Солонгосын хойгт 1950-1953 онд өрнөсөн дайнд амь үрэгдсэн америк цэргүүдийн цогцсыг Пеньян 70 жилийн дараа эх оронд нь буцаасан. Хойд Солонгосоос нийт АНУ-ын 55 цэргийн цогцсыг өнгөрсөн долдугаар сард Пентагонд хүлээлгэн өгснөөс хоёр цэргийн хэн болохыг таньжээ. Гэхдээ тэдний нэрийг хараахан олон нийтэд зарлаагүй байна.
АНУ-ын батлан хамгаалахын сайд Жим Маттис цэргүүдийн цогцсыг шинжилж, хэн болохыг нь түргэн таньсан эрдэмтдийг сайшаасан байна. Цэргүүдийн цогцсыг хэн болохыг танихын тулд АНУ-ын эрдэмтэд ДНК-гийн шинжилгээ, шүдний мэдээллийг дүгнэх зэргээр олон тооны арга, сүүлийн үеийн технологийг ашиглажээ.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн зургадугаар сард Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай хийсэн түүхэн уулзалтаар дайнд амь үрэгдсэн америк цэргүүдийн цогцсыг буцаан авахаар тохиролцжээ. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын цэргийн албаныхан Хойд Солонгосын талтай уулзаж, үлдсэн америк цэргүүдийн цогцсыг буцаан авахаар ярилцжээ. Уулзалтад АНУ-ын нисэх хүчний генерал Майкл Миниган НҮБ-ын төлөөлөгчдийг даргалжээ. Тэрбээр Солонгосын хойгийн дайнд тулалдаж явсан хүн аж.
Эх сурвалж: Agence France-Presse