Өдөр тутмын сонинуудын холбоо бодлого тодорхойлогчдод шаардлага хүргүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.09.13-нд нийтлэгдсэн

Өдөр тутмын сонинуудын холбоо бодлого тодорхойлогчдод шаардлага хүргүүлнэ

Өдөр тутмын сонинуудын холбоо бодлого тодорхойлогчдод шаардлага хүргүүлнэ

Монголын өдөр тутмын сонинуудын холбооны II форум өнөөдөр /2018.9.13/ болж байна.  Анхны форумаар салбарын дотоод нөхцөл байдал, асуудлын талаар хэлэлцсэн бол энэ удаад нийгмийн чухал асуудлуудад анхаарлаа хандуулж байна. Энэ хүрээнд яаралтай шийдвэрлэх шаардлагатай 10 асуудлыг хөндөн ярилцаж байна.

Үүнд хүүхэд хамгаалал, монголчуудын эрүүл мэнд, амьдрах орчны бохирдол, эдийн засгийн хөгжил, ядуурал, ажилгүйдэл, дотоодын аж үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдал, сургууль, цэцэрлэг, орон сууцны хүртээмж, хар тамхины хэрэглээ, боловсролын тогтолцооны гажуудал, төрийн албаны хүнд суртал, авлига, хээл хахууль зэрэг багтаж байна.

Тухайлбал, хотын их төвлөрлөөс үүдэн нийгмийн эрүүл мэнд агаар, хөрсний бохирдол зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давж, хүний бие организмыг чимээгүй үхүүлсээр байна. Хүйтний улиралд хүхэрлэг хийн хэмжээ стандартаас хоёр дахин, PM2.5 тоосонцор 3-4 дахин их, зарим өдрүүдэд хүний эрүүл мэндэд хамгийн хортой дөрвөн төрлийн бодис 8-10 дахин их байгаа нь хэвийн үзэгдэл болоод байна гэж үзэж байна.

Мөн Монгол Улс хүүхдэд ээлтэй бус тэдний амьд явах, сурах, эрүүл байх, эрхийг хэрэгжүүлэхэд анхаардаггүйгээс зөвхөн энэ оны эхний хагас жилийн байдлаар 151 хүүхэд цаг бусаа ховоог орхижээ. Үүний цаана гэмтэж бэртсэн, боловсрол, эрүүл мэндийн чанартай үйлчилгээнд хамрагдаж чаддаггүй, гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэл, хөдөлмөрийн тэвчишгүй мөлжлөгт орсон нь хэдэн мөнгөөр тоологдож байна гэлээ.

Монгол Улс 2030 он гэхэд хүн амынхаа 80 хувийг дунд, чинээлэг амьдралтай болгох зорилт тавьсан. Гэвч дундаж амьдралтай иргэдийн орлого өсөх бус буурах хандлагатай байна. Тодруулбал, Монгол Улсын иргэдийн 29.6 хувь нь ядуу амьдарч байгаа нь 2014 оныхоос 37 хувиар өссөн дүн. Улсын макро эдийн засгийн үзүүлэлт өссөн ч олон иргэн ургамлын тос граммлаж, талх таллаж авдаг хэвээр байна.

Ядуурлын суурь шалтгаан болсон ажилгүйдэл эдийн засгийн хямралын үеэс ч давлаа. Эхний найман сарын байдлаар 100 гаруй мянган иргэн ажил хайж хөдөлмөрийн биржид бүртгүүлсэн байна. Үүнээс хэд дахин их иргэн цалин сайтай л бол ямар ч хамаагүй ажил хийхээр хилийн дээс алхаж байна.

Монгол Улсын дотоодын зах зээлийн хэрэглээ эхний найман сарын байдлаар 5.2 тэрбум ам.доллараар хэмжигдэж байхад ердөө 1.4 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэсэн байна. Шүдний чигчлүүрээс эхлээд  хүнсний гол  нэрийн бараа, тоног төхөөрөмж гээд бүгдийг гаднын гаднын орноос валютаар авч байгаа нөхцөлд эдийн засгийн тусгаар тогтнолын тухай ярих боломжгүй гэж байлаа.

Эдгээр тулгамдсан асуудлыг нэг удаа яриад өнгөрөх биш  нийтлэлийн бодлогоороо бодлого тодорхойлогчдын сонорт хүргэж, болохгүй бол шаардаж, бодит үр дүнд хүрэх хүртэл Өдөр тутмын сонинуудын холбоо ажиллахаар болжээ. Үүний эхний арга хэмжээ нь энэ форум аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж