"Намын удирдлагад таалагдаагүйн төлөө яллагдаж болохгүй"

Хуучирсан мэдээ: 2018.09.13-нд нийтлэгдсэн

"Намын удирдлагад таалагдаагүйн төлөө яллагдаж болохгүй"

-Надгүйгээр Ардчилсан намын түүхийг бичих боломжгүй-

"Намын удирдлагад таалагдаагүйн төлөө яллагдаж болохгүй"

Хотын дарга асан Э.Бат-Үүлтэй ярилцлаа. 


-Сүүлийн үед та хаагуур, юу хийж байна даа. Хөдөөгүүр л байгаа  сурагтай?

-Хотын даргын ажлаа өгснөөс хойш хөдөө  амьдарч байгаа.

-Одоогийн Засгийн газар, төрийн эрх баригчдын талаар та ямар бодолтой байна вэ? 

-Монгол эдийн засгийг "Номхон далай дунд оршиж байна" гэж  У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг манай нам хэлчихээгүйд би үнэхээр харамсаж байна. Багтаамж багатай жижиг эдийн засагтай улс орон гадагшаа харсан, хоёр том хөршийнхөө зах зээлд үндэсний үйлдвэрлэгчдээ гаргадаг эдийн засгийн бүтэц тогтолцоотой байхаас өөр аргагүй. Багтаамж багатай зах зээл бүхий эдийн засаг дотогшоо харсан тогтолцоотой тохиолдолд хоёр хөрш шиг аварга том зах зээлтэй өрсөлдөн оршин тогтнох ямар ч боломжгүй. Шалбааг ус шиг зах зээлд наад зах нь ямар инноваци амилах юм бэ. У.Хүрэлсүх үүнийг олж харсан шиг байна. Бусдаар бол  У.Хүрэлсүх сүржигнэхээс өөр зүйлгүй байна. Хойд Солонгос хоригт орж манайхны аз шовойж байх шив. У.Хүрэлсэх төрийн, эдийн засгийн бодлогыг үндэсний үйлдвэрлэгчдээ, хоёр хөрш болон олон улсын зах зээлд гаргадаг болгох стратегийг хэрэгжүүлэхийг чин сэтгэлээсээ хүсэж байгаа бол нэн тэргүүнд төрийг авилгагүй болгох хэрэгтэй. Эс тэгвэл төрийн томчууд нь валютын нөөцөөрөө тоглоод дуусна.

-Та Ардчилсан намдаа байгаа юу. Таныг намаасаа гарсан гэх эргэлзээ олон нийтийн дунд бий?

-Манай намын "коммунистууд" намайг намаас минь хөөх санал гаргадаг юм. Тэд ардчиллын нэрийг барьдаг болохоос утгыг нь ерөөс ойлгодоггүй юм. Сайн дураараа эвлэлдэн нэгдсэн хүмүүсийг намаас хөөнө гэдэг бол коммунист, фашист намуудын хийдэг ажил. Ардын нам Цэдэнбалыгаа намаас хөөж байсан. Яагаад гэвэл тэр нам коммунист бөгөөд төржсөн нам байсан учраас. Үүнийг манай коммунистууд дуурайж ерөнхийлөгч Х.Баттулга, Намын дарга  С.Эрдэнэ нарыг намаас хөөх гэж нэг удаа оролдсон юм. Өөрөөр хэлбэл намаас хөөх замаар улс төрийн эрхийг хязгаарлах гэсэн юм шүү дээ. Ардчилсан нийгэмд иргэний улс төрийн эрхийг зөвхөн хуулиар хязгаарладаг юм. Х.Баттулга, С.Эрдэнэ нарыг намаас хөөчихсөн байсан бол өдийд тэд нэг нь ерөнхийлөгч, нөгөө нь намын дарга гээд явж байхгүй байсан даа. Гэтэл одоо  С.Эрдэнэ эргээд С.Баярцогтыг хөөнө гээд явж байх юм. Манайхан ардчиллыг өөртэй ашигтай талаас нь хардаг нуугдмал дарангуйлагч нар шиг авирлах юм. Сайн дураараа эвлэлдэн нэгдсэн бол сайн дураараа л эргэж гаргана. Түүнээс биш намын удирдлагад таалагдаагүйн төлөө яллагдаж болохгүй. Сайн дураараа эвлэлдэн нэгдсэн хүнийг улс төрийн ялтан болгох нь ардчилалд хамгийн харш зүйл.

-Танай нам удирдлагуудаа шинэчилсэн. Намынхаа шинэчлэлийн талаар та ямар бодолтой байна вэ?

-Уг  нь манай нам боловсрол төвтэй, либерал ардчилсан үнэт зүйлтэй нам байсан юм. Гэтэл шинэ удирдлага маань "Нийгмийн язгуур эрх ашгийн төлөө эдийн засаг бизнесийг хянадаг нам болно" гэсэн шинэ үнэт зүйлийг тунхаглах гэж байна. Тэгвэл фашист нам болно гэсэн үг.

-Таныг  Гэр хороолол хөгжлийн нам байгуулсан гэж яриад байгаа. Өрх тусгаарлахаар болсон шалтгаан чинь юу вэ?

-Намайг Ардчилсан намаас яваасай гээд мөрөөдөж байгаа манай намын коммунистуудаас тарааж байгаа цуу яриа. Ардчилсан намыг өдий зэргийн болгосон хүний нэг би мөнөөсөө мөн. Манай намынхан бүгд үүнийг мэднэ.

Надгүйгээр Ардчилсан намын түүхийг бичих боломжгүй. Ардчилсан намыг хүнд эгзэгтэй бүх тэмцэлд би удирдан орж байсан юм. Би 24 хүнтэй хамт Ардчилсан намыг байгуулаад 28 жилийн турш Ардчилсан нам, тэмцлийн талбай  хоёроосоо алхам холдоогүй дээ.

Харин Гэр хороолол хөгжлийн намыг хотод надтай хамт ажиллаж байсан залуучууд байгуулна гэж зүтгээд байгаа. Тэд, гэр хорооллынхныг улс төрд ашиглаад хаядаг явдлыг таслан зогсоож гэр хорооллыг өөрийг нь  улс төр болгож чадах нам  байгуулна гэж зөрүүдлээд байгаа юм. Би үйл хэргийг нь ойлгон дэмжиж байгаа.Түүнээс биш намаасаа гараагүй.

-Гэр хороолол, хөгжлийн намын зорилго нь юу юм бэ?

-Нам байгуулж байгаа тэр залуусаас асуу. Гэр хороолол өөрөө улс төр болох цаг нь болсон гэдэг үнэн үг шүү.

-Та АН-ынхаа хууччуултай уулзаж байна уу?

-Хөдөө манайхаар айлчлан ирцгээж байгаа.

-Хэнтий аймгийн нөхөн сонгуульд таныг нэр дэвшинэ гэх мэдээлэл цацагдаж байсан. Үнэхээр та нөхөн сонгуульд нэр дэвшихээр бэлдэж байсан юм уу?

-Гэр хорооллын хөдөлгөөнийхөн намайг бие дааж нэр дэвшээч гэж ятгаад байсан.

-Үндсэн хуулийн цэцээс нөхөн сонгуулийг ирэх оны зургадугаар сар хүртэл хойшлуулах шийдвэрийг гаргасан. Тус шийдвэрт та хэрхэн хандаж байгаа вэ?

-Сонгуулийн товыг Цэц тогтоодог болж байхад яагаад манай нам дуугүй суугаад байгааг би ерөөсөө ойлгохгүй байгаа юм. Ардын нам Одбаярыг ашиглан 20 онд ийм тоглолт хийвэл яах юм бэ. Ардын нам ч гэсэн тоглоом тоотой нь дээр гэдгийг  ойлгохгүй  л байна. Ардчилсан нам Үндсэн хуулийн цэцийн даргыг сольчихоод 24 онд таатай цагийг хүлээгээд сонгууль явуулахгүй суучихвал яах вэ. Сонгуулийн тов тогтоох тогтоолыг Цэцээр хориг тавиулдаг хор найраа аюултай жишиг нэгэнт бий болголоо.

-Тантай уулзаж байгаагийнх нь хотын асуудлаар асуухгүй өнгөрч чадахгүй нь.  Хотын дарга С.Батболдын хоёр жилийн ажилд та ямар дүн тавьж байна. Экс мэр болоод иргэн хүний чинь хувьд байр суурийг чинь сонирхож байна л даа?

-Миний үед хийсэн ажлын нэг хэсгийнх нь нэрийг өөрчлөөд үргэлжлүүлж, нөгөө хэсгийг нь зогсоосон. Төсөв хөрөнгийг нь шийдчихсэн байсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг зогсоогоод 500 орчим иргэдийг орох газаргүй болгож сүйдэллээ. С.Батболд  намайг харлуулах улс төрдөө хийрхэж жирийн иргэдээ чадаж орхих улс төрийн хорон санаа нь гайхмаар. Японы талтай ярьж байсан Улаанбаатар метроны төслийг зогсоочихлоо. Энх тайвны өргөн чөлөө бол 72 газраар нэвт хөндлөн оролттой төв зам. Газар доогуур явдаг метро барихгүйгээр ийм их хөндлөн нэвтрэлттэй замын түгжрэлийг шийдэх боломжгүй. Хуучин орон сууцыг дулаалж шинэчлэхээр Новосибирск хотынхонтой ярьж байсан ажлыг бас зогсоолоо.  3,4  гэх зэрэг орон сууцны хуучирсан хорооллоо шинэчлэхгүй бол удахгүй Парисын 13 дугаар  хороолол шиг цагдаа ч орж чадахгүй гетто болно шүү дээ.

Таныг “сайн хотын дарга байсан” гэж олон хүн ярьдаг. Үнэхээр та тухайн үед нийслэлийн иргэдэд чухал хэд хэдэн шийдвэрийг гаргаж энэ нь өнөө хэр амжилттай  хэрэгжиж байна. Хийж, хэрэгжүүлсэн ажлаа эргэн дүгнэвэл?

-Нийслэл хотын даргад нийслэлчүүдийн зүгээс тавигдах шаардлага их өндөр болсон доо.

-Магадгүй хэрвээ та хотын даргаар дахин ажилласан бол юу юу хийхээр төлөвлөж байсан бэ?

-Гэр хорооллын дахин төлөвлөлт,сайн хашаа хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ. Хуучин орон сууцны хорооллыг шинэчлэх ажлыг яаралтай эхлүүлэх,   төрийн үйлчилгээний супермаркетын лангуун дарга нарыг шийдвэрийг гаргаж тавих, Улаанбаатар метро барих зэрэг ажлуудыг хийх байлаа.

-Ер нь та зангарагтай хотын дарга байсан байх шүү, тийм үү?

-Зангарагтай бишээ, сэтгэлтэй хотын дарга байсан гээч. Би Улаанбаатартаа хайртай.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж