Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр/2018.09.12/ болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлээ.
Хорт хавдраар өвчлөгсдийн 60 гаруй хувь нь нэг жилийн дотор нас барж байна
Хорт хавдраас урьдчилан сэргийлэх, хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах талаар авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Монгол Улсын хүн ам ходоод, улаан хоолойн хорт хавдрын өвчлөл, нас баралтаар дэлхийд тэргүүлж байна. 2017 онд нийт нас баралтын 25,6 хувийг хорт хавдрын шалтгаант нас баралт эзэлжээ. Үүнээс элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралт азийн орнууд болон дэлхийн дундажтай харьцуулахад 61,1 хувь, нас баралт 54,1 хувь байна. Хавдраар өвдөж буй хүмүүсийн 90 хүртэл хувь нь 45-59 насных бөгөөд 80 хувь нь хожуу шатандаа оношлуулж байгаагаас нас баралт их төдийгүй оношлогдсон хүмүүсийн 60 хувь нь нэг жил хүрэхгүй хугацаанд нас барж байна. Өнгөрөгч онд 6073 хүн хавдраар өвдөж оношлогдсоноос 4004 нь тухайн жилдээ нас баржээ. Цаашид ойрын 20-30 жилд хорт хавдрын өвчлөл, нас баралт нэмэгдэх тооцооллыг гаргаад байна. Нэн тэргүүнд хүн амын дундах хорт хавдрын өвчлөлийг эрт илрүүлэх нь зүйтэй гэв. Энэ нь нас баралтыг бууруулах цаашлаад өвчнийг бүрэн эмчлэх, эдийн засгийн хэмнэлтийг бий болгох юм. Зонхилон тохиолдож буй хорт хавдрын өвчлөлүүдийг эрт илрүүлэхэд нэг хүнд дунджаар 20-100мянган төгрөг зарцуулах бол өвчилсөн нэг хүнд 11-13 сая төгрөг дунджаар зарцуулагддаг нь эрүүл мэнд, амь насанд төдийгүй эдийн засагт ихээхэн хохирол дагуулсаар байна. Иймд хүн амд хавдрын өвчлөлийн эрт илрүүлэлт хийх нь чухал юм.
Сүүлийн 10 жилд амбулаториор үзлэг хийлгэх иргэдийн тоо 1,6 дахин өсч, түүнийг даган бусад үзүүлэлтүүд тогтмол нэмэгдэж, мэс засал хийлгэж буй өвчтөний тоо 67 хувиар өссөн байна. Нийт өвчлөгсдөд мэргэжлийн нэгдсэн үйлчилгээ үзүүлдэг Хавдар судлалын Үндэсний төвийн ачаалал эрс нэмэгдсэн учир эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлж, өргөжүүлэх шинээр шаардлага хангасан дэд бүтцийг бий болгох зайлшгүй нөхцөл үүсээд байна. Иймд “Энэр мед” ХХК-ийн барьж буй эмнэлгийн барилгыг концессын гэрээгээр ХСҮТ-ийн үйл ажиллагаанд өргөтгөн ашиглах урьдчилсан нөхцөл байдлыг судлан санал боловсруулж, танилцуулж шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулахыг Барилга хот байгуулалт, Эрүүл мэндийн сайд нарт үүрэг болгов.
Радио долгионы сөрөг нөлөөллийг хуулиар хязгаарлана
Радио долгионы тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Монгол Улсын Засгийн газрын “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого”–ын хүрээнд Радио долгионы зохицуулалт, төлөвлөлтийг сайжруулж, үр ашигтай хуваарилалтыг бий болгохоор тусгасан байдаг. Гэтэл 1999 онд Радио долгионы тухай хуулийг баталснаас хойш шинэчлэлт хийгдээгүй нь улс орон, дэлхийн хөгжлийг даган шинэ тутам үүсч буй нийгмийн харилцааг зохицуулахад эрхзүйн зохицуулалтын хувьд учир дутагдалтай нь бэрхшээл үүсгэж байна.
Иймд тус хуульд радио долгионы ашиглалтын зөвхөн техник, технологитой холбоотой асуудлыг тусгаж авч үзэхээс гадна түүний хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, давтамжийн хязгаарлагдмал нөөц баялгийг үр ашигтай ашиглах, радио давтамжийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийг хийх, төрийн шинэлэг, бүтээлч үйл ажиллагаанд тулгуурлан иргэдийн эрэлт, хэрэгцээг хангасан шинэ төрлийн хэрэглээ, үйлчилгээг нэвтрүүлэх , дэмжих эрхзүйн шинэ зохицуулалтыг гаргахаар Засгийн газраар дээрх хуулийг шинэчлэн боловсруулаад байна. Энэхүү хууль батлагдсанаар гар утасны хэрэглээ, бааз станцуудын байршил нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэх талаар иргэд, байгууллага аж ахуй нэгжүүдээс ирүүлдэг олон тооны гомдол, хэмжилт хийлгэх хүсэлтэд хариу өгөх, сөрөг нөлөөлөл тогтоогдсон тохиолдолд тэднийг урьдчилан сэргийлэх, хязгаарлах нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх гэх мэт эрхзүйн зохицуулалтын боломжтой болох юм.
Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлнэ
1995 онд Харилцаа холбооны тухай хуулийг баталснаас хойш найман удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Харилцаа холбооны зах зээл дэх төрийн оролцоог багасгах цаашдын хөгжил, зах зээлийн үр өгөөжтэй шударга өрсөлдөөнийг дэмжсэн иргэн, хуулийн этгээдийг харилцаа холбоо мэдээллийн технологийн чанартай бүтээгдэхүүн үйлчилгээгээр хүртээмжтэй хангахад одоо мөрдөгдөж буй Харилцаа холбооны тухай хууль учир дутагдалтай байна.
Иймд хуулийн төсөлд харилцаа холбооны зохицуулах асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох Харилцаа холбооны зохицуулах хорооны чиг үүргийг тодорхой болгож, зааглах, зах зээлийн өрсөлдөөн үйлчилгээний үнэ тарифыг зохицуулахад оролцоог нэмэгдүүлэх тус салбар дахь монополь шинжтэй үйлчилгээг тодорхойлох, өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагааг хориглох, мэдээллийн технологийг нэгдмэл бодлого, төлөвлөлт, зохион байгуулалттай хөгжүүлэхийн тулд салбар хоорондын уялдааг хангах зэрэг зохицуулалтыг нарийвчлан тусгаж өгчээ.
Иргэдийн өргөдөл гомдлын шийдвэрлэлттэй танилцав
Иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн эхний хагас жилийн тайланг хэлэлцлээ. Дээрх байгууллагуудад нийт 416 мянга гаруй иргэн хандаж өргөдөл, гомдол, санал, хүсэлт, шүүмжлэл гаргаснаас 402795 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж хариу өгч 998 өргөдөлд хариу өгөлгүй хугацаа хэтрүүлсэн байна. Нийт өргөдлийн 180287 нь Засгийн газрын гишүүд болон яам, агентлагийн удирдлагад хаяглагдсанаас ХНХЯ хамгийн их буюу 78800 гаруй өргөдөл гомдол хүлээж авсан бол ХХААХҮЯ хамгийн бага буюу 148 өргөдөл гомдол хүлээн авч шийдвэрлэсэн байна. Аймаг орон нутагт Архангай аймгийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтнууд 36308 өргөдөл гомдол, хүсэлт хүлээн авсан нь хамгийн өндөр үзүүлэлт бол Увс аймгийн иргэд хамгийн бага буюу 1700 гаруй өргөдөл гомдол, хүсэлт гарган шийдвэрлүүлсэн байна.
Иргэдээс гаргасан өргөдлийн дийлэнх нь нийгмийн халамж хүссэн, цалин нэмэгдүүлэх шаардлага, өрхийн орлогоо шинээр тодорхойлуулах, газрын харилцаа, орон сууц, санхүүгийн дэмжлэг хүссэн байв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Холбоотой мэдээ