Дэлхийн хамгийн анхны нэг их наяд үнэлгээнд хүрсэн Apple компани одоогоос 11 жилийн өмнө Iphone утсаа худалдаанд гаргасан нь ухаалаг утасны эрин үеийн салхийг хагалсан түүхэн үйл явдал болсон юм. Өөрөөр хэлбэл, ухаалаг утас бидний өдөр тутмын амьдралд шинэчлэлт хийж цахим ертөнцтэй харьцах харилцааг эрс өөрчилсөн билээ.
Apple компанийг үндэслэгчдийн нэг Стив Жобс 2007 оны зургаадугаар сарын 29-ний өдөр анхны Iphone-г худалдаанд гаргаснаас хойш нэгэнтээ “18” Iphone утасны загварыг техник технологийн хөгжлийн хамтаар хэрэглэгчдийн гарт хүргэжээ.
Статистик судалгааны байгууллагаас 2007 оноос 2017 оны хооронд 1.2 тэрбум гаруй Iphone гар утас зарагдсан болохыг тогтоожээ.
Тэгвэл Newzoo сайтын судалгаагаар хамгийн их зарагдсан Iphone ухаалаг утасны загвар бол 2014 болон 2015 онд худалдаанд гарч байсан Iphone 6/6S загварууд байдаг аж. Учир нь Iphone 6 өмнөх загваруудыг бодвол нимгэрч, хэмжээгээрээ томорч, үзүүлэлт нь сайжирч, ерөнхий дизайндаа эрс өөрчлөлт оруулсан нь хэрэглэгчдэд таашаагдсан байна. Худалдаанд гарсан эхний гурван өдөр гэхэд арван сая хувь захиалагджээ. Харин Iphone 6S болон 6S Plus загваруудын хувьд эхний долоо хоногт 13 сая хувь борлуулагдсан байна. Өөрөөр хэлбэл, дэлхий дахинд идэвхтэй ашиглагдаж буй нийт 728 сая Iphone утасны 21 хувийг Iphone 6/6S загвар эзэлдэг гэсэн тоо судалгаа бүртгэгджээ. Түүнчлэн БНХАУ-д 228 сая хүн iPhone утас барьдаг бол АНУ-д 120 сая хүн iPhone ухаалаг утас хэрэглэдэг болохыг 2017 онд тогтоожээ.
2017 онд Apple Iphone 8 болон 8S загвараа хэрэглэгчдэдээ танилцуулж байсан бол “Iphone” утасны арван жилийн ойг тохиолдуулж уг брэндийг тодорхойлох “Iphone X” өндөр үзүүлэлт бүхий ухаалаг утсыг 999 болон 1149 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гаргасан юм. Iphone X утасны хувьд “Home” товчлуурыг үгүй хийсэн нь эерэг өөрчлөлт болсон. Мөн ард талдаа хоёр камертай болсноор гайхалтай фото зураг авах боломжийг нээж өгсөн. Үүнээс илүүтэйгээр нүүр таних цэс дээр суурилсан боломжит үйлдлүүд нь хэрэглэгчдийг татсан байдаг.
Тэгвэл өчигдөр /2018.09.12/ Apple компани АНУ-ын Купертино хотод байрлах Стив Жобс театрт 2018 оны шинэ Iphone загваруудаа танилцууллаа.
Арга хэмжээний эхэнд гүйцэтгэх захирал Тим Күүк цугласан олонд дэлхий даяар нийт хоёр тэрбум гаруй Apple-ын бүтээгдэхүүн хэрэглэгдэж байгааг онцолж мөн 2017 онд танилцуулсан Iphone X ухаалаг утас хэрэглэгчдийн таашаалд 98 хувь нийцсэн болохыг дурдсан.
Энэ жилийн Iphone утаснуудыг танилцуулахаас өмнө Apple Watch-ын шинэ загварыг нийтэд дэлгэсэн юм. Энэхүү цагийг хүмүүсийн өдөр тутмын амьдрал болон эрүүл мэнд анхаарах талаас зохион бүтээсэн хэмээн тэмдэглэсэн. Нэг давуу тал нь зүрхний хэмнэл болон бичлэгийг хянах бодитоор толилуулах чадвартай ажээ. Ирэх есдүгээр сарын 21-нд худалдаанд гарахаар товлогдсон бөгөөд 399 болон 499 ам.доллараар үнэлж байна.
Үүний дараа 2018 оны шинэ утас болох, Flagship буюу “Iphone” брэндийг тодорхойлох өндөр хүчин чадалтай дэвшилтэт технологиудыг өөртөө багтаасан Iphone XS, Iphone XS Max загваруудаа танилцуулсан юм.
Дэлхийн анхны долоон нанометр “A12 Bionic” чипийг өөр дээрээ агуулсан Iphone XS болон Iphone XS Max ухаалаг утаснууд нь хамгийн хурдан процессортой болсныг сайшаасан бөгөөд хоёр сим карт дэмжих функцтэй болжээ. Мөн өөр дээрээ 12 мегапикселийн өргөн болон телефото хоёр камер суурилуулсан нь мэргэжлийн фото зургийн камерын хэмжээнд дүйцэхүйц зураг авах чадвартайг онцолсон юм. Авсан зургаа шинэ Iphone XS болон Iphone XS Max ухаалаг утаснууд дээр Smart HDR функийн тусламжтайгаар гэрэл, сүүдэр болон өнгө ялгарлыг хялбархан тодруулж, засварлах боломжтой аж. Түүнчлэн “стерео” дуугаралттай ба ус болон доргионы хамгаалалт болохыг онцолсон.
“Супер pетина” OLED дэлгэц нь өнгө ялгарлын хувьд бусад дэлгэцүүдээс онцгой болохыг сурталчилсан бөгөөд үнэхээр бодит мэдрэмж өгөх болохыг арга хэмжээгээр дурдсан. “Augmented Reality” буюу Бодит байдал дээр суурилсан виртуал функц хэрхэн ухаалаг утасны хэрэглээг өөрчлөх боломжийн талаар дурдсаныг сацуу FaceID буюу нүүр таних цэсийг дахин шинэчилсэн болохыг тэмдэглэсэн.
Iphone XS нь 5.8 инчийн дэлгэцтэй харин Iphone XS Max нь 6.5 инчийн дэлгэцийн хэмжээтэйгээр тус тус 999 болон 1099 ам.долларын үнэтэйгээр есдүгээр сарын 28-нд худалдаанд гарахаар товлогджээ.
Харин 749 ам.доллараар худалдаанд гарах Iphone XR загварын утаснууд нь хэрэглэгчдийн гар дээр зургаан өнгөний сонголттойгоор ирэх аж. “Шингэн Ретина” технологиор бүтээсэн LCD дэлгэцтэй энэхүү iPhone утас нь шинэлэг бүхнийг эрэлхийлэгч хэн бүхэнд зориулсан гэдгийг Apple компани онцолсон.
Мөн Apple-ын инженерүүд энэхүү танилцуулсан шинэ iPhone утасны загваруудыг байгальд орчинд ээлтэй материал болон эд ангиар хэрхэн бүтээснээ хуваалцсан ба цаашид эко байх зорилт тавьсан юм.
Ийнхүү Apple компани 2018 оны шинэ iPhone ухаалаг утасны загваруудаа албан ёсоор танилцуулж хэрэглэгчдийн гар дээр тун удахгүй хүргэхээр төлөвлөөд байна.
Г. МАНДАХ