ҮСХ: Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ буурчээ

Хуучирсан мэдээ: 2018.09.12-нд нийтлэгдсэн

ҮСХ: Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ буурчээ

ҮСХ: Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ буурчээ

Үндэсний статистикийн хорооноос сар бүрийн нийгэм, эдийн засгийн статистик мэдээлэл өгдөг билээ. Энэ удаад өнгөрсөн наймдугаар сарын үзүүлэлтийн талаар мэдээлэл хийв. Статистик судалгаанаас харахад өнгөрсөн хоёр сард ажилгүйдлийн түвшин тогтмол буурч байсан билээ. Өнгөрсөн зургадугаар сарын дүн мэдээг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3200 хүнээр буурч байсан бол наймдугаар сард 2200 хүнээр буурчээ.

Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг 636.5 мянган иргэн байна. Үүнээс:

  • 46.9 мянга нь 240 000 төгрөг хүртэлх цалинтай
  • 135.8 мянга нь 240 001-500 000 төгрөгийн цалинтай
  • 225.6 мянга нь 500 001-900 000 төгрөгийн цалинтай
  • 114.7 мянга нь 900.001-1.300.000 төгрөгийн цалинтай
  • 28.8 мянга нь 1300 001-1500 000 төгрөгийн цалинтай
  • 84.7 мянга нь 1500 001 төгрөгөөс дээш цалинтай байна.

Энэ оны эхнээс нийгмийн даатгалын шимтгэлийг үе шаттайгаар нэмэх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Тодруулбал, шимтгэлийг 2018 онд нэг хувиар нэмэх, 2019, 2020 онд тус бүрт нь хоёр хувиар үе шаттайгаар нэмж нийт таван пунктээр өсгөх аж.

2018 онд хувь хүний төлөх шимтгэлийг нэг хувиар нэмэхэд 600 мянган төгрөгийн цалинтай хүний шимтгэл сардаа 6000 орчим төгрөгөөр нэмэгдэх юм. Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос гаргасан үзүүлэлт сар бүр нэмэгдсэн дүнтэй гарч байна. Тухайлбал, долдугаар сарын Нийгмийн даатгалын сангийн орлогыг өмнөх оны мөн үетэй харьцуулах 132,3 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бол наймдугаар сард 150,4 тэрбум төгрөгөөр өссөн байна. Харамсалтай нь орлого өссөн ч зарлага өмнөх оны мөн үеэс 164 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй байгаа юм. Зарлага нэмэгдэхэд тэтгэврийн даатгалын сангийн зарлага, эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага өссөн нь нөлөөлжээ.

Эдийн засгийн таатай мэдээ дуулгахад Mөнгөний нийлүүлэлт наймдугаар сарын эцэст 17.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 229.1 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 2.9 их наяд төгрөгөөр өссөн байна. Үүнээс гадна Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2018 оны эхний найман сарын байдлаар 5.8 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 5.4 их наяд төгрөгт хүрэв. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2017 оны эхний найман сард 577.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч байсан бол 2018 оны эхний найман сард 410.8 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. Энэ оны наймдугаар сард өмнөх сараас улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 158.9 тэрбум төгрөг, тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 149.1 тэрбум төгрөгөөр тус тус буурч, нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 9.8 тэрбум төгрөгөөр өсчээ.

Ингээд статистик үзүүлэлтийг товчхон хүргэе:

  • Улсын хэмжээнд 2018 оны эхний найман сард 51360 эх амаржиж, 51677 хүүхэд мэндэлжээ.
  • Энэ онд хамгийн их хур тунадас Баянхонгор аймгийн Баянбулаг суманд оржээ.
  • Өнгөрсөн наймдугаар сард агаарын температур Баянхонгор аймгийн Эхийн голын нутгаар хамгийн халуун буюу +37.9 хэм байсан бол Баян-Өлгий аймгийн Алтай сумын нутгаар хамгийн их хүйтэн буюу -0.3 хэмд хүрчээ.
  • Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2018 оны эхний найман сард 2938 болж, өмнөх оны мөн үеэс 279-өөр буурав.
  • Улсын хэмжээнд 2018 оны эхний найман сард 25354 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 5858-аар өсжээ.
  • Монгол Улс 2018 оны эхний найман сард 147 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 8.5 тэрбум америк доллар, үүнээс экспорт 4.7 тэрбум америк доллар, импорт 3.8 тэрбум америк долларт хүрлээ.
  • Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ наймдугаар сард 0.8 хувиар буурч, өмнөх оны эцсээс 4.6 хувь, өмнөх оны мөн үеэс 6.0 хувиар өссөн байна.

Төмс хүнсний ногооны ургац нэмэгдэж, өвс хадлан тэжээлийнх буурчээ

Ургац хураалтын явцын мэдээллээр улсын хэмжээнд 2018 оны есдүгээр сарын 1-ний байдлаар 14.4 мянган тонн төмс, 16.9 мянган тонн хүнсний ногоо хурааж, 138.3 мянган тонн өвс хадлан, 0.8 мянган тонн гар тэжээл бэлтгэсэн байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад төмс 2.2 дахин, хүнсний ногоо 20.1 хувиар өсчээ. Харин бэлтгэсэн өвс хадлан 17.3 хувь, бэлтгэсэн гар тэжээл 42.5 хувиар буурсан байна.

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж