БНХАУ-ын дарга Си Жиньпин болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр ОХУ-ын Владивосток хотод уулзаж, хоёр улсын харилцааг бэхжүүлж, дэлхийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахад нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.
Си Жиньпин В.Путиний урилгаар Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байгаа юм. БНХАУ болон ОХУ-ын харилцаа энэ онд эрчимтэй хөгжиж, хөгжлийн хурдацтай үе шатандаа шилжин орж байгааг хоёр тэргүүн уулзалтын үеэр онцлон тэмдэглэв. Олон улсын нөхцөл байдалд олон өөрчлөлт гарч байгааг үл хамааран хоёр улс цаашид харилцаагаа улам бүр бэхжүүлж, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад хамтран ажиллахаа тэд мөн илэрхийлжээ.
Энэ жил Бээжин болон Йоханнесбург хотноо хийсэн уулзалт үр өгөөжтэй болсныг БНХАУ-ын дарга Си Жиньпин дурсаад, БНХАУ болон ОХУ-ын өндөр дээд түвшний албан тушаалтнуудын нягт харилцаа хоёр улсын харилцааны онцлог, өвөрмөц байдлыг илэрхийлж байгаагийн зэрэгцээ хоёр улс дипломат харилцааг тэргүүлэх чиглэлээ болгон ажиллаж байгааг харуулж байна гэж мэдэгджээ. Мөн тэрбээр, БНХАУ-ОХУ-ын хамтарсан хүчин чармайлтын ачаар бий болсон хоёр улсын харилцааны улс төрийн давуу талууд нь хамтын ажиллагааны бодит үр дүнг бий болгосон гэж дурдав. Тэрбээр цааш хэлэхдээ, хоёр улсын үндэсний нөхцөл байдал, аюулгүй байдал болон хөгжлийн хөтөлбөрт тохирсон хөтөлбөр, төслүүдийг хэрэгжүүлэхэд бид харилцан бие биедээ дэмжлэг үзүүлж, том хоёр гүрэн болон хөрш орнуудын харилцааны жишгийг тогтоож байна гэж дурдаад, хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг хадгалж, хоёр улсын ард иргэдийн ашиг сонирхлыг хангах шинэ харилцааг бий болгохын тулд БНХАУ-ОХУ-ын стратегийн иж бүрэн түншлэлийг бэхжүүлэхийг уриалсан байна.
Бид “Бүс ба Зам” санаачилга болон Евразийн Эдийн засгийн холбоон дахь хамтын ажиллагаагаа бэхжүүлж, эрчим хүч, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, технологийн шинэчлэл, санхүү зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлж, томоохон төслүүдийн хэрэгжилтийг тогтмол дэмжиж, хамгийн сүүлийн үеийн шинжлэх ухаан, технологийн хөгжил болон хамтарсан судалгааг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж тэрбээр нэмж хэлэв.
Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ирсэнд нь Си Жиньпинд талархаж буйгаа илэрхийлээд, төрийн тэргүүн нарын харилцан айлчлал удаа дараа хийж байгаа нь хоёр улсын харилцаа өндөр түвшинд байгааг харуулж байна гэж мэдэгдэв. Мөн тэрбээр, сүүлийн жилүүдэд ОХУ-БНХАУ-ын харилцаа эрчимтэй хөгжиж байгааг дурдаад, хоёр улсын харилцан итгэлцэл болон улс төр, эдийн засаг, аюулгүй байдал зэрэг салбар дахь үр өгөөжтэй хамтын ажиллагаа өргөжин тэлж байна гэж мэдэгдлээ. Тэрбээр цааш хэлэхдээ, Евразийн эдийн засгийн холбоо болон “Бүс ба зам” санаачилгын хүрээнд талууд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хөрөнгө оруулалт, эрчим хүч, сансар, санхүү, цахим худалдаа зэрэг салбарт хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, соёл урлаг болон иргэдийн солилцооны хөтөлбөрийг эрчимжүүлэх хэрэгтэй гэв. Одоогийн олон улсын нөхцөлд байдалд хоёр улс олон талаараа ижил төстэй байр суурьтай байгааг дурдаад, олон улсын харилцаан дахь хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, нэг талыг баримталсан үйл ажиллагаанаас зайлсхийж, олон улсын шударга, оновчтой дүрэм журмыг хамгаалж, нийтлэг хөгжил цэцэглэлтийг дэмжих хэрэгтэй гэж мэдэгдлээ.
Хоёр улсын тэргүүн нар олон улс болон бүс нутгийн тулгамдсан асуудлаар санал бодлоо солилцож, эцэст нь хоёр талын хамтын ажиллагааны хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцжээ.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