Багшийн цалинг нэмчих мөнгө үргүй зардал дунд чинь байна

Хуучирсан мэдээ: 2018.09.12-нд нийтлэгдсэн

Багшийн цалинг нэмчих мөнгө үргүй зардал дунд чинь байна

Багшийн цалинг нэмчих мөнгө үргүй зардал дунд чинь байна

Эдийн засагт төрийн зохицуулалт хийхийг “зүүнтнүүд” сайн чаддагсан

МҮЭ, Засгийн газар хооронд бүтэн жил үргэлжилсэн хэлэлцээр амжилтгүй болж, цалингаа нэмүүлэх шаардлага тавьсан багш нар хугацаагүй ажил хаясан хэвээрээ байна. Багш нар ажлын байрнаасаа асуудал тавихад авч хэлэлцэхгүй байгаа тул төв талбай дээр ирээд “хөөе, бид ажил хаясан байгаа шүү” гэдгээ төр засгийнханд харуулж, хашгираад ч тусыг эс олов. Баргийн юмнаас цочроо авахаа байжээ, эрх баригчид. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Засгийн газарт цалин нэмэх ямар ч боломж байхгүй” гэж эрс хатуу мэдэгдсэн бол салбарын яам дорвитой шийдвэр хэлсэнгүй. Харин ч ажил хаялт зарласан багш нарыг дарж авахаар тэдний эсрэг хүүхдүүдийн эцэг эхчүүдийг хүртэл турхирч сууна. Асуудлыг зөвшилцөл, хэлцлээр шийдэхийн оронд сүрдүүлж, номхруулах гэж оролдож байгаа нь нийгэмд таагүй уур амьсгал төрүүлснийг тус салбарынхан ойлгохгүй байх шиг. Харин Монгол улсын төсвийн бодлогыг баригч олон улсын валютын сан “Бид Монголын Засгийн газрыг цалин нэмэхийг нь хориглоогүй. Зардлаа нэмэхгүйгээр цалин нэмэх эрх танай Засгийн газарт бий” гэсэн хариулт өгч байна.

Тэгэхээр бусад шаардлагагүй зардлаа танаж, бага зэрэг зохицуулалт хийчихвэл багш нарын шаардаад буй 35 тэрбум төгрөгийг гаргаад ирэх боломж бий юм биш үү. Уг нь эдийн засагт төрийн зохицуулалт хийх нь “зүүнтнүүд”-ийн хамгийн сайн чадах ажил баймаар. Харин хаанаас тэр 35 тэрбум төгрөгийг олж болох вэ? ОУВС-гийн Монголд хэрэгжүүлж байгаа тав дахь хөтөлбөрийн ажлын хэсгийн ахлагч, Ази, Номхон далайн бүсийн хэлтсийн орлогч дарга Жеоф Готтлиб хэлэхдээ “Нэгдүгээрт, цалин хөлс нэмэгдүүлэх эх үүсвэр олохын тулд бусад үр ашиггүй зардлаа хасах ёстой. Хоёрдугаар асуудал нь Засгийн газрын өр төлбөр маш өндөр түвшинд очсон. Гэтэл төрийн албан хаагчдын, тэр дундаа багш, эмч нарын цалин, хөлс маш бага байна. Яагаад ийм байдал гарсан бэ гэхээр өнгөрсөн олон жилийн турш үе үеийн Засгийн газрын гаргаж байсан шийдвэрийн үр дагавар гэж харагдаж байна. Төсвийн үр ашиггүй зардлаа бууруулах арга замаа олох нь чухал” хэмээн байр сууриа хэлсэн. Гэтэл цалин нэмэх мөнгө олж чадахгүй байгаа эрх баригчид урсгал зардал, үр ашиггүй зарцуулалтаа хасаж яагаад болохгүй гэж?

Тээвэр шатахуунд 24.6 тэрбум… гээд тэвчиж болох зардал олон байна

Энэ оны нэгдсэн төсвийн эхний долоон сарын гүйцэтгэлээр урсгал зардалд дөрвөн их наяд гаруй төгрөгийг зарцуулсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс бараг 200 орчим тэрбум төгрөгөөр өссөн дүн. Урсгал зардал гэдэг бол эргээд эдийн засгийн өгөөж өгдөг хөрөнгө оруулалт биш. Харин төрийн албаныхны эд хогшил, тавилга, байр сав, гадаад дотоод томилолт, утас унааны мөнгө гээд тэвчиж болох үр ашиггүй зардлуудыг өнгөлсөн албан нэр нь тэр юм. Төрийн албаныхны тэвчиж болохуйц ямар зардал гаргаж буйг тодорхой болгох үүднээс зардлын зарим задаргааг энд дурдъя. Эхний долоон сарын байдлаар төсвөөс гадаад, дотоод томилолтод 13.1 тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөн эд хогшлын урсгал засварт 31.7 тэрбум, ном хэвлэлд 800 сая, бичиг хэрэгт 5.5 тэрбум, утас холбоо, интернетийн төлбөрт зургаан тэрбум төгрөг, тээвэр шатахуунд 24.6 тэрбум… гээд дурдаад байвал халж, эсвэл хасаж болох зардал олон байна. Гэхдээ оны эцэс гэхэд энэ мөнгөн дүн улам нэмэгдэнэ. Баталсан зардлаасаа давуулж зарлагадна гэж барьсан ч алдахгүй. Учир нь төсвийн жилийн төгсгөл рүү хамаг зардлаа гаргадаг нь төрийн албаныхны бичигдээгүй хууль юм. Тухайлбал, төрийн албаныхан 13 гаруй тэрбум төгрөгийн гадаад, дотоод томилолтод явж ямар ажил амжуулав.

Ойрд гадаадад өндөр дээд түвшинд манай төр засгийн тэргүүнүүдийн зүгээс хийсэн айлчлал бараг байгаагүй. Үнэндээ төрийн албан хаагчид томилолт нэрээр гадаадаар зугаалж, газар орон үзэж байгаад ирдэг нь нууц биш. Мөн 30 гаруй тэрбум төгрөгөөр эд хогшил буюу өмнө нь хэрэглэж болоод байсан ширээ сандал, компьютер зэргийг акталж, зурагт буйдангаа шинэчилж тухлах нь тэвчиж болохооргүй зардал юм гэж үү. Шатахууны зардлыг нь хар. Тогтоож өгсөн лимитээрээ салбарын нэг сайд өдрийн 30 км-ээр тооцож шатахууны зардал авдаг. Тэгэхдээ хамгийн том мотортой, шатахуун их зарцуулдаг машинаар тооцох нь мэдээж. Гэтэл хот дотор өдөрт 30 хүртэл километр хаагуур явах вэ? Манай дарга нарын ихэнх нь төрийн ордноос гурав хүрэхгүй километрийн цаана, ихэнх нь Зайсангийн энгэрт амьдардгийг бүгд л мэднэ. Гэсэн атлаа цалингаа нэмүүлээгүй нийт хугацааных нь инфляц нь 70 гаруй хувиар өсчихөөд байгаа багш нар бодит шаардлага тавихаар “Боломж байхгүй, жаахан тэвч” гэж хэлэх ширэн нүүртэй, шилэн зүрхтэй “томчуул”-тай улс юм. Өндөр цалин өндөр хариуцлагатай багшийг л төрүүлнэ. Түүнээс биш өөр салбарын ажилтны авдаг цалин, хийдэг ажилтай нь харьцуулан барьцах, бас доромжлох хэрэггүй. Хурган дарга нарын унадаг жийп машины тоо нэмэгдэх тусам Монголын боловсролын салбар улам доройтож байгаа. Олж ирсэн мөнгөөр өр дарж байна гэж өдөр бүр шахуу гоншигонож буй төр засгийн сайд, дарга нарт хандаж хэлэхэд эдийн засгийг доройтуулж, энэ байдалд хүргэсэн нь багш нарын буруу биш шүү!!!

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж