Хоёр машин зөрөх зайгүй нарийхан гудамж. Айлын хашааны булангийн догол зайд цэнхэр хаалга харагдав. Хаалганы дээр "Баянзүрх цогцолбор бага сургууль" гэсэн бичиг өлгөжээ. Энэ бол Нийслэлийн Баянзүрх дүүргийн 68-р сургуулийн харьяа бага сургууль. ШШГЕГ-ын харьяа эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангиас хэдхэн метрийн цаана, Баянзүрх дүүргийн 11-р хороонд байрлах тус сургуульд очихын тулд уулын өгсүүр замаар нэлээд хол алхсаны эцэст хүрлээ.
Эргэн тойрноо ажиглахад бага сургууль гээд хэлчихмээр барилга, байшин үзэгдсэнгүй. Хэдэн айлын хашаа л харагдана. Сургуулийг олох гэж нэлээд будиллаа. Биднийг очиход тус сургууль эзэнгүй хаалга нь хаалттай, багш нар нь ажил хаялтад нэгджээ. Хариугүй нурж унах дөхсөн нэг давхар цагаан өнгөтэй модон байшин. Тус сургуульд I-V ангийн, 75 хүүхэд суралцдаг юм байна. Гэр нь нийслэлээс зайдуу тул, хүүхдээ энд сургахаас өөр аргагүй байдгаа эцэг эхчүүд хэлж байв.
Хашааны хаалгыг хэсэг нүдсэн ч дотроос нь хүн гарч ирсэнгүй. Нэг л эл хуль, хөдөөгийн бүр багийн сургууль гэлтэй. Хашааны завсраар харж зогстол бор царайтай настайвтар эр хаалга онгойлголоо. Тэр сургуулийн манаач, галчаар 25 дахь жилдээ ажиллаж байгаа гэнэ. Хашаа руу ороход сургуульд биш айлд ирж байгаа юм шиг сонин мэдрэмж төрөх.
СУМЫН СУРГУУЛИАС ДЭЭР БАЙГАА БИЗ
Манаач ах цагтаа сургууль нь олон хүүхэдтэй, багш нарын дотуур байртай ч байсныг магтав. Муу ч гэлээ бас эрдмийн өргөө шүү гэж 25 жил ажилласан сургуулиа өмөөрөх манаач. Даанч цаг хугацааны эрхэнд сургууль нь мартагдсан дууль болох дөхжээ. “Манай сургуулийн багш нар ажил хаялтад нэгдээд эзгүй байна. Яахав, муухан ч гэлээ сумын сургуулиас дээр байгаа биз дээ. Ах нь энд 25 дах жилдээ манаач, галчаар ажиллаж байна. Намайг дөнгөж ажилд орж байхад манай сургууль олон хүүхэдтэй хажуу талдаа багш нарын дотуур байртай байсан юм. Одоо цаг үе өөрчлөгдөж багш нар манай сургуулийг төвөөс хол гээд тоохоо болилоо.Төв замаас хол, эгц уул руугаа байдаг болохоор тэр биз" хэмээн санаа алдан ярих манаач эр залуухан, сургууль нь шинэ байсан үеэ санагалзах мэт.
Сургууль галлагаатай. Монгол Улсын нийслэл Улаанбаатарт зуухаар галладаг сургууль байна гэж бод доо, яг л кино үзэж байгаа юм шиг, бодит амьдрал. Бас болоогүй, хоёр ээлжээр хичээллэдэг гэх.
"Миний хувьд сургуулиа өөлөөд байх юм байхгүй. Өвөлдөө хүүхдүүдээ дааруулахгүй гээд сайн галладаг. Энэ хавьд өөр сургууль байхгүй болохоор эцэг эхчүүд хүүхдээ өгөхөөс өөр аргагүйд хүрдэг байх. Өглөө, өдрийн ээлжээр хоёр ангид гурван бүлэг хичээллэдэг хүүхдээ тарахаар машинтай ирээд авчихдаг юм. Багш нарын хувьд сэтгэлээсээ сайн заадаг. Даанч наашаа ирэх гэж зүдэрдэг гэж надад зөндөө хэлж байсан. Гэлээ гэхдээ энэ хэдэн хүүхдүүдээ эрдэм номтой болгочих юмсан гэж уйгагүй ажилладаг хүмүүс энд бий шүү дээ. Яах вэ гаднаас нь харахад хуучирч муудсан юм шиг байвч цагтаа эрдмийн их өргөө явсан юм шүү. Манай сургууль 1990 онд албан ёсоор бага сургууль болсон. Одоогоор 1-3 ангийн 75 сурагч, гурван багштай үйл ажиллагаа явуулж байна. Надаас гадна таван хүн энд ажилладаг” хэмээн манаач бидэнд хууч хөөрлөө.
Хэзээ мөдгүй нурах дөхсөн ч эрдмийн өргөө болсон сургуулийн дотоод орчинтой танилцлаа. Хашаанд ороход төрж байсан нэг сонин мэдрэмж огт арилсангүй. Сандал ширээ, хичээлийн хэрэглэл, анги танхим нь ядмагхан тохижилттой. Сургууль л юм болохоор самбар болоод сурагчдын хийсэн бүтээл ханан дээр өлгөөтэй. Намрын сэрүү орсон, дээр нь эзэд нь эзгүй болоод ч тэр үү байшин нэг л хүйт даажээ. Тааз нь борооны ус дуссаны улмаас шарлаж, шал хэзээ цөмрөх бол гэмээр хэврэгхэн. Хүүхэд гүйлдэх байтугай алхах төдийд цөмрөөд уначихмаар.
ДОЛООН ЖИЛ ЦАРЦСАН СУРГУУЛИЙГ ХҮЛЭЭЖ БАЙНА
Ц.Цэрэнсугарын хүүхэд энэ сургуульд сурдаг гэнэ. Тус сургууль 1-3 ангийн гуравхан бүлэгтэй. Нэг ангид хорь гаруй хүүхэд суралцаж, өглөө өдөр гэсэн хоёр ээлжээр хичээллэдэг аж. Тэрбээр “Ийм сургууль гэж юу байхав дээ. Манай энэ хавьд байгаа ганцхан сургууль энэ. Одоогоор бага хүү минь энэ сургуулийн гуравдугаар ангид суралцдаг. Хүүгээ өөр сургуульд өгье гэж боддог ч заавал хотын төв рүү явах хэрэг гарна. Хонхор хавиар том машин ихтэй осол их гардаг болохоор тэр бүр хүргээд өгөөд байж чадахгүй шүү дээ. Товчооны автобусны буудлын цаахна талд шинээр 126-р сургууль баригдаж байгаа. Гэтэл тус сургуулийн барилгын ажил долоон жил царцаж, хүүхдүүдийн сурч боловсрох эрх зөрчигдөж байна. Жил бүр ашиглалтад орно гэдэг ч ашиглалтад орсон юм байхгүй” хэмээн бухимдангуй ярилаа.
Тус сургуульд явдаг нэгэн хүүгийн ээж бидэнтэй мөн уулзав. Бага хүү нь тус сургуульд суралцдаг аж. "Хүүхдээ сургуульд биш айлд өгч байгаа юм шиг санагддаг. Жил бүр багш нар нь солигддог юм. Гэрт ойрхон, амьдралын шаардлагаар л энэ сургуульд хүүхдээ сургаж байна. Уг нь 68-р сургуульд явуулъя гэж их боддог. Даанч нялх нойтон хүүхэдтэй учраас хотын төв рүү хүргэж өгөхөд бэрхшээлтэй байдаг. Мэдээж ийм байшинд сурч байгаа юм чинь ямар олигтой байх вэ дээ. Манай хүүхдийн анги гэхэд 18 хүүхэдтэй. Доод талд шинэ сургууль баригдаад удаж байна. Тийшээ орно гэсээр байтал зургаа, долоон жил болжээ. Жил болгон шинэ сургуультай болно гэж ярьдаг ч болоогүй л байна" гэв.
М.Мөнх-Эрдэнэ хүү тус бага сургуулийг төгсжээ. Одоо 68-р сургуулийн 7-р ангид сурдаг. “Би энэ ангид тавдугаар анги хүртлээ суралцсан. Намайг сурч байхад таван багштай байсан. Тэгээд нэг багш нь бүх хичээлээ заана. Биеийн тамирын багш хичээл заах нь тун цөөн. Тухайн үед манай ангид хорин хүүхэд сурдаг байсан. Одоо манай дүү гуравдугаар ангид нь явдаг” гэв.
Баянзүрх дүүргийн 11, 12, 13, 16-р хорооны нутаг дэвсгэрээс УИХ-ын гишүүн Ж.Батзандан сонгогджээ. Гишүүн сургуулийн удирдлагуудтай уулзах болгондоо асуудлыг нь шийдэж өгнө гэдэг, асуудал нь яг хэвээрээ байсаар байгааг эцэг эхчүүд түүний сонорт хүргэхийг хүсэв. Энэ жил сургуулийн нээлтэнд төр засгийн томчууд байтугай, дүүргийн төлөөлөгч үзэгдээгүй гэнэ. Баянзүрх дүүргийн 126 дугаар сургуулийн захирал Э.Галхүүгийн зүгээс Ж.Батзандан гишүүнээс барилгын хөрөнгө оруулалт царцсан байдалтай, долоо дахь жилдээ үргэлжилж байгаа энэ асуудлыг яаралтай хөөцөлдөж өгөхийг хүсчээ. Хэрэв дээрх сургууль ашиглалтад орвол нурж унах дөхсөн сургуульд сурч байгаа хүүхдүүд шинэ сургуульд суралцах боломжтой болох гэнэ.
Ийнхүү хотын хаяанд улсдаа, дүүрэгтээ, яамдаа хаягдсан хэдэн хүүхдүүд, хэзээ мөдгүй нурахад бэлэн гээгдсэн сургуульдаа ном үзэж байна. Тэднийг мэддэг, хардаг, боддог төр байвал сургуулийг нь барьж өгч туслаач. Энэ бол эцэг эхчүүд болоод хүүхдүүдийнх нь зүгээс эрх баригчдад дайж байгаа үг юм шүү.
Э.АРИУН
Холбоотой мэдээ