Түгжрэл: Түгжээг мултлах хотын даргын санаа

Хуучирсан мэдээ: 2018.09.13-нд нийтлэгдсэн

Түгжрэл: Түгжээг мултлах хотын даргын санаа

Түгжрэл: Түгжээг мултлах хотын даргын санаа

Их хотын хөдөлгөөн ээлжит уламжлалаараа удааширчээ. Бүгд ажилдаа орж, хичээл эхэлсэнтэй холбоотойгоор хотын замын түгжрэл хэрэг алга гэж ам амандаа халаглаж байна. Их хотод Монголын нийт тээврийн хэрэгслийн талаас илүү буюу 60 орчим хувь нь байна.

Замын цагдаагийн газраас долоо хоногийн эхэнд өгсөн мэдээллээр Улаанбаатар хотод бүртгэлтэй нийт 534,000 автомашин байгаагийн 350 орчим мянга нь өдөр болгон замын хөдөлгөөнд оролцож байгаа гэв. Үүн дээр товчоодоор орж ирсэн орон нутгийн 90 гаруй мянган тээврийн хэрэгслийг нэмбэл нийслэлд өдөрт 450 мянга орчим тээврийн хэрэгсэл зорчиж байгаа ажээ.

Тэгвэл өөр нэгэн бухимдмаар статистик бий. Түгжрэлээс үүдэн наймдугаар сард л 20 км/цаг хурдтай байсан нийтийн тээврийн автобуснууд есдүгээр сар гарснаас хойш цагт зургаахан км-ээр урагшилж, явган хүний алхах хурдтай тэнцжээ.

Иргэд ч эрүүл мэндээ бодсон ч, цаг, мөнгөө тооцсон ч алхах л хамгийн зөв гарц гэж сонголт хийх болов.

ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ НҮДЭЭ ОЛСОН ШИЙДВЭР

ЭХНИЙ АЛХАМ

Хотын дарга түгжрэлийг бууруулах гарцыг хайхаар байгуулсан ажлын ажлын хэсгийн судалгаанд үндэслэн нэгэн шийдвэр гаргаснаа долоо хоногийн эхэнд танилцуулсан. Тэр нь Улаанбаатар хотын бүсэд өглөө 06:00-10:00 цаг, оройн 16:00-20:00 цагуудад борлуулалт түгээлт болон тохижилт үйлчилгээний гэх мэт ачааны автомашины хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр. Энэхүү шийдвэр шууд нүдэнд харагдахуйцаар түгжрэлийг бууруулахгүй нь мэдээж. Гэхдээ….

Өнөөдөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч бүхэн өөрийн гэсэн борлуулалтын багтай. Тэрхүү багт жолооч, борлуулалтын менежер гээд дор хаяж 5-40 хүний /томоохон үйлдвэрүүдэд энэ тоо зуугаар яригдана/ бүрэлдэхүүнтэй 2-30 автомашинтай ажиллах хүчин бий. Өнөөдөр Монголд ложистикийн буюу түгээлтийн үйлчилгээ хөгжөөгүй болохоор үйлдвэрлэгчид борлуулалтаа хийхийн тулд аргагүй эрхэнд ийнхүү шаардлагагүй өчнөөн орон тоо гарган баахан машин авч, хөрөнгө зарж, өөрсдийн бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэдэг.

Манай үйлчилгээний газрууд 10,00-аас нааш онгойдоггүй, 22,00 цагаас хойш ажилладаггүй болохоор түгээлтээ ажлын цагаар л хийж, түгжрэлд бодитой нөлөөлдөг. Харин хотын даргын энэхүү шийдвэр гарснаар ид ачаалалтай үёд багагүй тээврийн хэрэгсэл явахгүй нь.

Ингэснээр үйлдвэрлэгчид замын ачаалал багатай өдрийн эсвэл шөнийн цагаар түгээлтээ хийнэ. Магадгүй үүнийг дагаад бараа бүтээгдэхүүнээ татаж, түгээх гэсэн аж ахуйн нэгжүүдийн цагийн хуваарь өөрчлөлт орно. Хэрэвзээ хүсэлт гаргавал хотын захиргаа энэ хуваарьт ч өөрчлөлт оруулаад өгвөл асуудлыг зохицуулах боломж байна.

