
-Улсын наадам хаяанд ирсэн энэ өдрүүдэд таны сэтгэгдлийг сонсохыг хүслээ. Улс төр, эдийн засгийн байр сууриас манай сонин нэг удаадаа татгалзаад хамба таны үгийг уншигчдадаа хүргэмээр байна. Энэ зуны өнгийг та хэрхэн тодорхойлж байгаа вэ гэдгээс ярилцлагаа эхэлье?
-Энэ хорвоо дэлхий эргэлдэж байдаг юм болохоор янз бүр л байдаг юм байна даа. Нэг үе зуд турхан болж, ард иргэд ган гачигт нэрвэгдэж байсан бол өнөөдөр өвс нөгөө дэлгэрээд жигтэйхэн сайхан болж байна. Энэ бол хорвоогийн жам. Би, ер нь монголчууд минь нэлээд жаргалтай хүмүүс юм даа гэж боддог. Америкийн цунами, Европын үер, Хятадын газар хөдлөлт, их халуун гээд бодохоор манай Монгол их сайхан тайван, байгалийн бэрхшээл багатай улс шиг санагддаг. Ийм сайхан газарт амьдарч байгаа болохоор ч тэр үү монголчуудын маань санаа сэтгэл ч их сайхан талибуун байдаг. Хойшдоо л хичээх хэрэгтэй байх. Байгаль дэлхий бас хариутай эд шүү дээ. Ямар ч байсан их сайхан л байна. Монголчуудын маань наадам их сайхан баяр. Ганцхан Монголд л байдаг бахархал. Ер нь 1990-ээд оноос хойш ажиглаад байхад наадам, Цагаан сар хоёр бол яг Монголын уламжлалт, дэлхийд ганц байдаг баяр гэж боддог. Монгол хүн гэж хэн юм бэ гэж бодоод үзэхээр ч тэр шүү дээ. Энэ хоёр баярыг харахын тулд дэлхийн хүн төрөлхтөн ирдэг. Түүнээс бус Монголын Шинэ жилийн баярыг харах гэж ирдэггүй шүү дээ.
-Наадмын хуушуур гэдэг шиг наадмаар бороо орох нь бас их гоё санагддаг?
-Тийм ээ, наадмаас өмнө ган гачигтай байж байгаад бороо ордог нь их сонин л доо. Хүн болгон энэ өдрүүдэд өөрийн эрхгүй бие бие рүүгээ харж инээмсэглэн, баяр жаргалтай байдаг болохоор тэгдэг юм болов уу даа. Монголчуудыг ажиглаж байхад их баярласан үедээ, сэтгэл нь хөдөлсөн үедээ их эвтэй болдог юм шүү. Олимпоор манай дөрвөн хүүхэд медаль авах үед би Баянцагаанаас наашаа ирж явахад бүх машин гэрлээ асаачихсан анивчуулаад, машиныхаа цонхоор хүмүүс гараа даллаад байсан.Би “Энэ юу болсон юм болоо” гээд гайхаад асуухад “Олимпоос манайхан медаль авсан” гээд бөөн баяр болсон хүмүүс байсан.
-Тэр үед таны сэтгэгдэл ямар байсан бэ?
-Би ч, бид ч бүгдээрээ л онгироод их сайхан байсан. Тэндээс хотын гудамж руу орж ирэхэд бүгдээрээ баяртай, нэг их сайхан энх тайван мэдрэгдсэн. Их л сайхан байсан. Улсын баяр наадам ч тэр үетэй л адил шүү дээ. Манайхан сүүлийн үед ганцхан Монголдоо биш хаана амьдарч байна, тэндээ тэмдэглэдэг болсон байна. Америкт амьдарч байгаа хүмүүс хуушуураа хайрч, идээгээ засч, бөх барилдаж, үндэсний хувцсаа өмссөн байхыг харахад их сайхан санагдсан. Яг л энд байгаа юм шиг цагаан идээгээ хийчихсэн, бүр ээзгий хүртэл хийсэн байхыг харахад их сайхан юм билээ. Их сайхан зөөлхөн ээзгий байсан. Тэр өндөр барилгуудын дунд монголчууд Монголоороо бахархаж, монгол уламжлалаа дээдэлнэ гэдэг үнэхээр бахархууштай санагдсан. Хамгийн сонин нь наадмаар үндэсний хувцсаа өмсөх. Их гоё харагддаг. Зарим нь “Нэг их халхайсан дээл өмсчихөөд” гэж шүүмжилдэг. Тийм биш шүү дээ.
-Зарим нь үндэсний хувцас өмсөх нь хоцрогдсон хэрэг гэх нь ч бий?
-Тийм биш шүү дээ. Өөрийнхөө үндэсний зан заншлыг дээдэлж, хувцсыг нь өмсөнө гэдэг бол улсаа хүндлэхийн нэг илэрхийлэл. Тэгж чадаагүй бусдыг дуурайж, бусдыг дагаж үндэсний соёлоо умартана гэдэг бол өөрийн гэсэн нэг ч үнэт зүйлгүй болохын л илрэл. Улс үндэстэн устах нэг шалтгаан нь ч энэ. Өмнөд Солонгос, Япон гээд улсууд сүүлийн үед үндэсний хувцсаа ихээр өмсч байна. Маш ухаалаг хүмүүс үндэснийхээ ёс заншлыг, үндэснийхээ хувцастай хамт эдэлж, хэрэглэж чаддаг юм шүү дээ. Бодоод байхад манайхан их сонин хүмүүс. Ердөө 2,7 сая хүнтэй. Тэгсэн хэрнээ асар их дуураймал юм шиг хэрнээ асар их дотроо бодолтой ард түмэн. Энэ олон зуун жилийн турш өөрсдийгөө хамгаалж үлдсэн нь ч үүнтэй холбоотой байх.
-Та Монголоос олимпийн аваргууд тодрох үеэр “Би хүртэл онгироод…” гэж хэлсэн. Таны сэтгэл хөдлөлөө илэрхийлж байгаа дүр төрх олонд төдий л ил болоогүй учраас хэрхэн илэрхийлдгийг тань сонирхмоор байна?
-Бусдын л адил шүү дээ. Манайханд засууштай нэг сэтгэгдэл байгаад байх шиг байдаг юм. Лам хүн бол бас л хүн шүү дээ. Адилхан л монгол аав, ээжээс төрсөн. Бусад монголчуудын л адил хүн сэтгэгдлээ яаж илэрхийлдэг яг тэгж л илэрхийлдэг. Одоо хүүхдүүд дугуй унаж тоглож байна. Манай хүүхдүүд ч тэгж л тоглодог. Харин лам болж, сахил хүртсэнээр бие, хэл, сэтгэл гуравт өөрчлөлт орох нь ордог. Зөв хөдөлгөөн хийх, бэлгэ дэмбэрэлтэй сайхан үг хэлэх, сэтгэл нь хүнийг хайрладаг болдог. Гэхдээ хүний л адил баярлах зүйлдээ баярлаж, гомдох үедээ бас гомддог л юм. Манайхан лам гэхээр нөгөө социализмын үеийн киногоор төсөөлдөг болчихсон. Нэг их бүдүүн, пар пар хийсэн дуутай гэж бодоод байдаг юм. Манай Далай багш гэхэд их энгийн хүн шүү дээ. Энгийн яриагаар бурхны шашны тухай их сайхан ойлголтыг хүнд өгч чаддаг. Тэгэхэд манайхан сургаал айлдварыг нь монгол руу хөрвүүлж, орчуулахдаа нэг их бүдүүн хоолойгоор уншаад байдаг. Тэгж болохгүй л дээ. Над дээр нэг хүн “Танай энэ банди нар чинь орхимжоо хийсгээд гүйгээд байна” гэж орж ирж байсан.
-Лам хүүхэд юм чинь томоотой байх ёстой л гэж хэлсэн бололтой юм, танд. Тийм үү?
-Яаж 8-10 настай хүүхэд над шиг энд өдөржин хөдөлгөөнгүй суух вэ дээ. Тэр чинь хүүхэд шүү дээ. Та ийм хүүхдийг над шиг хөдөлгөөнгүй суулгадаг болгож чадах уу гэж хэлсэн юм. Тэгэхэд “Нээрээ ч тийм шүү” гэж байсан. Би гэхэд хүн л юм чинь сэтгэлийн хөдлөлөө бас л дарж чадахгүй илэрхийлнэ шүү дээ. Хүн сэтгэл хөдлөлөө илэрхийлэхгүй байна гэдэг чинь ертөнцөд байхгүй муухай юм болно биз дээ.
-Та монголчууд жаргалтай ард түмэн гэж хэлсэн. Гэтэл хүмүүс аз жаргал гэж юу юм гэдгийг тодорхойлж мэдэхээ больж байна шүү дээ. Жаргалтай амьдарч байгаагаа ч үнэлж чадахгүй болчихсон энэ үед та энэ талаарх бодлоо дэлгээч?
-Жаргалын тухай ойлголт цаг үе, нийгмийн хөгжлөө дагаад их өөрчлөгдөж байна.
-Шинэчлэгддэг гэсэн үг үү?
-Үе үеэ дагаад өөрчлөгдөөд байна л даа. Миний харж байгаагаар жаргалтай мөртлөө түүнийгээ ойлгохгүй байгаа хүн олон байна. Жишээ нь хөдөө орон нутагт зун цагаар явж байхад монголчууд ямар сайхан аз жаргалтай байдаг билээ. Илүү дутуу их юм байхгүй ч үр хүүхдээ тойруулсан аав, ээжүүд ямар сайхан байна вэ. Тэгэхэд сүүлийн үед нэг их гоё машин унаж, олон давхар байшинд амьдраад ирэхээр жаргал гэдгийг мэдрэхээ болиод байна. Одоогийн байгаа энгийн амьдралынхаа аз жаргалыг тэр үед мэдэрч чадахаа больдог шиг байгаа юм. Тэр нь жаргал ч байж болох юм. Нөгөө талаасаа зовлон ч болж мэднэ. Америкийн тэр өндөр хөгжил дундаас жаргал байна уу гээд хайж олоход их хэцүү юм шиг санагддаг. Тэр сайхан өндөр байшин, тэр их баялаг дунд жаргал байгаа гэж бид боддог. Гэтэл тэр дунд бидэнд харагдахгүй зовлон асар их байна. Хүн төрөлхтөн материаллаг хэрэгцээгээ сайжруулах тусмаа асар их зовлонд унаад байх шиг байна. Тэгэхэд монголчуудын энэ энгийн амьдрал илүү сайхан аз жаргалтай байгаад байна. Гоё машинтай хүн өвдөхгүй байна гэж байхгүй. Аз жаргал гэдэг хүний ойлголтын л тухай асуудал. Гадаадаас ирсэн хүмүүс бидний аз жаргалыг илүү сайн мэдрээд байх шиг байдаг юм.
-Тэд танд манайхныг их магтдаг бололтой, тийм үү?
-Японоос ирсэн хэдэн хүнтэй Эрдэнэзуу хийд руу хамт явахад тэд “Малчин айлд ормоор байна” гэсэн юм. Тэгээд замд таарсан нэг айлд ороход их сайхан дайлаад үлдсэн. Тэгэхэд япончууд “Энэ айлд өчнөөн идэж уучихаад мөнгийг нь өгөхгүй юм уу” гэж байсан. Намайг ”Манай монголчууд ийм хүмүүс шүү дээ. Хэн ч ирсэн ингэж л угтаж, ингэж л үднэ” гэхэд “Энэ бол ертөнцийн гайхамшиг юм байна. Манайд айлын газар буусан бол зөвшөөрөлгүй буулаа гээд буу барих байсан. Тэгэхэд монголчууд ямар сайхан юм бэ. Ийм хүмүүс дэлхийд ширхэг ч үлдээгүй шүү. Энэ сайхан ёс заншлаа авч үлдэхийг хичээгээрэй” гэж хэлж байсан.
-Гэхдээ монголчууд өөрчлөгдөж байгаа нь үнэн шүү дээ. Тэр тусмаа хот дагасан иргэдэд бол асар их өөрчлөлт гарч байгаа. Та монгол хүнийхээ хувьд мэдээж тэр өөрчлөлтийг хардаг л байх даа?
-Өөрчлөгдөж байгаа. Хүний өөрчлөлтийг бие, хэл, сэтгэлээс нь харж болдог юм. Сайн ч өөрчлөлт гарч байна. Муу ч өөрчлөлт их байна. Манайхан биеэ их боддог, анхаарал тавьдаг болсон байна. Гэтэл үүнийг дагаад хүүхдээ компьютер тоглоомд даатгаснаас болоод хүүхдүүд их өөрчлөгдөж байна. Багаас нь компьютерийн ард суулгачихаар нүдний хараа байхгүй болж байна. Сайд нарын хоёрдугаар эмнэлэгт очихоор дарга нарын хүүхэд л бололтой баахан хүүхэд монгол хүний 60-70 насандаа өвддөг нурууны яс шохойжих өвчнөөр өвдчихсөн шаруулаад суудаг болж. Манай монгол эрчүүд их сайхан биетэй хүмүүс. Гэтэл сүүлийн үед жижигхэн, туранхай, үлбэгэр, алхаж гишгэж байгаа нь хүртэл эмэгтэйлэг болоод байна. Хоол гэхэд л дэндүү их хялбарчилж, амны хөндий бүрэн ажилладаггүй Хятад, Солонгосын бэлэн бүтээгдэхүүн иддэг болсноос эрүүний яс хүртэл маш их нарийсч байгаа судалгаа гарч байна. Энэ нь ирээдүйд монголчуудыг давжаарах, Азийн энэ жижигхэн хүмүүстэй адилхан болоход хүргэнэ. Үүнд их сайн анхаарал хандуулах хэрэгтэй. Эмэгтэйчүүд гэхэд эрэгтэйлэг хувцас их өмсч байгаагаасаа болоод алхаа гишгээ нь өөрчлөгдөж, эрэгтэй хүний алхаа сууж байгаа юм байна. Тэр бүхнийг уг нь зохицуулж болох юм билээ.
-Яаж зохицуулна гэж. Хүмүүс өөр өөрийнхөө хүсэл сонирхлыг бусдад хамаагүй гээд өөрийнхөөрөө тунхагладаг шүү дээ?
-Би Хүүхдийн ордонд очиж үзсэн. Их ухаалаг эцэг, эхчүүд хүүхдээ ганц хоёр жилийн хугацаанд их гоё балетийн сургуульд явуулдаг болсон байна. Тэгэхээр хүүхэд нь суухдаа хүртэл их гоё, эмэгтэйлэг болоод ирдэг юм байна. Тэгээд давжаа биетэй бол бөхийн дугуйланд, их хөдөлгөөнтэй хүүхдийг шатрын хичээлд явуулдаг болж. Иймэрхүү маягаар хүүхдэд багаас нь их анхаараад байхад засраад л явчихна шүү дээ. Гэтэл сүүлийн үед Америкийн киног үзээд л, Америкт тийм байдаг гээд байх болж. Өнөөдөр бол өөрийгөө, Монголоо Монголоор нь үлдээхийг чухалчлах хэрэгтэй байна. Тэгэхэд манайхан нэг их хөгжилтэй болох гээд өөрөө өөрийгөө эвдээд байгаа нь анзаарагдаад байна шүү дээ. Хэлний хувьд харахад монголчууд “магадгүй” гэдэг үг огт хэрэглэдэггүй байсан. Одоо болохоор гурван үг хэлээд л “Тийм байж магадгүй” гээд байна. Энэ чинь шийдвэртэй үг биш шүү дээ.
-Хэлний хэрэглээ сэтгүүлчдэд бас хамааралтай болохоор танд онцолж хэлэх өөр жишээ байвал хэлэхгүй юү?
-Хэлмээр байна, Би бодож байна, Би хэлж байна…гээд хэлээд байвал олон жишээ бий дээ. Ерөөсөө хүнд үгээ хэлэхээ больчихсон. Дотроо л бодоод байдаг. Үгүй бол хэлмээр байгаа ч хэлдэггүй. “Би хэлмээр байна” гэдэг чинь хэлж байна гэсэн үг биш шүү дээ. Москва явмаар байна. Даанч мөнгөгүй л гэсэнтэй адилхан утгатай шүү дээ. Би чамд юм хэлмээр байна. Чи дургүй хүргэсэн учраас хэлэхгүй л гэж байгаатай адилхан үг. Ахмад настны найранд оччихоод “Таныг урт удаан наслаарай гэж хэлмээр байна” гэхийнхээ оронд “Урт удаан наслаарай” гээд хэлэх ёстой шүү дээ. Хэл ингэж өөрчлөгдөж байгаа юм чинь сэтгэхүйд ч өөрчлөлт орох нь ойлгомжтой шүү дээ. Гадны зүйлийг хэтэрхий их дуурайхаар бие, хэл, сэтгэхүйг ингэж эрлийзжүүлээд байх шиг байна. Манайхан гадныхныг дуурайхдаа киноны үйл явдлыг харж дуурайгаад байдаг. Тэгэхэд тэнд нь очоод үзэхээр амьдрах дүрэм, журамд нь захирагддаг юм билээ. Америкт гэхэд, хурд хэтрүүлдэг жолооч байдаггүй.
-Таны ярианаас анзаарахад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн энэ шинэ өөрчлөлтийг нийгмийн дархлаатай уяж тайлбарлаж буй бололтой. Энэ өөрчлөлт нь Монголын ирээдүйд сөрөг нөлөөтэй гэсэн үг үү. Мөн нийгмийн дархлааг сулруулна гэж ойлгож болох уу?
-Ер нь бол тийм. Европт гэхэд энэ харьцааг алдчихсан байна. Үүнийг сайн гэдэг хүмүүс, сайхан гэж хуралддаг хурал ч байна. Байгалийн унаган төрхөөрөө амьдралдаа ханддаг хүний эрүүл хандлага алдагдсан гэдгийг ухаалаг хүмүүс нь хэлээд байна шүү дээ. Байгалийн тэр унаган төрх алдагдчихаар ерөнхийдөө хиймэл төрхөд ороод байна шүү дээ. Манайх 2,7 сая хүнтэй байж хүний алдсан тэр алдаа руу орж, том улс шиг, мундаг соёлтой болох гэж худлаа хуулан дуурайх гээд үзэхээр чинь Монгол орон сүйрэх аюултай. Гэр бүл болохгүй, үр хүүхэд гаргахгүй хамтран амьдрагч болоод байхаар бүр устаж ч мэднэ шүү дээ.
-Таныг олон л хүн зорьж ирдэг байх. Хүний амьдралд урам болох үг хэлэх нь хэнд ч сайн сайхан урам, зориг өгдөг шүү дээ. Таны хувьд өөрийг тань зорин ирж байгаа сүсэгтэн олонд юу гэж хэлдэг вэ?
-Хүний амьдрал ямар ч байж болно шүү дээ. Жаргалтай нь ч байна. Зовлонтой нь ч ирнэ. Аль болох сайн сайхан болгохын төлөө л зүтгэх үүрэгтэй хүн шүү дээ, би чинь. Зовлонг нь нимгэлэхийн төлөө л зүтгэдэг. Хүн, хүнд хэлэх үг гэж байна. Нэг хэсэг нь жинхэнэ зовлон зүдгүүртэй байхад нөгөө хэсэг нь нийгмийн зүдгүүрт өртөх нь байна. Эмэгтэйчүүд асуудлыг хурдан хүлээж авдгаасаа болж нүүрнийхээ жижигхэн гажилтаас үүдээд амиа хорлохыг оролдож байна. Тийм жижигхэн юмнаас үүдээд сэтгэлдээ асар их дарамт учруулах жишээ их олон болсон байна. Нийгмийн хөгжил нь хүнийг тэгж дарамтлаад байдаг юм болов уу даа. Тэр бүхнийг л бид бүхэн мэдрэх ёстой байдаг. Эндээс хүн гэдэг хаана явж байдаг вэ гэдгийг гол нь мэдэх ёстой болж байна. Би Америкийн алдартай кино жүжигчидтэй уулзаж байсан. Тэр хүмүүс нэг их царайлаг биш ч дэлхийн хаана ч явж байхад хүмүүс гарын үсгийг нь авахын төлөө зүтгэдэг юм билээ.
-Бусдад яагаад тийм хүчтэй сэтгэгдэл төрүүлж буйг нь хүн гэдэг хаана явж байдаг вэ гэдэгтэй холбон хэлэхгүй юү?
-Зөвхөн толгойных нь хэлбэр, төрхөнд болж тэгж шүтдэг юмуу гэхээр тэр бүхэн нь авах юмгүй хэлбэртэй хүн тэр дунд байдаг. Яагаад ингэж хүн шүтэж байна, хүн гэдэг хаана оршдог юм гэдгийг хамтдаа бодоод үзэхээр их сонин юм байдаг. Хүн гэдэг ганцхан нүүрэн дээр байдаггүй юм байна. Нүүрэн дээр байдаг бол энд, тэндээ юм шахуулаад л хөөрхөн болчихно биз дээ. Тийм зүйлээс болж өөрийгөө егүүтгэнэ гэдэг бол байж боломгүй зүйл. Бүхэл бүтэн 99 хувийн боломж байхад ганцхан зүйлээс болж өөрийгөө тамд унагааж болохгүй шүү дээ.
-Тэгэхээр боломж бололцоонд л хүн байдаг гэсэн үг үү. Манайхан болохоор “Миний хувьд тавилан л энэ юм байгаа биз. Би ингэж л зовох ёстой хүн юм байлгүй. Энэ миний л амьдрал. Энэ миний л хувь тавилан” гэх нь олонтаа байдаг шүү дээ?
-Ингэж үздэггүй ганц шашин нь л бурхны шашин байх. Бурхны шашинд үүнийг л хүлээн зөвшөөрдөггүй. Яагаад гэхээр эгэл хүн байгаад төгс гэгээрсэн бурхан болж болно гэдэг айлдвар бол энэ орчлонг орвонгоор нь өөрчилж болно оо л гэсэн үг шүү дээ. Нэг ёсны хүнд дархлагдсан хувь заяа гэж байхгүй гэж Буддын шашинд үздэг. Хүн өөрийнхөө дотроос бие, хэл, сэтгэл гурвынхаа зөв бодлыг удирдаад буян үйлдээд явах цагт амьдралын түлхүүр гэдэг зүйл хүнд өөрт нь байдаг юм. Их, бага хэмжээгээр хүн өөрөө өөрийнхөө аврал нь байж чаддаг. Тэр бүү хэл төгс гэгээрсэн бурхан болох хөрөнгө өөрт нь байдаг юм. Тэгэхээр хувь заяа ийм гэж итгэх бус сайн сайхан амьдрал хүнд өөрт нь байдаг гэдгийг л ойлгох хэрэгтэй байгаа юм даа.
Г.Отгонжаргал.
Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин.