ФИФА-н ОНЫ шилдэг хөлбөмбөгчин асан, Африк тивийн гурван удаагийн шилдэг хөлбөмбөгчин, Либери улсын ерөнхийлөгч Ж.Веа өнгөрсөн амралтын өдрүүдэд хөлбөмбөгийн нөхөрсөг тоглолтыг зохион байгууллаа. Жорж Веа тус тоглолтонд оролцохдоо хуучны өөрийн өмсөж байсан 14 дугаарын өмсгөлтэй талбайд гарч 79 минут тогложээ. Түүний багт Лейстер Ситигийн У.Ндиди, Стоук Ситигийн П.Этэмбо нар оролцсон бөгөөд Монрови хотноо болсон тус тоглолтонд Ж.Веагийн баг өрсөлдөгчөө 2-1 харьцаатай хожсон.
Африкаас төрөн гарсан анхны ФИФА-н оны шилдэг хөлбөмбөгчин Ж.Веа өдгөө 51 настай бөгөөд өнгөрсөн 1 сард Либери улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон. Тамирчин ахуйдаа Монако, ПСЖ, Милан, Манчестер Сити, Марсель зэрэг Европын шилдэг клубуудэд тоглож байсан.
Б.БЯМБАБАЯР