“Том”, “дунд” ба бусад банк

Хуучирсан мэдээ: 2018.09.12-нд нийтлэгдсэн

“Том”, “дунд” ба бусад банк

“Том”, “дунд” ба бусад банк

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн энэ оны хоёрдугаар улирлын “Банкуудын өрсөлдөөний тойм” нийтлэгджээ. Уг тайланг 2018 оны наймдугаар  сарын 27-нд тус байгууллагын албан ёсны сайтад байршуулдаг.

Банкуудын өрсөлдөөний тоймд арилжааны нэг банкнаас бусад 13 банкны улирлын санхүүгийн хураангуй тайланд үндэслэж ашиг орлого, активын “эрүүл мэнд” зэргийг харьцуулсан байна. Нэг банкны мэдээллийг “татсан” учраас Монголбанкны нэгдсэн мэдээллээс өөр. Арилжааны банкуудын талаарх мэдээлэл тухайн байгууллагын нэр хүнд болон харилцагч хоорондын итгэлцэл дээр тогтдог онцлогтой учраас товчоос товч мэдээлэл өгөх нь зүйтэй болов уу. Өрсөлдөөний тоймыг гаргахдаа актив, зээл болон харилцах, хадгаламж, ашиг гэсэн үзүүлэлтээр мөн нэгэнт нэр дурдахгүй учир активын хэмжээгээр нь “Том-3 банк” / гурван их наяд төгрөгөөс дээш активтай/, “Дунд-3 банк /1-3 их наяд төгрөгийн активтай/ болон бусад банкууд /нэг их наяд төгрөгөөс бага активтай/ гэж ангилжээ.

Тайланд хамрагдсан 13 банкны нийт актив нь энэ оны хоёрдугаар улирлын байдлаар 29.5 их наяд төгрөг байна. Том-3 банк нийт активын 70 хувь, Дунд-3 банк 23.5 хувь, жижиг банкууд 6.5 хувийг эзэлсэн буйг дурджээ. Үүнийг нэг жилийн өмнөх мөн үетэй харьцуулахад Том-3 банкны актив 16 хувь, Дунд-3 банкны актив 18 хувь, жижиг банкуудын актив 38 хувиар тус бүр өсчээ.

2018 оны хоёрдугаар улирлын байдлаар тайланд орсон 13 арилжааны банкуудын санхүүгийн тайлангийн нийлбэр дүнгээр банкууд нийт 112.1 тэрбум төгрөгийн ашигтай (татварын дараах дүн) ажиллажээ. Тайланд орсон 13 банкны хувьд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21.6 тэрбум төгрөгөөр бага ашигтай ажилласан байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад Том-3 банк 35 хувиар буюу 39 тэрбумаар нэмэгдүүлж 150 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Харин Дунд-3 банкны ашиг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 27 тэрбум төгрөгөөр буурч хоёр тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ.

Жижиг банкуудын хувьд /долоон банк/  2.1 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан өмнөх оны мөн үетэй харьцуулахад алдагдал нь 33 тэрбум төгрөгөөр ихэсч 35 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Тэгэхээр “бусад” гэдэг ангиллаас “дунд” ангилал руу, “дунд” ангиллаас “том” гэх ангилал руу өгсөх хөдөлгөөн нь санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах, эрсдэлээс сэргийлэх зэрэг Төв банкнаас хэрэгжүүлж байгаа бодлогын үр дүн байх учиртай.

Саяхан болж өнгөрсөн “Coal Mongolia”, “Discover Mongolia” олон улсын чуулга уулзалтууд уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдад Монголын төр хаалгаа цэлийтэл нээж байгааг харуулсан. Эндээс валютын их урсгал орж ирэхийг зөв тооцоолж санхүүгийн системээ тогтвортой, эрүүлээр авч үлдэх нь чухал. Үүнийг угтаж хийх ажлууд нь Монголбанкны Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр батлагдсан “Зээлийн хүүг бууруулах төлөвлөгөө”, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог боловсронгуй болгох, түгшүүр зарлаад байгаа “саарал жагсаалт”-аас гарах зэрэг одоо үргэлжилж байгаа арга хэмжээнүүд билээ. Мөн УИХ-д өргөн барихаар зэхэж буй нөхцөл байдал, цаг хугацааны хувьд яарахаас аргагүйд хүргэсэн Активын удирдлагын тухай хууль, Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах тухай хуулийн төсөл зэрэг банк, санхүүгийн салбарт реформын шинжтэй ажлууд эдийн засгийн сэргэлтийн өмнө тогтвортой, эрүүл байх чанарын үзүүлэлтэд томоохон үүрэг гүйцэтгэх биз ээ.

Монголбанкны ерөнхийлөгчийн 2017 оны аравдугаар сарын 30-ны өдрийн А-276 тоот тушаалаар банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс 100 тэрбум төгрөг болгож тогтоохоор шийдвэрлэсэн. Активын чанарын үнэлгээнд хийсэн шалгалтын дүнгээр ойролцоогоор ДНБ-ий хоёр орчим хувьтай тэнцэх өөрийн хөрөнгийн дутагдалтай, өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт 13.7 хувьтай, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар 45 хувьтай” гарсан бөгөөд ирэх гуравдугаар сард багтаан банкууд бизнес төлөвлөгөө болон өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө Монголбанкинд ирүүлэхээр үүргийг арилжааны банкууд хүлээж буй. Ердөө зургаан сарын хугацаа үлдлээ.

Албан ёсны эх сурвалжууд үүрэг амжилттай биелэгдэж байгаа гэсэн тайлбарыг өгч буй ч ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжиж дуустал банкны салбар эрүүл үйл ажиллагаа явуулах ёстой гэсэн шаардлагыг банк санхүүгийн салбарын өмнө тавигдаж байна. Хэрэв Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн энэ оны хоёрдугаар улирлын “Банкуудын өрсөлдөөний тоймд дурдсанчлан “Том” банкууд л ашигтай, бусад нь алдагдалтай байвал тэнцвэртэй, тогтвортой өрсөлдөх боломж хангалтгүй. Тиймээс зөв аргаар ирэх оны гуравдугаар сар хүртэл, цаашилбал 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ийг хүртэл хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 100 тэрбум төгрөг болтол арилжааны банкууд “өрсөлдөх завгүй” шахам үүргээ биелүүлж байж ангиллаа ахиулж нэг талбарт оршин тогтнох боломжоо бүрдүүлэх юм.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж