УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох шүүх хурал өчигдөр /2018.09.12/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Хэд хэдэн удаа хойшлоод байсан шүүх хурал өдрийн турш үргэлжилж хэргийг мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргажээ. Шүүх хуралд гишүүн асан Д.Гантулга болон хохирогч Ч.Наранзаяа нар оролцсон бөгөөд хаалттай болсон юм.
Хэрэг явдлыг эргэн сөхвөл УИХ-ын гишүүн нэгэн эмэгтэй хүчиндсэн гэх мэдээлэл 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр цацагдаж, энэ нь Д.Гантулга гишүүн болох нь төд удалгүй илэрсэн.
Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга 2017 оны зургадугаар сарын 12-нд Ч.Наранзаяа гэх бүсгүйг хүчиндсэн хэрэгт холбогдож, хууль хяналтын байгууллагад шалгагдаж эхэлсэн билээ. Энэ асуудлаар Д.Гантулга тухайн үед сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Би 2017 оны зургадугаар сарын 11-ний орой “Энканто таун”-ы саунд найзуудтайгаа байсан. Орой нь үргэлжлүүлээд иргэн Ц-гийн гэрт байсан. Маргааш өглөө нь би шууд гараад явсан” гэсэн байдаг.
Уг дуулиант хэрэгт холбогдсон хохирогч бүсгүй Ч.Наранзаяагийн төрсөн эгч Ч.Саранзаяа мөн мэдээлэл хийж байв. Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Гантулга нэгэн найзын хамт Ч.Саранзаяагийн хүүхдээ эмчлүүлж байсан эмнэлэг дээр очиж уулзаж байгаа, бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсанаар түүнийг гишүүнээс нь эргүүлэн татах ёстой гэсэн шүүмжлэл, эсэргүүцлийг олон нийтийн зүгээс гаргаж байлаа.
Үүний дараа УИХ-ын гишүүн Д.Гантулга холбогдоод байгаа хэргийнхээ талаар Төрийн ордонд мэдээлэл хийж, өөрийгөө хилс хэрэгт гүтгэгдээд байгаа гэдгээ тайлбарлаад авсан. Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр “Та дотуур өмдөө тэр айлаас өмсөөд гарсан уу” гэх сэтгүүлчийн асуултад “Би дотуур хувцсаа өмсөөд гарсан” хэмээн хариулж, “Бандааш” гэх хочтой болсон.
Тэгвэл хохирогчийн эгч Ч.Саранзаяад байсан Шүүх эмнэлгээс ирүүлсэн гэх нотлох баримтыг дахин шинжлэхэд ямар нэгэн ноцтой зүйл илрээгүй талаар тухайн үед албаныхан мэдээлж байсан. Мөн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр Шүүх эмнэлгийн гурван эмчийг шалгасан боловч хохирогчийн талын хэлж буй шиг тэмдэглэгээнд өөрчлөлт оруулж дарсан болон ямар нэгэн нотлох баримтыг устгасан зүйл шалгалтаар тогтоогдоогүй байгаа юм.
Улмаар хохирогчийн эгч 2017 оны долдугаар сарын 28-нд Улсын ерөнхий прокурорын газарт “УИХ-ын Д.Гантулгад холбогдох хэргийг дахин шалгаж өгнө үү” хэмээн өргөдөл гаргасан байдаг. Энэхүү өргөдлийн дагуу прокурор хэлэлцэж, Баянзүрх дүүргийн прокурорт ажлын хэсэг томилох үүрэг томилсон ч ажлын хэсгийн шалгалтаар “Хүчиндэх гэмт хэрэг тогтоогдоогүй. Нотлох баримтад хийсэн шинжилгээгээр ямар ч гэмт хэргийн шинжтэй зүйл нотлогдоогүй байна” гэх дүгнэлт гаргасан байдаг.
