Цалингаа нэмүүлэх багш нарын шаардлагад хариу өглөө

Хуучирсан мэдээ: 2018.09.13-нд нийтлэгдсэн

Цалингаа нэмүүлэх багш нарын шаардлагад хариу өглөө

Багш нарын ажил хаялт хуульд нийцсэн эсэхийг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шүүх эцэслэн тогтоох ёстой ч Засгийн газрын хувьд Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, багш нарын байр суурийг хүндэтгэж шүүхэд хандах сонирхол одоогоор байхгүй болно

Цалингаа нэмүүлэх багш нарын шаардлагад хариу өглөө

Багш нар хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн цалингаа дахин нэмэхийг шаардан ажил хаялт зарлаад ес хонож байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нар өчигдөр/2018.09.12/ Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Багш нарын ажил хаялтыг зохион байгуулах ажлын хэсгийн төлөөлөлтэй уулзаж цалин нэмүүлэх асуудлаар тавьсан шаардлагынх нь хариуг өгчээ.

Уг шаардлагад "Багш нарын цалинг 2018 оны 9 дүгээр сараас  15 хувиар нэмэгдүүлэх төсвийн боломжгүй байгаа тул боловсролын болон эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалингийн доод жишгийг 2014 онд шинэчлэн тогтооход үүссэн 4.3 хувийн зөрүүг арилгах арга хэмжээг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 2018 оны төсвийн багцад зохицуулан шийдвэрлэж энэ оны  есдүгээр сараас хэрэгжүүлэх саналтай байна.

Цалинг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхэд нэг их наяд төгрөг нэмж шаардагдана. Төсөвт ийм хөрөнгийн боломж хомс бөгөөд цалинг огцом өндөр хувиар нэмэх нь бараа бүтээгдэхүүний үнийг өсгөх сөрөг талтай болно.

Харин төрийн албан хаагчдын цалинг 2014 онд нэмэгдүүлснээс хойш хүн амын худалдан авах чадвар буурсантай холбоотойгоор Засгийн газрын  2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хугацаанд үе шаттайгаар төрийн албан хаагчдын цалинг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Хүүхдийн сурч боловсрох эрхийг хангах үүднээс ажил хаялтад оролцож байгаа багш нарын цалин хөлсийг нөхөн олгох асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна" гэж Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоонд хүргүүлсэн шаардлагын хариуд онцолжээ.

Э.ЖОНОН

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж