Хилийн чанад дахь Монголчуудын холбоо төрийн бус байгууллагуудын III чуулга уулзалт Гадаад харилцааны яаманд болж байна. Өнөөдөр /2018.09.12/ эхэлсэн уг уулзалт 13, 14-нд үргэлжлэх юм байна. Энэ уулзалтад 150 гаруй төрийн бус байгууллагын төлөөлөгч оролцож байгаа аж. Өнөөдрийн байдлаар 76 улсад 158 мянган Монгол иргэн оршин сууж байна. Эдгээр хүмүүсийн эрх ашгийг хамгаалах үүднээс өнөөдрийн уулзалтыг хоёр жил тутамд зохион байгуулдаг аж. Гадаад харилцааны яамнаас хилийн чанадад байгаа монголчуудтай тогтоосон харилцаа жил ирэх тусам сайжирч байгааг Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирал Л.Мөнхтүшиг онцолж байв.
Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирал Л.Мөнхтүшигээс чуулганы талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Монгол Улсын 158 мянган иргэн гадаадад ажиллаж, амьдарч байна. Эдгээрээс хэд нь иргэншлээ солиулсан бэ?
-Тэр талаар тодорхой мэдээлэл гарах боломжгүй байдаг. Зарим улс давхар харьяалал зөвшөөрдөг. Тэр мэдээллийг олон нийтэд цацсанаар хувь хүний нууцад халдсан хэрэг болох тул нарийн тоо гарахад хэцүү. Харин бидэнд гадаадад төрж, тухайн улсын иргэн болсон хүүхдүүдийн багцаа тоо бий, одоогоор бол 7000 орчим хүүхэд байна.
-Давхар иргэншлийн асуудлыг нэг тийш болгох шаардлагатай талаар олон иргэн хэлдэг. Энэ асуудлыг хэзээ шийдэх вэ?
-Энэ асуудлыг хийлийн чанадад байгаа монголчуудын зүгээс тогтмол тавьж ирсэн. Гадаад харилцааны яам бол гадаадад байгаа иргэдийн үгийг хамгийн түрүүнд сонсдог учраас төрийн дээд удирдлагуудад уламжилдаг. Одоо бол аль улс давхар иргэншлийг зөвшөөрч байна, аль зөвшөөрөхгүй байна вэ гэдэг нарийн судалгааг хийчихсэн. Тэгэхээр цаашид гадаадад амьдардаг Монгол Улсын иргэншилтэй эцэг, эхийн дундаас төрсөн хүүхдийн давхар харьяаллыг шийдэх саналыг боловсруулаад байна. Хэрэв энэ саналыг хүлээн авсан тохиолдолд Монгол Улсын харьяатын хуульд өөрчлөлт оруулах боломжтой болно.
БНСУ ДАХЬ “МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НЭГДСЭН ХОЛБОО”-НЫ ТЭРГҮҮН П.МАЙНБАЯР:
-Солонгос дахь Монгол эмэгтэйчүүдийн хувьд давхар иргэншлийн асуудлаар маш их санал хүсэлт явуулдаг. Гадаадад амьдарч байгаа Монгол аав, ээжтэй хүүхдийн давхар иргэншил гэхээс илүү холимог соёлтой хүүхдүүдийн асуудлыг ч орхигдуулж болохгүй.
-Солонгос дахь монголчууд гэмт хэрэгт холбогдох нь их байна гэсэн шүүмжлэл байдаг. Ямар учраас олон хүн гэмт хэрэгт холбогдоод байна вэ. Соёлын ялгаа нөлөөлж байна уу?
-Гэмт хэрэгт холбогдож байгаагаа өөрсдөө мэдэхгүйгээр холбогддог. Жишээ нь, бэлгийн хүчирхийлэл хийсэн гэдэг. Гэвч шууд утгаараа бэлгийн хүчирхийлэл хийгээгүй байдаг. Тухайлбал, олон нийтийн тээврийн хэрэгслээр явахдаа нэг байрлалаар налаад явах, ширтэх, зураг дарах, эмэгтэйчүүдийн биед хүрэх зэргээр гэмт хэрэгт холбогдчихдог. Энэ мэт үйлдэл нь бэлгийн хүчирхийлэл болж, өндөр ял оноодог. Өөрөөр хэлбэл соёлын ялгаанаас болж гэмт хэрэгт холбогдсон тохиолдол их гардаг. Үүнээс гадна ажлын байран дээр соёлын ялгаанаас болж зөрчилдөөн үүсдэг. Солонгосчууд бие биеийнхээ өмнө бөхөлзөж, хүндэтгэл үзүүлдэг. Гэтэл монголчууд бөхөлздөггүй. Энэ мэт шалтгаанаас болоод Солонгос дахь ажил олгогчид монголчуудыг ажилд авах сонирхол нь буурч байна.
АНУ-ЫН ВАШИНГТОН ХОТЫН МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООНЫ ТЭРГҮҮН Х.ОЮУНГЭРЭЛ:
-АНУ-д эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлыг өндөрт авч үздэг. Бусад улс орныг бодох юм бол дарамт шахалт, цалин мөнгө өгөхгүй байх тохиолдол нь харьцангуй бага. Гэхдээ би энэ уулзалтад оролцох болсон гол шалтгаан бол дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй ээжүүд “Алдарт эхийн одон” авах болзол хангасан ч одонгоо авч чадахгүй байна. 2011 оны тавдугаар сарын 20-нд гарсан Ерөнхийлөгчийн зарлигаар баталгаажсан “Алдарт эхийн одон” авах журамд гадаадад ажиллаж, амьдарч байгаа ээжүүдэд олгох тухай ямар нэг заалт тусгагдаагүй байдаг юм байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд шат шатны байгууллагад хандаад явж байна. Одоогоор бол АНУ-д суугаа арван Монгол ээж болзол хангаад байгаа.
Холбоотой мэдээ