Есөн жилийн дараах Зүүн Хойд Азийн “жүүд”

Хуучирсан мэдээ: 2018.09.13-нд нийтлэгдсэн

Есөн жилийн дараах Зүүн Хойд Азийн “жүүд”

Есөн жилийн дараах Зүүн Хойд Азийн “жүүд”

Монгол Улсын Ерөнхийлөгч өчигдөр /2018.09.12/ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзав. Владивостокт болдог эдийн засгийн чуулга уулзалтад Төрийн тэргүүний хувиар хоёр дахиа оролцож буй тэрбээр  өнөө цагт Оросын эдийн засгийн хөгжлийн “зүрх” болсон Алс Дорнодод гурван улсын эдийн засгийн коридорын ажлыг Монголд ашигтайгаар үргэлжлүүлэх, Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулахад хамтарч ажиллах зэрэг тодорхой саналуудыг тавьсан байна.

Мөн “Монгол Улс, ОХУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай” 1993 оны гэрээг шинэчлэн хугацаагүйгээр байгуулах тухай өмнө тавьсан саналаа дурдаж, ОХУ-аас олгох 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээлийг “УБТЗ” ХНН-ийн шинэчлэл болон эрчим хүчний салбарт зориулах, хоёр улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн  хамтын ажиллагааг эрчимжүүлж бүс нутгийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны шинэчилсэн төлөвлөгөө гаргаж ажиллах асуудлаар ярилцжээ.

НЭГ ЖИЛИЙН ӨМНӨ…

Нэг жилийн өмнө буюу 2017 оны есдүгээр сарын 6-7-ны өдрүүдэд мөн л Владивостокт Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад шинэхэн Ерөнхийлөгч хуучин танилын хувиар В.Путинтэй уулзаж байв. Энэ үеэр Монголыг далайд гарцтай болоход хамааралтай орнуудынхаа удирдлагуудтай /БНХАУ-аас бусадтай нь/ уулзсан гэдэг. Тэр үед В.Путинтэй  уулзаж ярилцахдаа чанартай цөөхөн санал тавьсны нэг нь Монгол Улс, ОХУ-ын Алс Дорнодын боомтуудыг ашиглан нүүрсний экспортоо олон талт болгохыг зорьж байгаа тухай, Приморийн өмнөд хэсгийн олон улсын тээврийн коридороор Ази-Номхон далайн орнуудад ачаа бараагаа хүргэх, тарифын хөнгөлөлт эдлэх сонирхлоо илэрхийлж байв.

Тухайн үед Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол, Оросын бизнес форум дээр хэлсэн үгэндээ “ОХУ-д гаргасан манай экспорт 33.4 сая ам.доллар буюу өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8.5 хувь, ОХУ-аас импортолсон бараа, бүтээгдэхүүн 671.9 сая ам.доллар буюу 49.5 хувиар тус тус өссөн байна. Хэдийгээр өссөн дүн харагдаж байгаа ч 4000 орчим км хуурай газраар хиллэдэг хоёр орны хувьд чамлалттай байгаа. Үүнийг өргөжүүлж, бүс нутаг хоорондын харилцааг дэмжиж ажиллах хэрэгтэйг энэ статистик тоо харуулж байна. ОХУ-тай хийх худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, худалдаанд тулгарч буй тарифын болон тарифын бус саад тотгорыг арилгахын тулд ЕвроАзийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах саналыг бас дэвшүүлсэн” хэмээн хэлж байлаа. Тухайн үед В.Путин Х.Баттулгыг Кремльд урьсангүй гэх мэт явган өө хайсан яриа гарч байсан ч 25 жилийн хугацаатай 60 хувийн тарифийн хөнгөлөлт “авчирсан” олз олсон Төрийн тэргүүн  Кремлийн босгоор алхах тийм чухал гэж үү. Ийнхүү  Х.Баттулга зорилгынхоо эхний шангаа татаад ирсэн юм.

ЗҮҮН ХОЙД АЗИДАА “ЖҮҮД” БОЛЖ ЧАДАХ УУ

Тэгвэл энэ удаа Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзахдаа  Алс дорнодод далайн боомт ашиглах асуудлыг судалж буйгаа дурдаж, гурван улсын эдийн засгийн коридорын ажлыг эрчимжүүлэх талаар ярилцаж холбогдох тооцоо судалгааг гардуулав. Үүний өмнө 2018 оны зургадугаар сарын 9-нд Чиндаод болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй хоёр талын уулзалт хийсэн. Тэгэхэд бас нэг төсөл В.Путинд гардуулсан. Энэ бол хоёр хөршийн худалдааны эргэлтийг улсаараа дамжин өнгөрүүлэх алдарт эдийн коридорын аварга төслийг Эрхүү мужийн Амбан захирагч Сергей Георгиевич Левченкогоос хүлээн авсанаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд гардуулсан хэрэг.

Одоо л өөрийнх нь бичиж байсан шиг “Зүүн хойд Азидаа жүүд нь болох нь”. Тэрбээр нийтлэлдээ жүүдийн тухайд “хоёр хөршийнхөө үзэн ядалт дор эдийн засгаа эрчимтэй хөгжүүлж, аюулгүй байдлаа ч бүрэн хангаж чадаж байгаа энэ улстай өөрийн орныг харьцуулж, товчхондоо хоёр хөршийнхөө энхрийлэл дор шахам, дайсагнах нь байтугай таалуулж байж боломжоо ашиглан хүчирхэгжиж авах бодлого хэрэгтэй” гэсэн агуулгатай байсан нь сэтгэл хөдөлгөж байсныг одоо өөрт нь дахин сануулъя.

Орос, Хятадын хоорондын төмөр зам, автозамын хөгжилд тэсрэлт гарах тусамд, байгалийн хийн хоолой, худалдааны сувгуудаа Монголыг дайруулах бус тойруулах тусам бид яаж ч чадахгүй ханцуйдаа нуун гар зангидаж суусан. Дэлхийд дэндүү том нөлөөтэй Их гүрэн хөршүүдээрээ наанаа энхрийлүүлж цаанаа үзэн ядагдаж өнөөг хүрсэн ч хөгжлөө ахиулах төрийн бодлого хүчтэний өмнө мөхөстсөөр байсаан.

Гэвч өнөөдөр хоёр улсын хамтын ажиллагаа бүхий л салбарт эерэг үзүүлэлттэй, сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлттэй байгааг чамлалгүй олзуурхаж, урин дуудсаар байгаа ч Чиндаод хальт мөлтхөн сонссон нааштай хариу албан ёсных болж байгалийн хийн хоолойг Монголоор дайруулах эцсийн шийдвэр гарах нь хүлээлт болоод байна. Энэ удаагийн уулзалтаараа  ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин ОХУ-аас Монгол Улсад олгохоор ярилцаж байгаа 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээлийг УБТЗ-ын  болон Дулааны цахилгаан станцын шинэчлэлд зарцуулах боломжтой хэмээжээ.

“МОНГОЛ ЯЛНА”-ЫГ БҮҮ ШООЛ

УБТЗ-д Оросын тал хэрхэн хөрөнгө оруулж, шинэчлэл хийдэгийг бид удаа дараа харсан. Хэрэв энэ зүгт хөрөнгө оруулалт хийхээр түс тас тохирвол Мянганы сорилын сангийн 285 сая ам.долларын гэрээг буцаалгаж 250 сая ам.доллараар “гуялж” төмөр замаа шинэчилсэн шиг сэтгэл дундуур хоцорч мэдэх юм.

Мэдээж ОХУ улс төрийн шалтгаантайгаар энэ зээлийг олгоно. Түүнээс биш эдийн засгийн хувьд тийм ч тааламжтай бус нөхцөлтэй байгаа, таатай нь урд хөрштэй боломжийн хэмжээнд ойлголцож буйн шалтгаан нь эдийн засгийн хоригт ороод байгаа “зовлон нэгтэнүүд”. Хэрэв бид урхинд орвол яах вэ. Бидэнд нэг л гарц бий. Одоо улстөрч Х.Баттулга Төрийн тэргүүн Х.Баттулга болсон. Монголын нэгдмэл эрх ашгийн төлөө чөтгөртэй ч эвсэх тангараг өргөсөн. Төмөр зам ч гэсэн Ж.Оджаргалын, Х.Баттулгын зам байхаа больж Монголын төмөр зам байж гэмээнэ Монгол Улс “жүүдтэй” харьцуулахын аргагүй хөгжиж улс төр, геополитикийн уран нүүдэл, мэргэн тактикийн хувьд өөрийн гэсэн “ноу хау”-тай улс болох юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын хөгжлийн шинэ замыг нээсээр, учрах бэрхшээлийг очир огтлогч лугаа зүсч даван гарсаар шинэ шатанд хүргэх болно. Түүнийг дэмжих, зөв үнэлэх нь хөгжилд оруулах нэг хэлбэрийн хувь нэмэр бөгөөд Монголын эрх ашигт нийцнэ гэдгийг түүхэн чухал уулзалт, яриа хэлэлцээрүүдийн үеэр сануулахад илүүдэхгүй биз ээ.

УИХ-ын гишүүн асан, сайд асан  Х.Баттулгын есөн жилийн өмнө бичсэн номд нь багтсан “Бодлууд” нь Ерөнхийлөгч болох үед нь бодит ажил хэрэг болж, эрх мэдэл түүнд ирж, Монгол Улс Зүүн Хойд Азидаа “жүүд” болох гэж явна даа.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж