МАХН-ын улс төр манай хүүхдийг барьцаалав

Хуучирсан мэдээ: 2018.09.12-нд нийтлэгдсэн

МАХН-ын улс төр манай хүүхдийг барьцаалав

МАХН-ын улс төр манай хүүхдийг барьцаалав

Улс төр болгон өөр өөрийн өгөгдөлтэй, үйл явдал, өнгө төрхийг нь хараад  хэн санхүүжүүлж, хэн турхирч байгааг таамаглахад тийм ч төвөгтэй биш болсон. Учир нь аливаа жагсаал, тэмцлийн ард заавал хэн нэгний  хувийн эрх ашиг нуугддаг нь бараг л зүй ёсны үзэгдэл болжээ.

Хичээлийн шинэ жил эхлэхийн өмнө Засгийн газрын зүгээс багш, эмч нарт бяцхан сюрпириз барих гэсэн биш ёстой л “Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдав” гэгч үйл явдал болж, МҮЭХ-ны улс төрийн тэмцлийн жинхэнэ хохирогчид нь сурагч хүүхдүүд болов. Өнгөрөгч наймдугаар сард Засгийн газраас багш, эмч нарын цалинг 12-30 хувь нэмэхээр болсон. Гэвч, багш нарт цалингийн нэмэгдэл нь таалагдаагүйгээр барахгүй,  50 хувь өсгөх шаардлага тавьж тэмцэл өрнүүлээд хоёр долоо хоног өнгөрчээ. Хүүхдүүдийн сурах эрх  мөн адил хоёр долоо хоног зөрчигдөв. Ажил хаялт хэр удаан үргэлжлэхийг багш нар ч өөрсдөө мэдэхгүй,  ганц мэдэж байгаа хүн нь үйлдвэрчний эвлэлийн Х.Амгаланбаатар. Аль эсвэл МАХН биз.

 Энэ намрын улс төр багш нарын ажил хаялтаар эхэлж, Н.Энхбаяр балиашиглаж байгаа гэсэн яриа улс төрийн хүрээнд “хоол болоход шийр зугаа” гэгч болж байна. Учир нь МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатарын ард С.Ганбаатар болоод МАХН  бий гэсэн хардлага байгаа бөгөөд багш нар үүнийг таамаглаж буй эсэхийг бол үнэндээ мэдэхгүй. Ямартай ч тэдний эмзэг сэдэв энэ удаад Н.Энхбаярт олз болж буйг бол үгүйсгэх аргагүй юм.

Үндсэндээ, Үндсэн хуулийн цэцээс  Хэнтийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах УИХ-ын тогтоолыг хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргасны дараа МҮЭХ-ны акц эхэлсэн нь  Н.Энхбаяртай холбох хардлага, сэжүүрийг төрүүлсэн ч байж болох.  Гэвч, Үндсэн хуульд заасан хүүхэд болгоны сурах эрхээр нь барьцаалж, улс төр хийдэг муу жишиг боловсролын салбарт үзэгдэл болж тогтох шинжтэй.

Багш нарын хамгийн эмзэг сэдэв дээр дөрөөлж, шавь нарынх нь сурах эрхийг уландаа гишгэж хийж буй тэмцэл, улс төр нь өдөр өнгөрөх тусам утгаа алдаж байна. Ингэж харагдаж байгаа болохоор эцэг эхчүүд өнөөдөр багш нар руу ноцож, шүүмжлэх болсон хэрэг. Гэтэл ард нь МҮЭХ, МАХН хоёр  хамтарсан  жүжгээ  хаа хүрэхийг тооцоолоод, төлөвлөөд, инээгээд сууж байдаг. Ийм байж болох уу. Тэгээд бас багш нарынх нь ажил хаялт хүртэл цалинтай шүү.

Монголын багш нарын авдаг цалинг гадаадын багш нарын авдаг цалинтай харьцуулбал муу, бүр хөгийн санагдах байх. Гэвч эсрэгээрээ сурагчдадаа олгосон мэдлэг, заасан хичээлийнх нь үзүүлэлттэй харьцуулбал “инпляц” гэж бичдэг их сургуулийн оюутнууд байгаа нь манай багш нарын ажлын  үзүүлэлт  нэг иймэрхүү гээд хэлчихэд бараг буруудахгүй дээ.

Цалин нэмэгдэх гоё. Гэхдээ дагаад үнэ өсвөл муухай. Эдийн засгийн хоорондын гинжин урвалыг тооцохгүйгээр улс төр хийх нь МАХН болоод МҮЭХ-ны хувьд алдагдалгүй байж болно. Тэр тусмаа олон мянган хүнийг аж амьдралтай холбоотой  салбарын асуудлыг олж гаргавал улс төр нь сүртэй, өрнөл нь илүү хүчтэй сонсогдоно гэж тооцсоных биз.

Ямартаа ч МҮЭХ-ны улс төрийн хөлд манай хүүхдүүд л үрэгдэж байна.  Ажил хаялт зарласан өдрүүдэд заах ёстой байсан  хичээлээ нөхөөд орчихно гэж багш нар бардамнаж буй. Бүхэл бүтэн хоёр долоо хоногийн хичээлийг нөхөөд заачихаж болох ч, 14 хоног авах ёстой мэдлэгийг бүрэн өгч чадах уу. Нөхөж орлоо гэхэд сурагчдынхаа цаг завыг бодож үзсэн уу. Багш хүссэн цагтаа ажил хаядаг, хүссэн үедээ хичээлийг нь хичнээн цагаар сунгаж нөхдөг нь зөв зүйл мөн үү.  Ажил хаяж, сургууль завсардсан энэ өдрүүдэд  сургууль, цэцэрлэггүй хүүхэд, багачууд хараа хяналтгүйгээс болоод асуудалд орж, амь насаа алдвал хэн хариуцах вэ. Ажил хаясан багш нар уу, аль эсвэл МҮЭХ болоод МАХН уу. Гэх мэтчилэн олон асуулт ажил хаялтыг дагаад гарч ирж байна.

Энэ хүрээнд иргэний нийгмийн байгууллагууд ч хүүхдийн сурах, хамгаалах эрхийг хөндөөд эхэллээ. Гэтэл эсрэгээрээ багш нар нь, МҮЭХ-ныхонтой нийлээд "тэдний эрх яах вэ, бидний цалин чухал" гээд телевизээр мэтгэлцээд сууж байна шүү дээ. Нөгөө хүн бишээ цэрэг гэгчээр хүүхэд сурах яах вэ, багшийн цалин чухал гэж эморч бас болохгүй  л байх.

Цалин нэмэх шаардлагаа Засгийн газарт багш нар тавихыг буруутгахгүй. Угаасаа ч цалин нь хүрэлцдэг амьдрал Монголд байхгүй юм чинь.  Гэлээ гээд хэлэлцээр өрнөж байхад  заавал  ажил хаялт зарлаж, эцэг эхчүүдийг бухимдуулж, шавь нарынхаа сурах эрхэнд халдах шаардлага байсан гэж үү.   Улс төрийн намууд болоод улстөрчдийн хувьд  мөнхийн дайсан гэж үгүй,  мөнхийн эрх ашиг л гэж байдаг. Энэ үгийг эрхэм багш нартаа сануулахад буруудахгүй биз. Эцэст нь улс төрийн тохиролцоо хийгдсэн нөхцөлд багшийн цалин бол “баяртай” л шүү дээ, тэдэнд.

Ж.ЭРХЭС

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж