ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн IV чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр үдээс хойш Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нарын бүрэлдэхүүнтэй Өргөтгөсөн хуралдаанд оролцож, үг хэллээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:
“ОХУ-ын Ерөнхийлөгч, Эрхэмсэг ноён Владимир Владимирович Путин,
БНХАУ-ын Дарга Эрхэмсэг ноён Си Жиньпин,
Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ,
БНСУ-ын Ерөнхий сайд ноён Ли Наг Ён,
Хатагтай, ноёд оо,
Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад дахин урьсан ОХУ-ын Ерөнхийлөгчид талархал илэрхийлье.
Жил бүр зохион байгуулагддаг Дорнын эдийн засгийн чуулга уулзалт нь Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой яриа хэлэлцээний талбар болж байна. Чуулга уулзалтын хүрээ, оролцогчдын түвшин жил ирэх тутам өргөжиж байна. Хөрш орнууд болох ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, бүх талын хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх, бүс нутгийн улс төр, эдийн засгийн интеграцид хамрагдах нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүд юм. Энэ оны 6 дугаар сард Хятадын Чиндао хотноо ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нартай хоёр болон гурван талын уулзалт хийж, хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэх эрмэлзлээ нотолсон.
Хатагтай, ноёд оо,
Энэ удаагийн чуулга уулзалт “Алс Дорнод: Боломжийн хязгаарыг тэлэх нь” сэдвийн дор зохиогдож байна. Чуулга уулзалтад оролцогч орнууд хоёр болон олон талын хамтын ажиллагааг хөгжүүлэх шинэ боломжийг эрэлхийлэх зорилготой гэж миний бие харж байна. ОХУ-ын Алс Дорнодын бүс нутаг нь Монгол Улсын хувьд бүс нутгийн орнуудтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, эдийн засгийн интеграцид хамрагдах нэг чухал гарц, боломж юм.
Монгол Улс хоёр хөрш орны нутаг дэвсгэрээр төмөр замаар дамжин тээвэрлэлт хийж, мөн хөрш орнуудынхаа далайн боомтыг ашиглан дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахаар төлөвлөсөн. Энэ зорилгоор Монгол Улсын Их Хурал 2010 онд Төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг баталсан. Энэ бодлого амжилттай хэрэгжиж байна. Энэ оны зургадугаар сард ОХУ-тай “Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсан нь том алхам боллоо. Үүнээс гадна манай улс “Монгол Улс, БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин далайд гарах, буцах болон дамжин өнгөрөх тээвэр хийх тухай хэлэлцээр”, “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай Монгол, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээр” зэрэг чухал баримт бичгийг БНХАУ-тай байгуулаад байна.
Эдгээр хэлэлцээрийг байгуулснаар хөрш орнуудын нутгаар дамжин өнгөрч, далайн боомтуудаар дамжуулан Зүүн Хойд Азийн болон бусад улсуудтай худалдаа хийх боломж нээгдлээ. Монгол Улсыг далайд гарах гарцыг нээсэн, олон улсын худалдаа эдийн засгийн интеграцид нэгдэх боломжийг олгосон чухал гэрээ хэлэлцээрийг байгуулж дэмжлэг үзүүлсэн ОХУ-ын Ерөнхийлөгч ноён В. В. Путин, БНХАУ-ын Дарга Си Жиньпин нарт талархал илэрхийлье.
Монгол Улс нь хөрш орнууд, бүс нутгийн орнуудтай улс төрийн харилцааны өндөр түвшинд хүрсэн, аливаа хурцадмал, маргаантай асуудалгүй орон билээ. Энэ ч үүднээс “Улаанбаатарын яриа хэлэлцээ” зэрэг бүс нутгийн орнуудын харилцан ойлголцлыг бэхжүүлэх, яриа хэлэлцээг гүнзгийрүүлэхэд чиглэсэн санаачилга дэвшүүлэн ажиллаж байна. Улс төрийн харилцааны өндөр түвшинг бататгахын зэрэгцээ бүс нутгийн орнуудтай хөгжлийн бодлогоо уялдуулж, томоохон төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхийг зорьж байна. Тухайлбал, “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор” байгуулахаар ажиллаж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд тодорхой төслүүдийн хэрэгжилтийг эхлүүлэх талаар Чиндао хотод болсон уулзалтаар Путин Ерөнхийлөгч, Си Жиньпин дарга нартай ярилцсан.
ОХУ-аас БНХАУ руу барихаар төлөвлөж байгаа байгалийн хийн хоолойг Монгол Улсаар дамжуулан өнгөрүүлэх асуудлаар бид хамтран ажиллахад бэлэн байна. Монгол Улсын энэ хүсэлтийг дэмжсэн ОХУ-ын Ерөнхийлөгч ноён Владимир Владимирович Путин танд талархаж байна. БНХАУ-ын Дарга Си Жиньпин дэмжинэ гэдэгт найдаж байна. Бид энэ асуудлаар баталгаатай эрх зүйн орчин бий болгоход бэлэн байна. Манай улс түүнчлэн худалдаа, хөрөнгө оруулалтын гол түнш орнуудтайгаа хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, хөрөнгө оруулалтын илүү таатай нөхцөл бүрдүүлэх үүднээс Япон улстай “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийг 2015 онд байгуулсан бол Бүгд Найрамдах Солонгос Улстай мөн ийм хэлэлцээр байгуулах хамтарсан судалгааны ажлыг дуусгаад байна.
Мөн Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах үндэслэлийг хамтран судлахаар ярилцаж байна.
Хатагтай, ноёд оо,
Монгол Улсын эдийн засгийн уналт зогсож, өсөлт тогтворжиж байна. Дотоодын Нийт Бүтээгдэхүүний өсөлт 2017 онд 5.3, 2018 оны эхний хагаст 6.3 хувьд хүрсэн. Бид манай эдийн засгийн уул уурхайн салбараас хамааралтай эмзэг байдлыг бууруулахаар зорьж байна. Гол түнш орнуудтай худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, түүний дотор Монголоос гаргах уул уурхайн бус, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх бодлого баримталж байна.
Монгол Улс бүс нутгийн орнуудтай олон талын болон хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэх бодлого баримтлахыг энэ индрээс нотлохыг хүсч байна. Эдийн засгийн үр ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэхийн тулд тодорхой санал дэвшүүлье. Зүүн хойд Азийн орнуудыг цахилгаан эрчим хүчээр хангах, оргил цагийн ачаалал хуваалцсан, нөөц ашиглалтын оновчтой шийдэл болох “Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ” төслийн ажлыг хамтран, цаг алдалгүй, шуурхай эхлүүлэхийг уриалж байна.
Бид энэхүү супер сүлжээний бодит эхлэл болгож, Монгол Улс- Хятад улс хамтарсан эрчим хүчний цогцолбор болон үлэмж өндөр хүчдэлийн шугамын төсөл эхлүүлж байгааг мэдэгдэхэд таатай байна. Энэхүү цогцолбор нь нар, салхи, нүүрсний эх үүсвэрээс нийт таван мянга гурван зуун тавин (5350) МВт-ын суурилагдсан хүчин чадалтай станцуудаас бүрдэх юм. Мөн Монгол Улсаас Хятад улс руу 1500 км үлэмж өндөр хүчдэл бүхий цахилгаан дамжуулах тогтмол гүйдлийн шугам татна. Цогцолборын судалгааны ажил, ТЭЗҮ бэлтгэгдэж дууссан бөгөөд удахгүй бүтээн байгуулалтын ажил эхлэх болно.
Ер нь Монгол Улс уудам нутагтай учир нар, салхины эх үүсвэрийн цахилгаан үйлдвэрлэл нь улирлын болон цагийн бүсийн зөрүүнээс үүдэн Япон, Солонгос улсуудын оргил цагийн ачааллыг хөнгөвчлөх, түүнээс гадна хураагуурын үүрэг гүйцэтгэх боломжтой. Сэргээгдэх эрчим хүч хэрэглэх нь аль ч улсын хэрэглэгчдэд таалагдах биз ээ. Энэхүү сүлжээ нь Зүүн хойд Азийн бүс нутгийг хамарсан эрчим хүчний интеграц болох бөгөөд Азийн супер сүлжээний эхний шат гэж харж байна.
Зүүн хойд Азийн супер сүлжээ нь бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагаа, хөгжлийн шинэ боломжийг нээхийн зэрэгцээ бүс нутгийн бүх орнуудын итгэлцлийг бэхжүүлэх чухал хүчин зүйл болно гэж үзэж байна.
Чуулга уулзалтын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа” гэв.
Эх сурвалж: www.president.mn
Холбоотой мэдээ