Сэрүүсч байгаатай холбоотойгоор томуугийн вакцин хийгээд эхэлжээ. Энэ талаар ЭМЯ-наас тодруулахад дараах мэдээллийг өглөө.
-Томуугийн вакциныг одоогоор аль эмнэлэгт хийж байна вэ. Чанартай эсэхэд хаанаас хяналт тавьдаг вэ?
-Томуугийн вакциныг одоогоор “Сонгдо”, “Интермед” тэгүүтэй хувийн эмнэлгүүдэд хийж байгаа. Эдгээр хувийн эмнэлгүүдэд хийж байгаа вакцин нь улсын бүртгэлд бүтгэлтэй вакцин бөгөөд Германд уйлдвэрлэсэн. Мөн үйлдвэрлэгч болон оруулж ирж байгаа байгууллага, компаниуд хариуцаж ажилладаг. Төлбөрийн хувьд хувийн эмнэлгүүдэд хяналт тавих эрх зүй байдаггүй.
-Улсын эмнэлгүүдэд хэзээнээс вакцин хийж эхлэх вэ?
-Өрхийн эмнэлгүүдэд томуугийн вакцин хийх бөгөөд дэлхий нийтээрээ хэрэглэдэг томуугийн вакциныг оруулж ирж хэрэглэдэг. Одоогоор НҮБ-д вакциныхаа захиалгыг өгчихсөн. Аравдугаар сарын сүүлээр ирнэ. Ингээд вакциныг арваннэгдүгээр сараас эхлэн ханиад томуу тусах магадлалтай өндөр настан, хүүхэд зэрэг зорилтод бүлгийн хүмүүст эхэлж хийнэ.
Сонирхуулахад, томуугийн вакциныг бугалгын булчинд тарина. Уг вакцин нь дотроо идэвхгүйжүүлсэн (үхүүлсэн) вирусийн 3-4 омгийг агуулдах бөгөөд тухайн жилийн томуугийн вакцины найрлагад орох вирусийн омгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталдаг. Томуугийн вакциныг хийлгэснээс хойш хоёр долоо хоногийн дараа дархлаа тогтож, нэг жилийн туршид ханиад томуунаас хамгаалдаг юм.
Вакцин хийлгэх зайлшгүй шаардлагатай хүмүүс
- Ясли, цэцэрлэгт явдаг бага насны хүүхдүүд
- Хүн ам бөөнөөр цугладаг байгууллага, газарт ажиллаж, амьдардаг хүмүүс
- Эрүүл мэндийн болон үйлчилгээний байгууллагын ажиллагсад
- Чихрийн шижин, бөөрний үйл ажиллагааны алдагдал зэрэг янз бүрийн архаг өвчний улмаас эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүн
- Уушгины багтраа зэрэг амьсгал болон зүрх судасны тогтолцооны архаг эмгэгтэй, өөрөөр хэлбэл ханиад томуугаар өвчилбөл уг өвчин хүндрэх эрсдэлтэй хүмүүс
Томуугийн вакцин хийлгэж болохгүй хүмүүс
- Урьд өмнө томуугийн вакцинд эсвэл түүний найрлагад харшил өгч байсан хүмүүс
- Өндөг, тахианы маханд харшилтай хүмүүс
- Зургаагаас доош сартай хүүхэд
Холбоотой мэдээ