Тэгвэл, Тусгаар тогтнолын ордныг төрд авъя

Хуучирсан мэдээ: 2018.09.12-нд нийтлэгдсэн

Тэгвэл, Тусгаар тогтнолын ордныг төрд авъя

Тэгвэл, Тусгаар тогтнолын ордныг төрд авъя

Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт  нэгэн  албан бичиг Ерөнхий сайдад  илгээсэн нь Бөхийн өргөөг төрд авах тухай.  Уг албан бичигт “Бөхчүүд болон бөхийн зүтгэлтнүүдийн хүрээнээс хальж, бөх сонирхогчдыг хүртэл талцуулах хэмжээнд хүрсэн энэхүү үйл явдлыг иргэд, олон нийт илт буруушааж, улсын төсвийн хөрөнгө, ард түмний хандив, тусламжаар байгуулагдсан Монгол бөхийн өргөөг төрийн мэдэлд авах ёстой гэдэг санал, шаардлагыг гаргах болсон нь зүй ёсны хэрэг бөгөөд анхаарч шийдвэрлэвэл зохих үндэслэл бүхий асуудал мөн” гээд Бөхийн өргөө барихад 800 сая төгрөг улсын төсвөөс гаргуулж өгч байсныг онцолжээ.

Хариуд нь  Л.Чинбат, Ү.Хүрэлбаатар нарын зүгээс  “Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын үндэсний бөхийн холбооны өмч болох Бөхийн өргөөг төрийн мэдэлд авах саналыг Засгийн газарт хүргүүлсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчимд нийцэхгүй, өмчлөгчийн эрхэнд халдсан үйлдэл” гэж эсэргүүцэж байгаагаа илэрхийлэхийн сацуу  Б.Бат-Эрдэнэ нарыг ч чимхээд  авахаа мартсангүй.

Бөхчүүд хоёр харж суучихаад бөөрөнхий байшингаа булаацалдаад хэрэлдэж байгаа нь үнэн. Гэхдээ төсвөөс дэмжиж босгосон байшин болгоныг хурааж авъя гэвэл Тусгаар тогтнолын ордныг ч төрд авъя.

Учир нь  долоон сарын 1-ны үймээнд өртөж, шатсан гэх МАН-ын байранд улсын төсвөөс 11 тэрбумыг нөхөн олговор хэлбэрээр өгсөн. Жаахан ёжлох юм бол,  МАН-ынхан ч бөхчүүд шиг хоёр хуваагдаад төрийн эрх мэдэл булаацалдаад хэрэлдээд байгаа шүү дээ.

Бөхийн холбоо ч гэж холбоо. Монгол бөхийн шинэчлэлийн төлөө биш бөөрөнхий байшин булаацалдаад хэрэлдээд байгаагаа мэдэгдлээрээ бариад өгчихлөө гэхэд худлаа болохгүй байх. А.Сүхбат аваргын хэлснээр “Бөх бол Төр” гэвэл байшин ч бас төрийнх болоход болохгүй ч юмгүй. Гэхдээ, Бөхийн өргөөг төрд авна гэвэл Тусгаар тогтнолын ордноо давхар хураалгаж магадгүй юм шүү, Ерөнхий сайд аа.

Б.БАТ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж