Олны анхаарлыг татах дуртай гэр бүлийнхнийгээ бодвол загвар өмсөгч Кендалл Женнер хөдөлмөрч нэгэн. Үүний баталгаа нь түүний жилийн орлого өнгөрсөн 2017 онд 109,5 сая ам.долларт хүрснийг “Forbs” сэтгүүл мэдээлжээ. Энэ удаагийн хүмүүс буландаа дэлхийн хамгийн эрэлттэй загвар өмсөгчдийн нэг Кендалл Женнерийг онцолж байна.
Блиц:
Нэр: Кендалл Николь Женнер
Төрсөн газар : АНУ-ын Калифорни муж улсын Лос Анжелес хот
Нас: 22 (1995.XI.3)
Өндөр: 1,79 метр
Жин: 59 кг
Шүтлэг: Христ
Гэр бүлийг нь олны танил болгосон “Кардашианыхантай хамт” телевизийн реалити шоу 2007 онд “E!” сувгаар цацагдаж эхлэхэд Кендалл Женнер дөнгөж 11 настай байв. Шоунаас болоод камерын өмнө, олны нүдэн дээр өсөхөд ичимхий Кендалл Женнерт амаргүй байсан ч тэрбээр давж гарч чаджээ. Эршүүд зантай түүнийг реалити шоу задалж өгснөөр эрчүүдийн харааг булаасан “сахиусан тэнгэр” болоход нөлөөлсөн аж. Гэхдээ тэрбээр гэртээ ихэвчлэн биед эвтэйхэн иогийн өмд, сул подволк, пүүз өмсдөг байна. Өсвөр насандаа батгаших өвчнөөс болж өөртөө итгэх итгэлгүй болж багагүй зовсон ч одоо хэний ч өмнө бардам алхдаг. Түүнийг дунд сургуулийн есдүгээр ангид байх үеэс нүүрэн дээр нь батга гарч эхэлжээ. Энгийн охидыг бодвол түүний батгатай царайг телевизээр хэдэн сая хүн үзнэ гэж бодохоор сэтгэлээр ихэд унадаг байснаа 2015 онд “Allure” сэтгүүлд ярьсан байна. Үүнээс гадна тэрбээр нойр солигдох, сэтгэл түгших өвчнөөр шаналдаг аж. Тэрбээр 2014 онд Лос-Анжелес хотноо хоёр унтлагын өрөөтэй орон сууцыг 1,4 сая ам.доллараар худалдан авснаар бие даан амьдрах болжээ.
Түүний эцэг Брюс Женнер 2015 онд хүйсээ өөрчилж, Кейтлин Женнер гэх эмэгтэй хүн болсон нь түүнд тэгтлээ нөлөөгүй гэнэ. Гэхдээ заримдаа аавынхаа эрэгтэй байх үеийн зургийг хараад бага зэрэг гунигладаг гэж ярьжээ. Кендалл Женнерийн хамгийн сайн найз нь Гиги Хадид аж. Их яривал тэд холын хамаатнууд гэнэ. Энэ талаар хүмүүс түүнээс асуухад Кендалл Женнер “Үүнийг ойлгохын тулд та нар үзэг цаас аваад бичих хэрэгтэй болно. Гиги Хадидын хойд аав нь Кендалл Женнерийн ахынх нь хойд эцэг” гэдэг аж. Тэрбээр гэр бүлийнхээ бусад гишүүдийг бодвол хувийн амьдралаа олноос нууцлахыг хичээдэг. Гэхдээ өнгөрсөн хугацаанд хэд хэдэн залуустай нэр холбогджээ. Тухайлбал:
– Жулиан Брүүкс (2012-2013)
– Дуучин Жастин Бибер (2014)
– “One Direction” хамтлагийн дуучин Харри Стайлс (2013-2014, 2015-2016)
– Дуучин Ник Жонас (2015) нартай болзож байв.
Кендалл Женнерийг олон нийтийн сүлжээ инстаграмд 77 сая гаруй хүн дагадаг. Тэрбээр загварын карьераа эрүүл мэндийн шалтгаан биш бол хөгширтлөө үргэлжлүүлэх зорилготой аж. Өдгөө “Victoria’s Secret” брэндийн сахиусан тэнгэрүүдийн нэг, “Estee Lauder” брэндийн нүүр царай, “Vogue” сэтгүүлийн нүүрэнд гарсан алдартай загвар өмсөгч. Хэрэв тэрбээр загвар өмсөгч болоогүй байсан бол амьтны эмч эсвэл уралдааны морь унаач болох байсан гэдгээ “Harper’s Bazaar” сэтгүүлд ярьжээ. Амьтанд хайртай тэрбээр багадаа байнга л одоо морио унаж тоглодог байсан гэнэ.
Холбоотой мэдээ