Энэ тухай хохирогчийн өмгөөлөгч, хуульч М.Ичинноров хэвлэлд өгсөн ярилцлагадаа “2017 оны зургадугаар сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Гантулга 25 настай оюутан охиныг өөрийнх нь гэрт хүчиндсэн хэрэг гарсан. Энэ хэргийг шалгуулах хугацаанд тэд цагдаа, хүчний байгууллага, шүүхийг бүгдийг нь худалдаж авч, өөрсдийнхөө талд ажиллуулсан. Улмаар хэргийг хэрэгсэхгүй болгосон учраас би хэвлэлийнхэнд хандаж байгаа нь энэ. Гэмт хэрэг болсон, бидэнд нотлох баримтууд нь байгаа.
Харамсалтай нь УИХ-ын гишүүн Д. Гантулга цагдаа, шүүхийнхэнтэй хуйвалдаж, маш ноцтой хэргийг нэмж хийсэн. Хүчингийн хэрэг хийгээд зогсохгүй нотлох баримт устгах, хавтаст хэрэг хуурамчаар үйлдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдээд байна” хэмээн мэдэгдэж байв. Ингээд дээрх хэргийг дахин шалгуулах хүсэлтийг УЕПГ-т тавьсан байдаг. Түүгээр зогсохгүй дээрх хэрэг хуулийн байгууллагаар удаа дараа шалгагдаж байгаад дахин нотлох баримтад шинжилгээ хийлгэх шийдвэр гарсан аж. Хэргийн газраас авагдсан нотлох баримтад хийсэн шинжилгээний хариугаар ДНК нь УИХ-ын гишүүн Д.Гантулгынх мөн болох нь эцэслэн тогтоогджээ. Энэ тухай Ч.Саранзаяа өөрийн цахим хуудаснаа “УИХ-ын гишүүн Д.Гантулгын ДНК шүүх эмнэлгийн шинжилгээгээр тогтоогдсон” хэмээн нийтэлсэн юм.
Тэрээр “Өмгөөлөгч намайг хөдөө байхад энэ мэдээг дуулгасан. УИХ-ын гишүүн Д.Гантулгын цус болон шүлснээс дээж авч, дүү бид хоёрт байсан хэргийн газраас авч үлдсэн нотлох баримтын хамтаар шинжилгээнд оруулсан. Өмнө нь тэрхүү нотлох баримтыг шүүх эмнэлгээс устгах гээд байна хэмээн захиатай хамт над руу илгээсэн юм. Тэрхүү нууж үлдсэн нотлох баримтаа 14 хоногийн өмнө дүү бид хоёр шүүх эмнэлэгт шинжлүүлэхээр гаргаж өгсөн юм. Нотлох баримтаа гаргаж өгчхөөд бид хариугаа хүлээж байсан юм.
Харин түүний дараа УИХ-ын гишүүн Д.Гантулгаас цус болон шээсийг нь авч харьцуулсан ДНК-ийн шинжилгээ хийсэн. Энэхүү шинжилгээгээр эцэслэн УИХ-ын гишүүн Д.Гантулгынх мөн байсан гэж гарсан” гэж ярьжээ.
Үүний дараахан УИХ-ын гишүүн Д.Гантулга 2018 оны зургадугаар сарын 11-нд чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн юм. Тэрбээр “Аав, ээж, гэр бүл, хамгийн хайртай ханиасаа хүлцэл өчиж байна. Итгэж төлөөллөө болгосон хан Хэнтийн сонгогчид, нэг ангид хамтдаа сууж хууль батлалцсан УИХ-ын гишүүдээс хүлцэл өчиж байна. Надтай нэр холбогдсон эмэгтэйчүүдээс хүлцэл өчиж байна. Залуу улстөрчид үзүүлсэн итгэлийг биелүүлж чадаагүйдээ хүлцэл өчиж байна. Монголд үнэн гэж байдаг бол би гэм буруугүй гэдгээ нотолно. Уужим сэтгэлтэй иргэд маань энэ бүхэн улс төр байсныг нотлох өдөр удахгүй ирнэ ээ. Тиймээс УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзэх биш бүр чөлөөлөгдөх өргөдлөө өгч байна” хэмээгээд төрийн ордныг орхисон юм.
Юутай ч энэ хэрэг мөрдөн байцаалтад буцлаа.
Э.АРИУН