“Гэр бүлээс гадуурх харилцааг аль ч насныхан үүсгэж байна”

Хуучирсан мэдээ: 2018.09.13-нд нийтлэгдсэн

“Гэр бүлээс гадуурх харилцааг аль ч насныхан үүсгэж байна”

-Эмэгтэйчүүд нь стрессээ гадагшлуулж чадахгүй байгаагаас, залуу гэр бүлийн хувьд эрт их ачаалалд орж байгаагаас гэр бүл салалт үүсч байна гэж харж байна-

“Гэр бүлээс гадуурх харилцааг аль ч насныхан үүсгэж байна”

Гэр бүлийг дэмжих туршилтын хөтөлбөр хэрэгжиж эхлэлээ. Хөтөлбөрийн хүрээнд 18 гэр бүлд сэтгэлзүйн туслалцаа үзүүлэх юм байна. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд  орон даяар 4000 гаруй өрхөд судалгаа хийсний дүнд 18 гэр бүлийг сонгосон байна. Хөтөлбөрийн нээлт өчигдөр /2018.9.12/ болсон бөгөөд энэ үеэр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн сэтгэлзүйч Ж.Үйлстээс гэр бүлд тулгамддаг нийтлэг асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэвэл зохимжтой талаар тодрууллаа.


-Монголын гэр бүлүүдийн дунд тулгамдаж буй нийтлэг асуудал юу байна вэ?

-Сонгосон 18 гэр бүлийг хоёр сэтгэлзүйч хувааж аваад, хоёр сарын туршид зөвлөгөө өгч, ажиллах юм. Миний хувьд эдгээр гэр бүлтэй ажиллахаас гадна, дүүргүүдийн сэтгэлзүйчдэд аргазүйн туслалцаа үзүүлнэ. Одоогоор сонгогдсон гэр бүлүүдтэй танилцаж амжаагүй байна. Уулзсаны дараа гэр бүлд ямар асуудал байна, хэнтэй нь, хэрхэн ажиллавал зохимжтойг шийдвэрлэнэ. Хүний нэг зуршлыг өөрчлөхөд 45 хоног шаардлагатай байдаг.

Монголчууд өвдсөн үедээ эмнэлэгт ханддаг шиг гэр бүл салах мөч дээр ирэх үед сэтгэлзүйчид ханддаг. Нийгмийн зүгээс архидалт, ажилгүйдэл их байгаагаас гэр бүл салахад хүрч байна гэж хардаг. Эмэгтэйчүүд нь стрессээ гадагшлуулж чадахгүй, залуу гэр бүлийн хувьд эрт их ачаалалд орж байгаагаас шалтгаалдаг. Бусад оронд 35 нас хүрээд гэрлэх талаар бодож эхэлдэг. Гэтэл манайд дунджаар 20 настайгаасаа гэр бүл зохиож байна. Айл гэр авч явах насанд хүрээгүй байх үедээ асар их ачаалал дунд орсноос болоод сэтгэлзүйн хямарлаа давж чадахгүйд хүрч, гэр бүл салах хүртэл асуудал хурцдаж байна.

– Үргэлж, хэрүүл уруултай амьдарснаас салсан нь дээр гэж зарим хүмүүс үздэг?

-Архидалт, хардалт, хэрүүл, маргаан, гэр бүлээс гадуурх харьцаа, хадам, хүргэн бэрийн асуудал гээд Монголыг өрх гэрүүдэд тулгамддаг асуудал олон. Магадгүй зарим хүмүүст тэгж үздэгийг үгүйсгэхгүй.

-Гэр бүлээс гадуурх харьцаа гэр бүлийн нэг эмзэг сэдэв болсон. Ер нь ямар насны гэр бүлүүдэд ийм асуудал гардаг вэ?

-Гэр бүлээс гадуурх харьцааны талаар 2012 онд судалгаа хийж байсан. Гэр бүл зохиосон бүх насныхан гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэх боломжтой гэж гарсан. Судалгааны дүнг хараад их гайхаж байлаа. Гэхдээ үүний цаана олон шалтгаан бий. Энэ нь өөрөө том сэдэв болохоор ингээд үлдээе.

-Нийгэмд сэтгэл гутрал их байна. Үүнээс хэрхэн ангижрах вэ?

-Хүн томуу тусдагтай адил сэтгэлзүйн тулгамдсан асуудлын нэг  нь сэтгэл гутрал. Салалтын дараа эсвэл өмнө, ажлаасаа халагдсан, хэн нэгэн нь нас барсан зэрэг цочирдом үед сэтгэл гутрал үүсдэг. Мөн жирэмсэн үеийн, төрсний дараа сэтгэл гутралд орох хүмүүс ч байна. Эдгээр тохиолдолд сэтгэл гутрал ихэвчлэн өөрөө алга болдог. Сэтгэл гутралаас гарах хэдэн арга байдаг. Нэгдүгээрт, өөрөө гарч болно. Үүний тулд маш сайн ярилцагчтай байх шаардлагатай. Хоёрт, амьдралын идэвхтэй болох хэрэгтэй. Сэтгэл гутралд орсон хүн нийгмээс өөрийгөө тусгаарлаж эхэлдэг, дуртай зүйлдээ ч дургүй болдог. Тиймээс өөрийгөө идэвхжүүлэх хөтөлбөр боловсруулах хэрэгтэй. Мөн спорт, урлагаар хичээллэвэл сэтгэл гутралаас ангижрах боломжтой. Хэрэв эдгээр зөвлөгөөг хэрэгжүүлээд ч сэтгэл гутралаас гарч чадахгүй байгаа бол сэтгэлзүйчид хандах хэрэгтэй.

-Амар тайван амьдрахын тулд мөрдөх энгийн зөвлөгөө өгөхгүй юу?

-Амжилтад хүрэхэд хамгийн их саад болдог зүйл нь бодол. Бодол эерэг, сөрөг байх эсэхээс шалтгаалан биднийг амьдралыг удирддаг. Өөрийн тань бодолд сөрөг зүйл давамгайлж байвал бодолтойгоо ажиллах хэрэгтэй. Юмыг өөдрөгөөр харвал бүх зүйл сонирхолтой, өнгөлөг харагдана. Олон тааламжгүй үйлдэл эерэгээр шийдэгдэнэ. Хүмүүсийн одоогийн амьдрал, харилцаа хандлага нь хүүхэд насанд ямар амьдрал үзэж туулснаас шалтгаалдаг. Харин хүмүүс өнгөрсөнд болсон муу муухай, таагүй бүхнийг мартах гэж хичээгээд байдаг. Тэр бүхэн мартагдаагүй, сэтгэлийн мухарт үлдчихсэн байгаа. Иймд бусдыг уучилж өршөөж, өнгөрөөж сурах хэрэгтэй. Хэн нэгэн миний талаар юу гэж боддог бол гэж бусдын бодолд баригдах хэрэггүй. Хүн өөрийнхөө талаар юу гэж бодох нь л чухал. Мөн боломжийн талаар яримаар байна. “Миний ээж, аав ….ийм байсан бол илүү сайхан байх байлаа” гэж боломжийг бусдаас хайгаад ирэхээрээ хүн уналтад ордог. Бусдаас бурууг олох амархан. Гэхдээ боломж зөвхөн өөрт тань байдаг.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж