Д.Баяндүүрэн: Нөхөн сонгуулийн асуудлаар УИХ-ын шийдвэрийг хүлээж байна

Хуучирсан мэдээ: 2018.09.13-нд нийтлэгдсэн

Д.Баяндүүрэн: Нөхөн сонгуулийн асуудлаар УИХ-ын шийдвэрийг хүлээж байна

Д.Баяндүүрэн: Нөхөн сонгуулийн асуудлаар УИХ-ын шийдвэрийг хүлээж байна
bayanduuren

УИХ-ын гишүүн Д.Гантулга Хэнтий аймаг буюу УИХ-ын  42-р тойргийн сонгогчид төлөөлөлгүй болсон. Тиймээс  нөхөн сонгууль зохион байгуулах УИХ-ын тогтоол гаргасан ч түүнийг нь Үндсэн хуулийн цэц түдгэлзүүлсэн. Өөрөөр хэлбэл, УИХ-аас баталсан нөхөн сонгууль товлон зарлах тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн үг юм.  Сонгуулийн тухай хуулиар жил бүрийн арав, зургадугаар сарын хоёр дахь долоо хоногийн ням гаригт нөхөн болон дахин сонгууль зохион байгуулна гэсэн заалттай учраас УИХ-ын 42-р тойрогт нөхөн сонгуулийг аравдугаар сарын 7-нд болох сонгуульд 14 нам оролцохоо илэрхийлж, Сонгуулийн ерөнхий хороо бэлтгэлээ хангаад байсан юм. Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-42-р тойргийн нөхөн сонгуультай холбоотойгоор бэлтгэл ажлаа хангаж байсан. Одоо бэлтгэл ажлууд бүгд зогссон байгаа юу?

-Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарсан учраас 42-р тойргийн бүх бэлтгэл ажлыг түдгэлзүүлээд байна. Цэц УИХ-ын тогтоолыг түдгэлзүүлсэн учраас түүнийг дагаад бүх бэлтгэл ажлууд түдгэлзэж байгаа гэсэн үг.

-УИХ цэцийн шийдвэрийг хүлээж авбал нөхөн сонгууль товлосон хугацаандаа болох боломжтой юу?

-Хэрэв УИХ цэцийн түдгэлзүүлсэн шийдвэрийг хүлээж аваад хуульдаа ямар өөрчлөлт оруулахаас л шалтгаална. Бид УИХ-ын шийдвэрийг хүлээж байна. УИХ хуульдаа ямар өөрчлөлт оруулахаас шалтгаална. Өмнө нь нөхөн сонгууль заавал арав, зургадугаар сард биш УИХ-ын тогтоосон хугацаанд зохион байгуулж байсан тохиолдлууд бий. Тиймээс УИХ ямар шийдвэр гаргахыг л хүлээж байна. УИХ шийдвэр гаргавал бид хэрэгжүүлээд явна.

-Зарим хуульчдын зүгээс төрийн албан хаагч хэзээ нөхөн болон дахин сонгууль зохион байгуулна гээд ажлаасаа чөлөөлөгдөнө гээд байж байх билээ. Төрийн албан хаагч ажлаасаа чөлөөлөгдөх заалт бол нөхөн сонгуулийн үед бус ээлжит сонгуулийн үеэр хэрэглэгдэх заалт гэж хэлээд байгаа?

-Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэх нэр дэвшигчид тавигдах шаардлага дотор нэр дэвшиг хэрэв төрийн албан хаагч бол ажлаас чөлөөлөгдсөн гэсэн бичиг бүрдүүлж өгнө гэсэн заасан байгаа. Бид хуульд заасны дагуу л материалаа бүрдүүлж авна. Сонгуулийн нэгдсэн хуульд төрийн албан хаагч ажлаасаа чөлөөлөгдсөн гэсэн нэг л заалт байгаа учраас энэ заалт нөхөн, ээлжит аль алинд нь үйлчлэх ёстой байх.

-Энэ аравдугаар сарын 7-нд хаана ханаа нөхөн болон дахин сонгууль болох вэ?

-Хэнтийн 42-р тойргоос бусад найман газарт нөхөн болон дахин сонгууль аравдугаар сарын 7-нд болно. Хоёр аймаг, дөрвөн сум, дүүрэгт нөхөн болон дахин сонгууль зохион байгуулагдана. Бид бэлтгэлээ хангаад явж байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж