Энэ зун дасгалжуулагчаа сольсон багуудын нэг бол Нэгдсэн Улсын хамгийн том хот болох Нью-Йорк хотын Нью-Йорк Рейнжерс баг юм. Нью-Йорк Рейнжерс багийн залуурыг 5 жил атгасан А.Виньо өнгөрсөн улирал багаа плэй-оффт оруулж чадаагүй. Анх 2013 онд Нью-Йорк Рейнжерс багт ирээд эхний жилдээ л багаа стэнлийн цомын шигшээд хүргэж байсан, NHL-д олон жил ажилласан шилдэг дасгалжуулагч юм. Канад эрхэм А.Виньогийн Нью-Йорк Рейнжерс дэх сүүлийн улиралд баг нь улирлын 82 тоглолтоос 34 хожил авч 77 оноогоор дивизиондоо сүүл мушгисан. Энэ нь түүнийг ажлаа хүлээлгэж өгөх шалтгаан болсон юм. Гэхдээ багийн тааруу амжилт дан ганц дасгалжуулагчтай холбон тайлбарлах нь өрөөсгөл асуудал. Бодит байдал нь өнгөрсөн улирал Нью-Йорк Рейнжерс баг багагүй гэмтэл бэртлийн асуудалтай нүүр тулж байсан. Шинэхэн хамгаалагч К.Шаттенкирк зүүн өвдөг, довтлогч К.Крайдер гарны бэртэл авсан. Эдгээр тоглогчид бол гарааны лайны тоглогчид юм. Энэ мэт бэртэл гэмтэл багийн амжилтыг хойш нь татахад нөлөөлсөн. Гэхдээ л багийн удирдлага А.Виньог улирал дуусгаад явуулж түүний оронд NHL-д баг ажиллаж байгаагүй шинэхэн дасгалжуулагч Д.Куиныг өнгөрсөн 5 сард томилсон. Д.Куины эхний улирал ямар байх бол? Плэй-оффт багаа эргээд авчирч чадах уу?
- Багаас явсан тоглогчид: хамгаалагч С.Кампфер Бостон Брюинс руу, довтлогч П.Кэйрей Оттава Сенаторс руу, довтлогч Д.Деарне ТХЛ-н Локомотив Ярославл руу,
- Багт ирсэн тоглогчид: хамгаалагч А.МкКвейд Бостон Брюинсээс, хамгаалагч Ф.Классон Оттава Сенаторсаас, довтлогч Д.Токарски Филадельфиа Флайерсаас
Баг өнгөрсөн улирлын дундуур ахлагч Р.МкДонаг Тампа Бэй Лайтнинг руу явуулсан нь гэнэтийн үйл явдал байсан. Ер нь Нью-Йорк Рейнжерс багийн хөдөлгөөн өнгөрсөн өвлөөс хойш идэвхтэй явагдаж байна. Улирлыг маш хангалтгүй эхлүүлж он гарсаар ялалт гэдгийг цөөхөн авч байсан Нью-Йорк Рейнжерс өвөл нэлээд олон тоглогчийг эгнээндээ нэгтгэсэн. Өвөл ирсэн тоглогчид нь энэ зуны солилцоогооор ирсэн тоглогчдоос илүү багт хэрэгтэй тоглогчид юм. Ялангуяа В.Наместников, Р.Спүүнэр нартай 2 жилийн 8 сая ам.долларын гэрээг шинэчлэн байгуулсан. Багийн өвлийн солилцоо наймааны үйл явц бол Сент-Луис Блюс багаас гаралтай Вашингтон Капиталсаас ирсэн хамгаалагч К.Шаттенкиркийн гэмтэлтэй шууд холбоотой. Түүний 1 сард авсан зүүн өвдөгний бэртэл нь улирлын төгсгөлд илааршиж чадсан ч баг нь нэгэнт плэй-оффт орох боломжгүй болсон байсан. Одоо К.Шаттенкирк бэртлээ бүрэн эдгээгээд байгаа бөгөөд шинэ улиралд багтайгаа бэлэн болоод байгаа бөгөөд шинэ багтайгаа бүтэн улирлыг амжилттай тоглож чадах уу? гэсэн багагүй хүлээлттэй байна.
ТААМАГЛАЖ БУЙ ГАРААНЫ БҮРЭЛДЭХҮҮН:
I лайн:
К.Крайдер – М.Зибанежад – П.Бучневич
К.Шанттенкирк – Б.Шей
II лайн:
В.Наместников – Л.Андерссон – М.Зуккарелло
М.Стаал – Н.Пионк
III лайн:
Ж.Веси – К.Хейз – В.Месканен
Б.Смит – А.Деанжело
Эдгээрээс гадна рүүки залуу Ф.Хятил, Р.Спүүнер, Ж.Фаст нарын сонголтууд ч бий. Цаасан дээр харвал багийн бүрэлдэхүүн плэй-оффын гадна үлдэхээр баг гэж харагдахгүй байна. Хамгийн чухал нь өнгөрсөн улирлынх шиг бэртэл гэмтэлгүй л байвал плэй-оффт гараад ирэх боломжтой. Нью-Йорк Рейнжерсийн хаалган дээр NHL-н энэ цаг үеийн шилдэг хаалгачдын нэг Шведийн Х.Люндквист байгааг мартаж болохгүй. Багийн хамгаалалт ажлаа сайн хийж чадвал плэй-оффт асуудалгүй байх. Хамгаалагч К.Шаттенкирк зүгээр ч нэг жилийн 8 сая ам.доллар аваад суух биш гэдгээ ч харуулах ёстой. Яг одоогоор Нью-Йорк Рейнжерс багаас хамгийн өндөр цалин авч буй тоглогч бол хамгаалагч К.Шанттенкирк юм. Түүний араас мэдээж багийн бэлэг тэмдэг болсон хаалгач Х.Люндквист 7.5 сая ам.долларын цалингаар бичигдэнэ. Улирал эхлэхэд Нью-Йорк Рейнжерс бэлэн, харин шинэхэн дасгалжуулагч Д.Куины дебьют улирал ямар байх бол?
Б.БЯМБАБАЯР