнд нийцсэн, амар хялбар үйлчилгээг үзүүлэх нь бидний нэн тэргүүний үнэт зүйл билээ.
Мобиком Корпораци нь улиран өнгөрч буй 2014 онд дараах томоохон бүтээн байгуулалт, шинэчлэл, нийгмийн хариуцлагын үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүллээ. Тухайлбал:
-Монгол Улс доторх яриа, мессеж, дата, роаминг яриа, мессеж, дата үйлчилгээнийхээ тарифаа хямдруулж, хамгийн хямд олон улсын ярианы тарифыг амжилттай нэвтрүүллээ.
-Он цагийн уртад бидэнтэй хамт байсан үнэнч хэрэглэгчиддээ талархал илэрхийлж, урамшуулах зорилгоор асар хурдтайгаар хүрээгээ тэлж буй Кэнди лоялти хөтөлбөрт нэгдэн орлоо.
-Бид Apple компанийн Монгол дахь цорын ганц албан ёсны дистребьютерийн хувь IPhone утасны 2014 оны шинэ загваруудыг зах зээлд амжилттай танилцууллаа.
-Хэрэглэгчиддээ орон даяар хамгийн өргөн сүлжээг ашиглах боломжийг олгох үүднээс 150 шинэ бааз станцыг ашиглалтад оруулж, олон арван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ.
-Мөн бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд алслагдсан сумдын дунд сургуулиудын ариун цэврийн байгууламжуудыг сайжруулан, халуун хүйтэн устай, орчин үеийн байгууламж барьж байгуулан, хүүхэд, сурагчид, эцэг, эх, сурган хүмүүжүүлэгчдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх, хүүхдийн эсрэг хүчирхийллийг мэдээлэх “Хүүхдийн тусламжийн утас 108” төслийг амжилттай хэрэгжүүллээ.
Ирэх 2015 оны 5 дугаар сард Мобиком Корпораци ICT ЭКСПО-г зохион байгуулах бөгөөд энэ үеэр харилцаа холбоо, мэдээллийн технологи, энтертэймэнт чиглэлээр дэлхийн дэвшилтэт технологийг танилцуулан, улс орны эдийн засгийг тэлэх үйл явцад өөрийн үүргийг гүйцэтгэн, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулна хэмээн итгэж байна.
Мобиком Корпорацийн зүгээс Та бүхэндээ ирж буй 2015 ондоо амар амгалан байж, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөлийг дэвшүүлье!