Өнөөгийн хотын бодит байдалд тухайн айл өрх хүнсээ ажил тараад эсвэл амралтын өдрөөр цуглуулах л боломж бий. Гэхдээ олон хоногоор нь хүнсээ авчих хөрөнгө, мөнгөний бололцоо тааруу учраас өдөр болгон ажлаа тараад цуглуулдаг. Энэ нь ч түгжрэлд том түлхэц үзүүлнэ. Хэрэвзээ үйлчилгээний газруудын цагийн сунгаад өгвөл аль болох түгжрэл бага үед хувийн ажлаа амжуулах нЬ гарцаагүй. Их хот гэдэг хэр нь 22,00 цаг болов уу, үгүй амьдрал зогсчихдог нь бид ажлын цагаар л бүхнээ амжуулахаар өөр аргагүйд хүргээд байгаа хэрэг.

Их хот гэдэг хэр нь тосгоны хэмнэлээр 22:00 гээд бүх үйлчилгээ зогсдог болохоор өдөр л түгжрээд ч хамаагүй ажлаа амжуулж таарна аа даа. Дээр нь ложистикийн үйлчилгээ эрхлэгчийг бодлогоор дэмжиж, үйлдвэрчид бус түгээлтийн тусгай үйлчилгээ үзүүлэгч нар л борлуулалтыг нь хариуцаад эхэлбэл үйлдвэр бүр машин авч, үргүй зардал гаргахаа болино.  Тэд зөвхөн бараа, бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулахад л анхаарна. Өдөр амждаггүй нэг нь шөнөөр хүнсээ цуглуулж, хумсаа янзлуулна.

УДААХ АЛХАМ

нийтийн тээвэр нэгдүгээр эгнээгээр явдаг болоод багагүй хугацаа өнгөрсөн. Үр дүнгээ ч өгсөн. Харин өнөөдөр иргэдийн бухимдлыг багагүй бардаг нэг зүйл нь том оврын нийтийн тээврийнхэн нэгдүгээр эгнээнд зогсдог явдал. Төв замын дагуу нийтийн тээврийн зогсоолууд стандарт шаардлага хангаагүйгээс энэ төрлийн түгжрэл үүсдэг. Тиймээс үүнийг цэгцлэх саналыг мөнөөх ажлын хэсгийнхэн нь гаргажээ. Тухайлбал, төв номын сангийн автобусны буудал нь стандартын бус учир нийтийн тээврийн хэрэгсэл буудал дээр багтахгүй, нэгдүгээр эгнээнд зогсдог зэргээс хөдөлгөөнд оролцож байгаа автомашинтай давхцаж түгжрэл болон зам тээврийн осол гарах нөхцөл үүсдэг. Тиймээс Үүнийг шийдвэрлэж стандартад нийцсэн зогсоол болгох талаар холбогдох албаныханд үүрэг өсөн байна.

ГУРАВ ДАХЬ АЛХАМ

Ажлын хэсгийнхэн зарим замын хөдөлгөөнийг тойргийн системд оруулах саналыг тавьж буй аж. Гадаадын хүн ам ихтэй, тээврийн хэрэгслийн тоогоор тэргүүлдэг хотууд энэ л аргыг зам хөдөлгөөнийг сайжруулах зорилгоор хэрэглэдэг. Өнөөдөр уулзвар болгоноор биенээсээ өрсөж орох гээд чагтан гацаа үүсгэхийг бид өдөр болгон хардаг. Хэрэвзээ тойргийн системээр яваад эхэлбэл нэг чигт л явдаг болно гэсэн үг. Ингэвэл зүүн тийш явах нь баруун тийш явахаа, баруун тийш явах нь зүүн тийш явахаа гацаахгүй нэг чигт л бүгдээрээ явна гэсэн үг.  Том хотуудад ийм л жишгээр сүнгэнэтэл давхилддаг. Үүнийг нь харин хотын дарга дэмжээд туршаад үзэж яагаад болохгүй гэж.

Хийх хүнд арга, хийхгүй шалтаг олддог гэдэг. Энэ мэт шийдвэрүүдийг гаргахад эсрэгүүцэл тулгарах нь дамжиггүй. Гэхдээ нэг хэсэг хүний эрх ашгаас илүүтэй нийслэлчүүдийн эрх ашгийг бодолцоод хийх л хэрэгтэй.  Үнэхээр үр дүнгүй байвал буцаагаад өөрчлөхөд бид юу алдах юм бэ? Угаасаа л түгжирч байгаа бидэнд ухрах сонголт ч үлдээгүй. Тиймээс л түүнд боломж олгоцгооё.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж