Иргэд Улаанбаатарт оршин суухыг тэмүүлж буй нь мэдээлэл, бизнес эрхлэх боломж зэрэг олон зүйлсээс шалтгаалдаг. Гэхдээ энд нэг томоохон хүчин зүйл буй нь төрийн үйлчилгээнд илүү ойртож буй явдал. Тэгэхээр Монголын тал нь оршин суугаа нийслэлийн төрийн үйлчилгээг сайжруулах нь Монгол Улсын хэмжээний асуудал бол байна. Энэ асуудал үе үеийн нийслэлийн удирдлагуудын анхаарлаа хандуулах хамгийн гол ажил нь байсаар ирсэн билээ.
ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХЭЭ НОТАРИАТААР БАТЛУУЛАХ АЛБАГҮЙ БОЛОВ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудаар үйлчлүүлэх иргэн, хуулийн этгээд иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн гэрчилгээ болон холбогдох бусад албан бичгийг эх хувиар нь авчирсан тохиолдолд хуулбарыг нотариатаар баталгаажуулахыг шаарддагийг нэг мөр болиулсан шийдвэр гаргасан.
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн мэдээлснээр иргэд 29 төрлийн бичиг баримтын хуулбарыг нотариатаар баталгаажуулах шаардлагатай болдог байсан нь нэг жилийн өмнөөс ийнхүү шаардлагагүй болж, төрийн үйлчилгээнд байсан нэгэн үр ашиггүй нугалаа арилав.
ГАЗРАА 5 БИШ 15 ЖИЛЭЭР СУНГАНА
Нийслэлийн иргэн, аж ахуйн нэгжүүдийн газар эзэмших эрхийн хугацааг 5 жилээр сунгадаг байсан. Гэтэл тавхан жилийн хугацаанд тухайн газарт оруулсан хөрөнгө оруулалтай нөхөж ч амжилгүй, өмч хөрөнгө нь эрсдэлд орлог, ингэснээр газрын албын тойрсон авлига, хүнд суртлын нэг эх үүсвэр болдог байсан нь нууц биш. Харин Нийслэлийн Засаг дарга С.Батболд газар эзэмших эрхийг 15 жилээр сунгах захирамж гаргаснаар энэ нугалаа арилав.
Түүнчлэн нийслэлд барилга эхлүүлэх зөвшөөрөл авахад илүү хялбар болсныг АТГ-аас сайшаажээ. АТГ-аас 2017 оны 11 дүгээр сард НЗДТ-ын харьяа 15 агентлагт очиж ажилласныхаа дараа нийслэлээс “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-д барилгын зөвшөөрөл авдаг нийт 11 үе шатны 107 хоногт багтаан нийт 61 гарын үсэг зурдаг байсныг цөөрүүлж 6 үе шат болгож 17 хоногт багтааж 4 гарын үсэг авдаг болсныг сайшаасан байна.
ЦЭЦЭРЛЭГТ ОНЛАЙНААР БҮРТГЭХ БОЛОВ
Намар болгон эцэг, эхчүүд цэцэрлэгийн гадаа урт дараалал үүсгэн дугаарлаж, хонодог байсныг Нийслэлээс болиулаад 2 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Нийслэлийн Боловсролын газар болон нийслэлийн Мэдээллийн, технологийн газар хамтран 2017 оноос цэцэрлэгийн хүүхдийг онлайнаар бүртгэх болсон.
Хүүхдээ цэцэрлэгт өгөхөөр бэлтгэлээ базааж буй ээж, аавуудад дуулгахад, энэ жил цэцэрлэгт шинээр бүртгүүлж байгаа хүүхдүүдийг долдугаар сарын 25-аас буюу ирэх мягмар гаригаас эхлэн бүртгэхээр бэлтгэл хангагджээ. Ингэхдээ шинээр цэцэрлэгт орж байгаа буюу зөвхөн хоёр настнуудыг онлайнаар бүртгэх юм. Энэ жил л гэхэд онлайнаар 90554 хүүхэд бүртгүүлсэн байна.
“АВТЫН ТАТВАР”-АА ОНЛАЙНААР ТӨЛДӨГ БОЛОВ
Нийслэлээс програм хангамжийг нь иж бүрэн хөгжүүлснээр иргэд ухаалаг утасныхаа SMARTCAR аппликейшн эсвэл компьютерээс www.smartcar.mn цахим хуудсанд хандаж авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөр зэргээ төлөх боломжтой болсон. Ингэхдээ аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн картаар банкны QPay үйлчилгээгээр төлбөрөө төлдөг болсон иргэдийн цаг завыг хэмнэх хялбар шийдэл болж чадсан.
Цахимаар татвар, төлбөрөө төлсөн иргэд QR код бүхий тасалбараа хэвлэн, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэйгээ хамт авч явах бөгөөд уг тасалбар нь тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээтэй адил хүчинтэй аж. Мөн энэхүү хэвлэсэн тасалбар нь татварын улсын байцаагчийн тамга, тэмдгийг бүрэн орлох юм.
АВТОБУС ХЭЗЭЭ ИРЭХИЙГ УТАСНААСАА ХАРАХ БОЛОВ
“Улаанбаатар Смарт Карт” ХХК-аас гаргасан UB Smart Bus гар утасны аппликейшнийг ашиглан Улаанбаатар хотод Нийтийн Тээврийн үйлчилгээнд үйлчилж байгаа бүх автобусыг чиглэл болгоноор аль автобусны буудал дээр явж байгааг иргэд мэдэх боломжтой болжээ.
Ингэснээр иргэд өөрийн байгаа байршлаас хамгийн ойролцоо байгаа автобусны буудлыг газрын зурган дээрээс харж тухайн автобусны буудал дээр ямар чиглэлийн автобус ирэхийг мэдэж болно.
ГАЗРЫН ХҮНД СУРТЛЫГ ҮГҮЙ БОЛГОХ ШИЙДЭЛ
Иргэн аж ахуйн нэгжүүд газрын төлбөр, татварын төлөлтийг цахим болон гар утас ашиглан төлөх хянах, нотариат, банк санхүүгийн байгууллага болон бусад эрх бүхий байгууллагуудтай агшны мэдээлэл солилцох боломжтой Газрын мэдээллийн цогц систем ирэх онд ашиглалтад орох гэж байна. Энэхүү төсөл хэрэгжсэнээр иргэн аж, ахуй нэгж байгууллагуудад газартай холбоотой үзүүлж буй үйлчилгээг цахимаар дамжуулан нээлттэй ил тод хүргэх боломж бүрдээд зогсохгүй цаг хугацаа орон зайнаас үүссэн үйлчилгээний хоцрогдол арилах бүрэн боломжтой аж.
Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санг өндөр, тусгагийг нэгдсэн тогтолцоонд шилжүүлж, засварлан, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбосноор дээрх боломж бүрдэх ажээ.
Холбоотой мэдээ