"News" агентлаг долоо хоног бүрийн пүрэв гаригт "Яам агентлагаар сонин юутай вэ" буланг бэлтгэн хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаарт үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Төрийн нарийн бичгийн дарга нарыг онцолж байна.
МАН-ынхан сонгуулийн дараа байгуулсан Мэргэжлийн Засгийн газраа огцруулж, Ардын засгийг байгуулаад 365 хонох гэж байна. Нэг засгаа огцруулж, нөгөө засгийг байгуулсан МАН-ынхан төрд халаа сэлгээ хийсэн хэвээр.
Тухайлбал, ‘Эрдэнэс Тавантолгой’ компанийн гүйцэтгэх захирал Ц.Ариунболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Б.Ганхуягийг томилонгуутаа, ‘Эрдэнэс Алт’ компани шинээр байгуулж, даргаар нь халсан захирлаа тавьсан. Мөн “Тавантолгой төмөр зам”, “Шивээхүрэн төмөр зам” компаниудыг шинээр байгуулсан. Энэ компанийн эзэн суудал хэн нэгэнд бэлэг байдлаар очиж ч мэдэх юм.
У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойш нэг жил орчим болж байхад одоо хэрнэ төвхнөж амжаагүй л байна. Одоогоор гурван ч яам Төрийн нарийн бичгийн даргагүй байгаа юм. Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар томилогдсон тул яамны суудал эзгүйдсэн. Ингээд тус яамны Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Г.Билгүүн Төрийн нарийны албан үүргийг түр орлон гүйцэтгэж байна. Засгийн газраас тус ажлын байрны захиалгыг Төрийн албаны зөвлөлд ирүүлсэн ч ажлын байранд тавигдах шаардлага шалгуур нь хэт нэг талыг барьсан, шаардлага хангахгүй захиалга байсан аж. Иймд уг саналыг бусад яамны Төрийн нарийн бичгийн даргын шалгууртай адил төвшинд болгох ёстой гэж Төрийн албаны зөвлөл үзээд буцаажээ. Өөрөөр хэлбэл 13 яамны 13 Төрийн нарийн бичгийн даргын ажлын байрны шалгуур яг адил төвшинд байх ёстой аж.
Мөн Зам тээврийн хөгжлийн яаманд хүн амины хэрэг гарсан тул тус яамны удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Одоогоор тус яамыг Шадар сайд Ө.Энхтүвшин хариуцаж байгаа бол дэд сайдаар Л.Халтар томилогдсон билээ. Харин Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан Р.Мэргэнийг томилоод байгаа юм. Өнөөдрийн байдлаар уг ажлын байрны захиалга Засгийн газраас Төрийн албаны зөвлөлд хараахан ирээгүй байна.
Үүнээс гадна Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатыг чөлөөлж Э.Содномжамцыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон билээ. Ингээд тус яамнаас Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтыг зарлуулъя гэсэн захиалгыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн байна. Гэвч Төрийн албаны зөвлөлөөс тус захиалгыг бас л буцаажээ. Учир нь өмнө нь ажиллаж байсан Д.Очирбат шүүхэд нэхэмжлэл гаргаж, өргөдлийг нь шүүх хэлэлцээд тус албан тушаалд эргүүлэн томилох шийдвэр гаргасан аж. Иймд дараагийн сонгон шалгаруулалтыг явуулах боломжгүй болсон тухай албан бичгийг Төрийн албаны зөвлөлөөс Засгийн газарт явуулаад байгаа аж.
Үүнээс гадна нүүдэл суудал хийгээд удаагүй байгаа Төрийн нарийн бичгийн дарга нарыг дурдвал Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баяртсайхан, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт ажлаа хүлээж аваад удаагүй байгаа юм.
Холбоотой мэдээ