Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк Торгоны замыг санхүүжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.09.13-нд нийтлэгдсэн

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк Торгоны замыг санхүүжүүлнэ

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк Торгоны замыг санхүүжүүлнэ

Хятад улсын дарга Ши Жиньпин 12-ны өдөр Дорно дахины эдийн засгийн форум дээр “Алс Дорнодыг хөгжүүлэн шинэ боломжийг хамтаар хуваалцаж, Зүүн хойд Азийн шинэ ирээдүйг бий болгоё” сэдвээр илтгэл тавилаа. Дэлхийн хүн амын 23 хувь, дэлхийн эдийн засгийн нийт хэмжээний 19 хувийг эзэлдэг Зүүн хойд Азийн бүс нутагт БНХАУ, ОХУ, Монгол, Япон, БНСУ, БНАСАУ зэрэг зургаан орон багтдаг. Энэ бүс нутгийн санхүүжилт хангалттай, ялангуяа Хятадын гадаад дахь хөрөнгө оруулалт дэлхийн хөрөнгө оруулалтын томоохон хөдөлгүүр болж байдаг учраас Ши Жиньпиний илтгэл анхаарлын төвд байлаа. Тэрбээр илтгэлдээ Зүүн хойд Азийн эдийн засгийн бүсийг байгуулах хамтын зорилгыг онцолсон төдийгүй Алс Дорнодын бүс нутгийг “Дэлхийн эрдэнэсийн сан” хэмээн тодотгожээ. Мөн “Хятадын тал Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банк, Торгоны замын санг дэмжиж, төслийн санхүүжилтийн баталгааг хангах болно. Энэ нь Зүүн хойдын эдийн засгийн бүсийн байгуулахад илүү их боломжийг бүрдүүлнэ” гэжээ.

Дүрмийн сандаа 100 тэрбум ам.доллартай Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, “Нэг бүс, нэг зам” төсөлд хөрөнгө оруулалт хийгээд эхэлчихсэн “Торгоны зам” сан” гэхчлэн аварга төсөлд хөрөнгө оруулалтыг хайрлахгүй байгаа Зүүн хойд Азийн эдийн засгийн бүсийн өмнө Дорнын эдийн засгийн форум чухал үүрэгтэй болж байна.

“Торгоны зам” сан л гэхэд Пакистанд 15 тэрбум ам.доллар, ОХУ-ын “Новатек” компанид нэг тэрбум ам.долларын зээл өгчихөөд байгаа. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д. Цогтбаатар энэ оны гуравдугаар сарын 13-нд Баку хотноо болсон  ЕАБХАБ-ын Парламентын Ассамблей дэх Торгоны замыг дэмжих бүлгийн анхдугаар хурлын үеэр  “Бид Торгоны замын болон Нэг бүс, нэг зам санаачилгын ач холбогдлыг дутуу үнэлэхгүй. Бид шинэ боломжуудын гараан дээр байгаа бөгөөд тиймээс Монгол Улс Хятадаас эхлээд Европ хүртэлх энэхүү төсөлд оролцогч орнуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх чиглэлээр шаардлагатай хувь нэмрээ оруулах болно. Мөн Торгоны замд багтах орнууд болон, түүний хөгжилд хувь нэмрээ оруулах орнууд улам их ашиг хүртэж, эдийн засгийн боломжоо нэмэгдүүлэх боломжтой” гэдгийг хэлж байсан.  БНХАУ 2016-2020 он хүртэл “Нэг бүс нэг зам” төслийн зам дагуух орнуудын зөвхөн дэд бүтцэд л гэхэд наанадаж 10 их наяд 600 тэрбум ам. доллароос дээш хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд байгаа тухайгаа оны өмнөхөн мэдэгдэж байсан билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж